УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Түүнийг улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал болон намын дарга Н.Энхбаяртай холбоотой зарим асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.
-Танай намын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ. Та хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Даргын биеийн байдал эмч нарын хэлсэн шиг тааруу байгаа. Ялангуяа сэтгэл санааны хувьд. Ер нь сэтгэлийн өвчин хамгийн хүнд байдаг гэдгийг би өөрөө биеэрээ туулсан хүн. Олон хоног хуурай өлсгөлөн зарласан болохоор биед нь маш их өөрчлөлт орсон. Эмч нарын хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл дээр юу гэж хэлсэн тийм л байгаа. Би даргатай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Яаж ч өөдтэй байх вэ дээ. Маш их ядарсан, дархлаа нь суларсан, суурь өвчнүүд нь сэдэрсэн байдалтай байгаа. Намайг тав хоног өлсөхөд эмч хор уршиг нь дараа нь гарна гэж байсан. Тэр үнэн юм билээ. Би тухайн үед хоёр хоноод л эмнэлгээс гарсан. Түүний уршгаар одоо бие маань маш ядруу байгаа. Үс унахаас эхлээд мэдрэгдэж байна. Үүний зэрэгцээ сэтгэлийн дарамттай ажиллаж байгаа болохоор бие сайн тэнхэрч өгөхгүй л байна.
-Саяхан Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байсан. Энэ шийдвэр нь хэвээрээ байгаа юу, больсон уу?
-Намын зүгээс даргыг өлсгөлөн зарлахын эсрэг байгаа. Тэр хүний биеийн байдал дээсэн дөрөөн дээр байхад дахин өлсгөлөн зарлах юм бол амь насанд нь аюул учирна. Бие нь дийлэхгүй шүү дээ. Намын гишүүд дэмжигчид, хань ижил үр хүүхэд, аав ээж нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Миний зүгээс ч уулзахдаа энэ санаагаа хэлсэн.
-МАХН даргаа цагаатгах ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа. Үүнийг нийгэм хууль хяналтын байгууллагад хууль бусаар нөлөөлж байна гэж хүлээж авч байна?
-Бидний зүгээс хууль хяналтын байгууллагад нөлөөлөх гэсэн зүйлгүй. Энэ хэрэг угаасаа зохиомол, жинхэнэ хэлмэгдүүлэлт. Хохирогч, хохирол, нэхэмжлэгчгүй.
Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, зохиомол хэрэг шүү дээ. Ер нь хэрэг ч биш. Тухайн үеийн өмч хувьчлалын комисст ажиллаж байсан хүмүүсийг нь шалгана уу гэхээс өндөр албан тушаал хашиж байснаар нь даргыг гурав дахь хүн болгож оруулж ирэн шалгаж болохгүй. Аливаа юм баталгаа, нотолгоотой байх ёстой. Энэ хэргийг хуульчид гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд байгаа. Тиймээс миний хувьд үүнийг хэрэг биш учраас хэрэгсэхгүй болгох ёстой, Н.Энхбаяр дарга цагаатах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ хууль шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүн болгон шударга бус байгаа гэж би хэлэхгүй л дээ. Н.Энхбаяр даргын хэргийн хувьд ард нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа. Намайг ч гэсэн Мөнхбаатар гэдэг прокурорыг зодсон гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллах гэж олон сарын турш дайрч, улайрч байлаа. Гишүүн болсны дараа, наймдугаар сард энэ асуудал нэг тийш шийдэгдсэн шүү дээ. Эцэстээ хэрэг үнэн зөв, шударга шийдэгдсэнд баярладаг. Гэтэл өнөөдөр надад зодуулсан гээд байгаа Мөнхбаатар гэгч прокурор Н.Энхбаяр даргыг яллаж байгаа. Тэр хүнийг би манай даргыг хэлмэгдүүлж байгаа энэ хэргийн үнэн зөвийг олж чадах эсэхэд эргэлзэж байгаа.
-МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газарт ажиллаж байгаа сайдуудыг албан тушаалаасаа татгалзах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандах хүн олон байгаа. Яг одоо ямар шийдэлд хүрчихээд байгаа вэ. Засгаас гарах хэвээрээ юу?
-Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан намын гүйцэтгэх товчоо хуралддаг. Намын ерөнхий нарийн бичгийн дарга хурал зарлан 21 гишүүнтэйгээр хуралдаж орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцсэн. Тэгээд Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэх асуудал намын нэр авахаас эхэлсэн үе байна гэж үзсэн. Өнгөрснийг эргээд харахад манай нам маш их дарамт дунд явж байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн байдаг. УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр даргыг оролцуулаагүй нь ч өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн улс төрийн зорилгыг агуулж байгаа нь тодорхой. Нөгөөтэйгүүр манай намын суудал авахуйц хэмжээний хүмүүсийг сонгуульд оролцуулаагүй, зарим хүмүүсийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад нэрийг нь хассан зэрэг олон дарамт байсан. Сая орон нутгийн сонгуульд манай намын зарим нэр дэвшигчийн нэрсийг бүртгээгүй. Тэд дөрвөн жилд ганц олдох сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаагүйнхээ төлөө хөхөө өвлийн хүйтэнд гадаа жагслаа шүү дээ. Энэ бүхнээс шалтгаалан гүйцэтгэх товчооноос тэр шийдвэрийг гаргасан. Ер нь “Шударга ёс” эвсэл анх гэрээндээ нийгэмд хууль бус шийдвэр удаа дараа гарвал, хэлмэгдүүлэлт үргэлжилвэл бид хамтран ажиллаж чадахгүй гэж тохирсон. Тэр гэрээний дагуу гүйцэтгэх товчоо шийдвэрээ гаргаж Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа сайд нартаа албан тушаалаасаа татгалзах чиглэл өгсөн. Намын бодлогыг тодорхойлж байгаа олонхийн шийдвэрийг хэнбугай ч сөрөх ёсгүй. Бид ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амлалтаасаа ухрахгүй байх ёстой. Ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлээд зугтах хүмүүс бид биш. Гэхдээ өнөөдөр намын даргынхаа хэлмэгдүүлэлтийн асуудлыг зогсоож чадахгүй байгаа УИХ-ын гишүүн, сайдад ард түмэн итгэх үү. Үүнээс шалтгаалан намын ретинг унаж сая УИХ-ын сонгуулиар авсан саналаа баталгаажуулж чадаагүй шүү дээ. Тиймээс л бид энэ шийдвэрийг гаргасан. Гүйцэтгэх товчооны энэ шийдвэрээ бид эвслийн гишүүддээ тайлбарлаж ойлгуулсан. Энэ асуудлаар намын дэд дарга Д.Тэрбишдагва “Шударга ёс” эсвлийнхэнтэйгээ уулзаж зөвшилцөн ярилцсан байгаа. Удахгүй эвслийн удирдах зөвлөлөө хуралдуулахаар болсон. Миний зүгээс гүйцэтгэх товчооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр гэдгийг хэлмээр байна.
-Гүйцэтгэх товчооноос гаргасан энэ шийдвэрийг Н.Энхбаяр дарга тань хэрхэн хүлээж авсан бэ?
Намын дарга энэ шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа. Засгийн газраа тогтвортой байлга, ард түмнийхээ төлөө зүтгэ, ажилла, гаргасан шийдвэрээ эргэж хар гэсэн. Гэхдээ энэ саналыг нь бид хүндэтгэж үзэх хэдий ч үг дуугүй биелүүлэх аргагүй. Олонхийн шийдвэрээр гардаг намын дээд байгууллагын шийдвэрийг амархан өөрчилж болохгүй.
-МАХН-ын гүйцэтгэх товчоо энэ шийдвэрээ Засгийн газрын тэргүүнд албан ёсоор өгсөн болов уу?
-Ерөнхий сайдыг гадаадаас ирэхэд нь намын дэд дарга Д.Тэрбишдагва албан ёсоор танилцуулсан.
-Танай эвслээс 11 дэх гишүүний тангараг өргөх асуудал хэлэлцэхдэхгүй байсаар он дамнах нь. СЕХ-ноос нэрийг нь УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа ч асуудал шийдэгдэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Намын байр суурь ямар байгаа вэ?
-Би Ц.Оюунбаатар гэдэг хувь хүнийг дэмждэг. Тэр хүн бол анх энэ намыг байгуулалцаж явахад миний хамгийн түрүүн танилцаж байсан хүн. Зарчмын хувьд намын даргын асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Нөгөөтэйгүүр Ц.Оюунбаатар ахын 11 дэх суудлын асуудлыг булаагаад арын хүнийг нь оруулж ирэх гээд байгаа асуудал ч байхгүй. Даргын асуудал эцэслэн шийдэгдэх хүртэл ямар ч хүн энэ суудал дээр суухгүй. Бид ёс зүйтэй байх ёстой. Хэрэв Ц.Оюунбаатар ах яаран орж ирвэл намын даргынхаа хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрч, даргаасаа урваж байна л гэсэн үг. Нөгөө талаас намынхаа даргын хэлмэгдүүлэлтээс шалтгаалан одоо болтол харзнаад байгаад нь бид талархаж байгаа. Яаран орж ирэх нь тийм ч таатай биш. Дахин хэлхэд энэ бол намын даргын суудал болохоос 11 дэх суудлын тухай асуудал биш. Үүнийг Ц.Оюунбаатар ах ойлгож байгаа байх. Төдийгээс өдий хүртэл хүлээсэн юм чинь хүндэтгэлтэй хандах байх. Энэ бол МАХН-ын аль ч гишүүний хүндэтгэн үзэх ёстой асуудал. Манай намын эрхэм зүйл намын нэр, дарга, гишүүд дэмжигчид. Тиймээс үнэт зүйлээ хамгаалахын тулд бид эв нэгдэлтэй байх ёстой.
-Сайд нарыг суудлаасаа татгалзвал эвсэл задарна гэж ярьж байна?
-Мэдээж манай нам УИХ-д дангаараа ороогүй. “Шударга ёс” эвслийн байр суурин дээр орсон болохоор эвслийнхээ даргатай зөвшилцөж хандах ёстой. Гэхдээ өнөөдөр удирдах зөвлөл намын гүйцэтгэх товчоо хоёрын шийдвэрийг салгаж ойлгох хэрэгтэй. Ийм үед МАХН ч тэр, МҮАН ч тэр аль аль нь нэг нэгдээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бидний хувьд айж эмээгээд, хулчийгаад, шоудаад байгаа юм байхгүй. Биднийг анх “Шударга ёс” эвсэл болоход л задарна гэж байсан. Хэдийгээр намын үзэл баримтлалаас эхлээд үзэл бодлын хувьд хоёр өөр орчинд төрж өссөн залуу гэр бүл шиг байсан ч бид багагүй хугацааг хамт өнгөрөөлөө. Ер нь бид өөрсдөө л ойлголцохын төлөө байхгүй, хоёр тийшээ хараад байвал бидний дунд чулуу хаях хүн олон байгаа. Тиймээс бид аль болох эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй. Гэвч улс төрийн нөхцөл байдал бидний хэн хэнээс шалтгаалахгүйгээр үүсээд байна. Тиймээс МҮАН-ынхныгаа бидний оронд өөрсдийгөө тавиад үзээсэй, намын даргыг ард түмний нэг, иргэн гэж хараасай гэж хүсч байгаа юм.
-АН-ынхны зүгээс эвсэл задарвал жагсаалтаар орж ирсэн гишүүд эргүүлэн татагдана гэж хүчтэй ярилаа. Уг нь хуульдаа ийм заалт байхгүй биз дээ?
-Миний хувьд татагдана гэхээс айгаад байх юм алга. Гишүүн болчихоод намын даргынхаа төлөө, хууль бус зүйл, хэт их авлигажсан, монополжсон зүйлстэй тэмцэхгүй сууна гэдэг хувиа хичээсэн хэрэг. Тэртэй тэргүй бид дөрвөн жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж, эрхээ эдэлж л таараа. Үүнийг насны юм гэж бодоод, үхэн хатан зууралдах шаардлага надад байхгүй. Гэхдээ намайг сонгосон хүмүүсийнхээ өмнө би хариуцлага хүлээх ёстой. Үнэхээр задрахдаа тулвал хүн болгон янз янзын ааш, аяг гаргах л байх. Гэхдээ “Шударга ёс” эвслийг нурна, задарна, сална гэж хүлээх юм бол энэ дөрвөн жил хүрэлцэхгүй байх.
-Таныг саяхан өлсгөлөн зарлана гэсэн мэдэгдэл хийсэн гэж шуугисан. Үүнийг хүмүүс таатай хүлээж аваагүй?
-Миний зүгээс өлсөнө, цангана гэсэн зүйл огт яриагүй. Хэд хоног миний бие өвдөөд хэвттэл өлсгөлөн зарлах гэж байгаа гэсэн худал цуурхал тарсан байна. Би чинь мах, цуснаас бүрдсэн хүн шүү дээ. Өвдөнө, ядарна, амрах ч эрхтэй биз дээ. Миний зүгээс өлсөнө ч гээгүй, няцаалт ч хийгээгүй. Намайг гишүүн болсноос хойш янз бүрээр л бичиж, ярьж байна. Үүнийг би огт тоодоггүй. Надад худал ярьсан, хулгай хийсэн, луйвардсан асуудал байхгүй юм чинь айж ичээд байх хэрэг ч байхгүй. Гэхдээ би хань ижил үр хүүхэд, эцэг эхээсээ л санаа зовдог. Аав ээж маань санаа нь зовох вий. Ханийн маань хамт олон намайг мэдэхгүй юм чинь буруугаар ойлгох вий. Хүүхдийн маань багш, ангийн хүүхдүүд нь “Ээж нь олиггүй хүн байдаг гэсэн” гэж ярих вий гэхээс л эмээдэг. Гэхдээ би өөрөө тэдний хэлсэн шиг биш учраас түүнийг нь тоож харахыг хүсдэггүй. Үүнийхээ ачаар би шөнө тайван амардаг.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин