Хайрын захидал авахсан

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хайрын захидал авахсан

“Би чамд хайртай, хоёулаа үерхэе” гэх хэдхэн үгтэй атлаа алгын чинээ шидэт цаасыг ангийн хөвгүүнээс аваад хэдий  ичингүйрсэн ч хурдхан задлаж уншихаар гэрийн зүг яаран алхаж байсан үе эмэгтэй хүн бүрт хэзээ ч мартагдамгүй гэгээхэн дурсамжийг үлдээдэг. Энэ бол анхны хайрын захидал. Хамгийн түрүүнд хайрын захиа авсан, хамгийн их захиа авсан нь гээд л охидын дунд багагүй өрсөлдөөн болдогсон. Анги дэвших бүрт шидэт захиа улам баяжиж, хайранд умбуулах тэр үгс охидыг улам л гэрэлтүүлдэг байлаа.

Гэтэл одоогийн залуус хайрын захидлыг өвөө, эмээ нарын үед хэрэглэгдэж байсан  социализмийн үеийн заншил төдийхнөөр төсөөлдөг болж. Арга ч үгүй биз. Тэдэнд гар утас, мессенжер, фэйсбүүк, твиттер зэрэг “ухаалаг” туслагчид байхад уран үгс холбон, толгойгоо гашилгаж захидал бичихийг хэн ч хүсэх билээ. Гар утасны мессежний үсгэнд багтаах гэж аль болох цөөхөн үсэгтэй, гадаад үг сонгон сэтгэлийн үгээ илчилдэг болж. Уг нь найман мөртэй ч, найман хуудас ч хамаагүй сэтгэлээ уудалж бичсэн тэр л захидал хайртад тань гэнэтийн бэлэг болох нь тодорхой.  

Захиа заавал анхны хайрынх байх албагүй. Анх болзож байсан үеэ дурсаад хайртай  ханьдаа нүд рүү нь хараад хэлж чаддаггүй тэр л бүх нандин үгсээ бичсэн захидлаа халаасанд нь сэм үлдээгээрэй. Тэр лав баярлана.
Хэнээс ч хамаагүй хайрын захидал авахсан.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж