Х.Цагаанбаатар шилдгүүдийн тулаанд мордлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар шилдгүүдийн тулаанд мордлоо

Жүдо бөхийн 66 кг-ын жинд босоо байгаа дэлхийн шилдэг найман бөхийн халз барилдаанд зодоглохоор дэлхийн аварга Х.Цагаанбаатар өнөөдөр хойд хөршийг зорилоо. ОХУ-ын жүдо бөхийн холбооноос санаачлан IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран дээрх тэмцээнийг энэ сарын 15-нд буюу ирэх бямба гаригт зохион байгуулах юм. Тус улсын Тюмень хотноо болох тэмцээнд өдгөө 66 кг-д ноёлж буй шилдэг найман бөх урилгаар зодоглоно. Уг нь тус тэмцээнд шилдэг 16-г оролцуулахаар төлөвлөж байсан ч зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг найм болгон цөөрүүлжээ. Жүдочдыг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд IJF-ийн чансаа өндөр тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг голчлон дүгнэжээ. Ингээд Х.Цагаанбаатарын хамт Муса Могушков /ОХУ/, Лондонгийн олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили, Рок Дракшич /Словени/, Тарлан Каримов /Азербайжан/, Миклош Унгвари /Унгар/ нарын жүдочид Москвагийн татамид өрсөлдөхөөр болсон байна. Тэмцээний шагналын сан 60 мянган евро бөгөөд түрүүлсэн бөх 30 мянган евро хүртэх ажээ.

Х.Цагаанбаатарын хувьд энэ сард болсон хоёр тэмцээнээс хүрэл медаль зүүсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд болсон Токиогийн “Их дуулга”-д 73 кг-д зодоглож, хүрэл медаль хүртсэн бол өнгөрөгч долоо хоногт Чежүд болсон “Дэлхийн цом”-оос 81 кг-ын жинд мөн хүрэл медалийн эзэн болсон билээ.

Тэрбээр өнөөдөр ОХУ-ыг зорьсон бөгөөд ОУХМ Д.Төмөрхүлэг түүний бэлтгэл хангагчаар хамт явжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж