Олимпийн чуулган тов ёсоор 19-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Олимпийн чуулган тов ёсоор 19-нд болно

Монголын Үндэсний олимпийн хорооны чуулган тов ёсоор энэ сарын 19-нд болно. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд энэ талаар мэдээлэлгүй, албан ёсны мэдээлэл хүлээн аваагүй тул Олимпийн чуулганыг хойшлуулах талаар ССАЖЯ-наас мэдээлэл хийж байсан юм. Гэвч Олимпийн чуулганыг товлосон ёсоор ирэх долоо хоногийн лхагва гаригт хийх тухай МҮОХ-ноос мэдээлэв.

МҮОХ-ны дүрмийн дагуу Монголд олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь Олимпийн чуулганы товыг хурал эхлэхээс гурван сарын өмнө зарлах ёстой. Ингээд өнгөрсөн есдүгээр сарын 14-нд болсон гишүүдийн хурлаас Олимпийн чуулганыг товложээ.

Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон хянан шалгах зөвлөлийг сонгоно. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн тэргүүн Д.Загдсүрэнгээс гадна МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар өрсөлдөхөөр болжээ.

Чуулганд МҮОХ-ны гишүүд, спортын холбоо бүрээс тус бүр нэг төлөөлөгч оролцоно. Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн гэдэгт спортын холбоодын төлөөлөл тус бүр нэг хүн, ОУОХ-ны гишүүн, хүндэт гишүүн, сүүлийн гурван удаагийн олимпийн наадамд оролцсон тамирчдын төлөөлөгч хоёр хүн, олимпийн наадмын медальт тамирчдын төлөөлөгч хоёр хүн тус тус багтдаг ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж