Лигийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Арсенал” багтай таарч тоглосон хоёрдугаар лигийн даруухан баг “Бредфорд Сити” 11 метрийн торгуулийн цохилтоор 3:2-ийн харьцаатай ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарлаа. Энэ нь тус багийн 109 жилийн түүхэнд анх удаа лигийн цомын шөвгийн дөрөвт шалгарсан тохиолдол болсон юм. Арсен Венгерийг 1996 онд ирснээс хойш хамгийн тааруу эхлэлийг үзүүлээд байгаа “Их буучид” ийнхүү торгуулийн цохилтоор хожигдлоо. Тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаагаар өндөрлөж нэмэлт цагт ялагчийг тодруулахаар болсон юм. Харин нэмэлт цагт аль аль баг нь гоол оруулаагүй бөгөөд торгуулийн цохилт бүхнийг шийдэх ёстой болов.
Тоглолтын эхний гоолыг “Бредфорд Сити” багийн Томпсон 16 дахь минутад оруулсан бол тэнцээний гоолыг тоглолт дуусч байх мөчид буюу 88 дахь минутад Арсеналын Томас Вермален оруулж “Их буучид”-ыг аварсан юм. Харин пеналтаар ялагчийг тодруулах болоход торгуулийн цохилтыг сайн гүйцэтгэдэг гэх Казорла, Шамах нар алдаж “Их буучид”-ыг үндсэндээ ялагдалд хөтөлсөн гэхэд болно.
Хагас шигшээ тоглолтод ялалт байгуулсан “Бредфорд Сити” баг өмнөх шатанд “Уиган Атлетик” багтай 0:0-ийн харьцаагаар тэнцэж, нэмэлт цагт гоол оруулалгүй торгуулийн цохилтоор ялалт байгуулан гарч ирээд байсан юм.
Б.СҮХ