Ардчиллын баярын ард хоцорсон бодол

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Ардчиллын баярын ард хоцорсон бодол

Хоёр хоногийн өмнө танил руугаа утасдаж баярын мэнд хүргэв. Өөдөөс юун баяр билээ гэж байна. Ардчиллын гэвэл аан, нээрээ тийм баяр байдаг бил үү, надад юуны хамаа байх вэ, би ямар Ардчилсан намын гишүүн биш гэж байна. Тэгснээ намайг ардчиллынх гэж шууд “хуваарилж”, тийм болоод л баярлаж талархаад байгаа юм байна хэмээн “оношлов”. Уг нь нийгэмд бас чиг гэж гайгүй байр суурь эзэлж, залуу үеийнхнийг багшилж сургаж яваа танил минь өөрийгөө ийн Ардчиллын баярын гадна байх ёстой хүн хэмээн тодорхойлов. Амьхандаа үзэл бодлоороо талцаж байгаа царай нь энэ байх. Энэ бол нэг хүний бус, нийгмийн нэлээдгүй хэсгийн ойлголтын илэрхийлэл гэж анзаарагдаж байна.

Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны түүхт өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэсээр 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Ардчиллын баярыг энэ удаа ард түмнээрээ сайхан тэмдэглэхийг уриалж хөтөлбөр төлөвлөгөөгөө хүртэл танилцуулсан. Гэвч баяр гэдэг утгаараа бол алагтай цоогтой л болох шиг боллоо. Нийгмийн нэг хэсгийнхний дунд жинхэнэ баярын амт шимтийг мэдрүүлсэн бол нөгөө хэсэгт нь ертөнцийн жирийн л нэг бор өдөр болдгоороо болоод өнгөрөв бололтой. Ард түмнийхээ нэг хэсгийг “ардчилагчид” хэмээн тодотгож, орон байраар шагнасан бол анхнаас нь сэтгэл зүрхээрээ дэмжиж өдий хүрсэн олон мянган иргэний хувьд энэ тодотголын гадна үлдэв. Маргах аргагүй нэг үнэн бол ардчилал массын хүсэл зоригийн илэрхийлэл байсан учраас л ялсан билээ. Харамсалтай нь ардчилал хэний өмч вэ гэсэн асуултад одоо хэр олон хүн хариултаа олж чадаагүй яваа юм байна.

Ардчиллын баяр бол ард түмний баяр. Ардчилал монголчуудын сонгож авсан өмч нь. Ард түмний олонхийн дэмжлэг, сэтгэхүйн их сэхээрэл, түрэлтээр алган дээр буусан алмааз эрдэнэ маань энэ ардчилал гэж ойлгогддог. Ардчиллын баярыг ард түмнийх хэмээн тодотгох нэг шалтгаан нь энэ. Гэсэн ч нийтийн шинжтэй баяр хүртэл аль нэг намын өмч мэт төсөөлөл иргэдийн дунд манан мэт хөвөрсөөр байдгийн нэг жишээ гэвэл танилын маань дээрх таагүй хариулт болон мэдрэгдэж байна.

Ерөөс Ардчиллын баяр АН-ынх, Тусгаар тогтнолын өдөр МАН-ынх мэт төсөөлөл бий. Хэн ч тэгж хэлээгүй, хэн ч ингэж хуульчлаагүй мөртлөө ингэж ойлгодог нь олон. Энэ гэнэн гэмээр төсөөллийн гаргалгаа нь ард түмэнтэй огтхон ч хамааралгүй. Ийм ойлголтыг улстөрчид өөрсдөө, бие биеэсээ давж гарах гэсэн намуудын мөчөөрхөл нийгмийн ой санамжид суулгаж өгөөд байгаа юм.

Ном журмаараа бол дээрх хоёр баярын аль аль нь намын бус, харин Монгол Улсын бүх нийтээрээ тэмдэглэвэл зохих баяр. Гэтэл Тусгаар тогтнолын өдрийг бүх нийтээрээ амрах баярын өдрүүдийн тооноос саяхан хасчихсан. Байчихаад баяр ёслолд хүртэл улстөржиж хандаж байгаа энэ. Энэ хоёр өдрөөр гардуулдаг шагнал, үзүүлдэг кино нь хүртэл нам намын өмчлөлтэй гээд бод доо. Тухайлбал, Ардчиллын баярын өдрөөр АН “Чингисийн одон”, Тусгаар тогтнолын өдрөөр МАН “Тусгаар тогтнолын одон” гардуулдаг. Энэ жилийн Ардчиллын баяраар “Бурхан өршөөг” киног үзүүлж байгаа бол МАН-ынхан иймэрхүү баярын үеэрээ “Долоон бурхан харвадаггүй” киног сонгох жишээний. Энэ мэт хариу барьсан өрсөлдөөн хэзээ эцэс болж, Монгол Улс гэсэн ганцхан нийтлэг эрх ашгийн төлөө намуудын бяр ухаан зангидагдах юм бол. Эе эвээ хичээх цаг ирэхийг үр хойч үе маань эрхбиш үзэх байх гэж найдмаар.

Ерөөс намуудын талцал гэдэг юм хэрээс хэтэрчээ. Ард түмэн ил биш юмаа гэхэд дотоод сэтгэлдээ талцчихсан, танил найзууд хүртэл аяга пивоны ард бие биеэ улаан цэнхрээр нь дуудаад сууж байна. Большевик хувьсгалын үед л нэг ард түмэн өөрсдийгөө улаан цагаанд хувааж, өөд өөдөөсөө буу шагайж явсан түүх байх юм билээ.

Монголыг маань талаар нэг тараах, эхнэр нөхөр хоёр, эцэг хүү хоёрын дунд хэрүүлийн алим болон бөмбөрч буй аймшиг гэвэл энэ талцал, намуудын тараасан халдвар. Бүр урлаг, спортынхон хүртэл нам намаараа талцчихсан явж байна. Намууд аймаг, сум, баг хороо, албан газар, гэр байшинг ч орхилгүй манайх танайхаар нь хуваачихсан сууж байна. Авгай нөхөр хоёрыг хүртэл МАН, АН гээд тодотгож байна. Арай цээж бөгс хоёрыг салгаж өмчилсөнгүй.

Намууд ард түмнээ үзэл суртлаар талцуулан сэтгэхүйн “дайн” өдөөчихсөн нь Монголын нэг эмгэнэл болж байна. Энэ бол бидний бас нэг аймшиг. Тангарагаа тонгорог болгочихвол мянган сайхан ардчилал байгаад ч яах юм. Эвдрэлийн үүдийг нээсэн энэ мэт талцлыг намуудын эвлэрэл л эргүүлэн татаж чадна. Ардчиллын баярын ард хоцорсон бодол маань энэ.

П.БУЛГАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж