Нийслэлийг ийм хүмүүс удирдана

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Нийслэлийг ийм хүмүүс удирдана

Орон
нутгийн сонгуулийн дүнд нийслэлийн есөн дүүргийн тавд нь Ардчилсан нам,
дөрөвт нь МАН-аас нэр дэвшигчид олонхи болсноор засаглах эрх үндсэндээ
ойролцоо буугаад байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Хан-Уул,
Чингэлтэй, Налайх дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулсан бол Чингэлтэй,
Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид
олонхи болсон юм. Гэвч Налайх дүүрэгт маргаан гарснаар хоёр Засаг
даргатай болчихоод байна.

Налайх

Сонгуулийн
ерөнхий хорооноос Налайх дүүрэгт Ардчилсан нам нэг суудлын илүүгээр
олонхи боллоо гэдгийг зарласан ч МАН –ын зүгээс “МАН, Ардчилсан намын
авсан суудлын тоо тэнцэж мандатын тоо 11х11-ээр гарсан” гэж мэдэгдсэн
билээ. Эцэстээ энэ нь МАН, МАХН-ын нэр дэвшигчид нэгдэн нийлснээр бүр
бужигнаан үүсгэж, хоёр Засаг дарга тодорчихоод байна. Уг нь  Налайх
дүүрэгт мандатын тоо 25, үүнээс 12-ыг нь Ардчилсан нам, 11-ыг нь МАН,
үлдсэн хоёр мандатыг МАХН-аас нэр дэвшигчид авсан гэсэн албан ёсны дүнг
Сонгуулийн ерөнхий хороо гаргасан юм. Тиймээс тус дүүргийн Ардчилсан
намынхан мандатын тоогоо баримтлан Х.Болдбаатарыг Засаг даргад нэр
дэвшүүлсэн. Харин МАН, МАХН-ынхан элбэлцэн н.Минжин гэх эрхмийг Засаг
даргад сөргүүлэн нэр дэвшүүлсэн нь маргаан үүсгээд байна. Хуулиа дагавал
Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Х.Болдбаатарыг Засаг даргаар батламжлах
нь зөв гэж үзэгсэд олон байна.

Багануур

Багануур
дүүрэг нийт 25 мандаттайгаас 13 нь МАН-аас нэр дэвшигчид, 12-ыг нь
Ардчилсан намаас нэр дэвшигч авсан юм. Эл дүүрэгт олонхи болсон
МАН-ынхан Засаг даргадаа Ц.Сандаг-Очирыг нэр дэвшүүлээд байна. Өнгөрсөн
дөрвөн жилд тэрбээр уг дүүргийн Засаг даргаар ажилласан юм.

Багахангай

МАН-ынхан
нийслэлийн дөрвөн дүүрэгт олонхи болсны нэг нь Багахангай. Нийт 17
мандаттайгаас 12-ыг нь МАН, тавыг нь Ардчилсан нам авсан байна. Олонхи
болсон МАН-ынхан дүүргийн Засаг даргадаа С.Эрдэнэбаяр гэх нөхрийг нэр
дэвшүүлжээ. Багахангай дүүргийн МАН-ын хорооны дарга тэрбээр орон
нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалтыг авсан нь Засаг дарга гэх албан
тушаалд суух “шаанс” үүсгэжээ.

Баянгол

Эл дүүрэгт
Ардчилсан намынхан үнэмлэхүй ялалт байгуулснаар Баянгол дүүргийн
Ардчилсан намын дэд дарга Д.Оросоо Засаг даргад нэр дэвшив. Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Д.Оросоог
уржигдар Баянгол дүүргийн Засаг даргаар батламжилжээ. Баянгол дүүрэг нь
41 мандаттайгаас 30-ыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авч, ердөө есөн
мандат МАН-ынханд ногджээ. Харин үлдсэн хоёр мандатыг МАХН-аас нэр
дэвшигч авсан байна.

Баянзүрх

Эх сурвалжаас авсан
мэдээллээр Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнөөдөр хотын дарга
батламжлах аж. Дээрх дүүрэгт Ардчилсан намынхан үнэмлэхүй ялалт
байгуулж, 41 мандатын 32-ыг нь авсан бол долоон мандат МАН-д, хоёр
мандат МАХН-д ногджээ. Дүүргийн Засаг даргад тус дүүргийн Ардчилсан
намын дарга Б.Пүрэвдавааг нэр дэвшүүлээд байгаа билээ.

Чингэлтэй

Тус
дүүрэг дэх МАН-ынхан энэ удаагийн орон нутгийн сонгуулиар өмнөх ялалтаа
баталгаажуулж чадсан ч Засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгож
чадахгүйгээс болж хоёр тийшээ харж суучихаад нэлээд хэд хонож байна. Нэг
хэсэг нь Т.Аюурсайханыг дүүргийн Засаг даргаар улираан томилуулах
хүсэлтэй байгаа бол Д.Ганболдыг зүтгүүлэх хэсэг бас байна. Дайны
хажуугаар дажин гэгчээр УИХ-ын гишүүн асан, өмнө бас энэ дүүрэгт Засаг
дарга байсан Д.Очирбатын нэр ч “цохиж” л явах. Энэ янзаар Чингэлтэй
дүүрэгт Засаг дарга тодрох гэж нэлээд дунших янзтай. Сонгуулийн дүнд 35
мандатын 22-ыг нь МАН, 11-ийг Ардчилсан нам, үлдсэн хоёр мандатыг МАХН
авчээ.

Сүхбаатар

Энэ дүүрэгт Ардчилсан намынхан
ялалт байгуулаад байна. Нийт 35 мандаттай тус тойрогт Ардчилсан намаас
нэр дэвшигчид 19-ыг, МАН 15, МАХН-ын нэр дэвшигч нэг мандатын эзэн
болжээ. Дүүргийн Засаг даргад Д.Бадарсанг зүтгүүлнэ гэх мэдээлэл
цацагдаж байсныг баталж, өчигдөр хотын дарга Э.Бат-Үүл түүнийг Сүхбаатар
дүүргийн Засаг даргаар батламжлаад байна.

Сонгинохайрхан

Сонгинохайрхан
дүүргийн Засаг даргад Р.Дагвыг нэр дэвшүүлээд байна. Өнгөрсөн дөрвөн
жилийн хугацаанд дүүргийнхээ Засаг даргын орлогчийн алба хашсан түүнийг
намын удирдлагаас өгсөн зааврын дагуу эл албанд дэвшүүлсэн гэх мэдээлэл
бий. Энэ ч бас ортой байх талтай, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн сард
хуралдаад нийслэлийн хэмжээн дэх дүүргийн Засаг дарга нарт хариуцлага
тооцох асуудлыг хөндсөний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Л.Болд байв. Тиймээс орлогч Р.Дагвыг Засаг даргад нэр дэвшүүлээд буй.
Сонгуулийн дүнд 41 мандатын 22-ыг МАН-аас нэр дэвшигчид авсан бол 17-г
Ардчилсан нам, хоёр мандатыг МАХН-ын нэр дэвшигч тус бүр авчээ. Гэхдээ
тус дүүргийн Ардчилсан намын зүгээс МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн
үеэр хууль зөрчсөн гэж үзэн, хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа
билээ.

Хан-Уул

2008 оны орон нутгийн сонгуульд
Ардчилсан нам ганц дүүрэгт ялалт байгуулсан нь Хан-Уул байсан юм. Энэ
удаагийн сонгуульд ч тус дүүргийн Ардчилсан намынхан амжилттай оролцож
ялалтаа баталгаажуулаад байна. Нийт 35 мандатын 29-ийг нь Ардчилсан
намаас нэр дэвшигчид авсан бол дөрвөн мандатыг МАН, хоёр мандатыг
МАХН-аас нэр дэвшигчид ногджээ. Харин дүүргийн Засаг даргад
В.Мөнхжаргалыг нэр дэвшүүлсэн байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж