Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Монголын оюутны холбоо шинэчлэн зохион байгуулагдсаны 20 жилийн ойн баярын хурал дээр Монгол Улсын баатар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

    Ардчилсан хувьсгалын анхдагчид болсон оюутнууддаа 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ардчилсан хувьсгалын анхдагчид хэмээх энэ хүндэтгэлийг илэрхийлэхдээ хуран цугласан оюутнууд та бүхний нүүрийг хараад тал засан хэлж байгаа юм биш, түүхийн үнэнийг нотлон хэлж байна. Үнэндээ ардчилсан хувьсгалын жинхэнэ анхдагчид нь тухайн үедээ хэрийн улсын зүрх зоригт багтаж хүчрэхгүй улстөрийн шаардлага тавьж, Ард Аюушийн талбайд цугласан Ховд хотын Багшийн Дээд Сургуулийн оюутан, багш нар байсан юм. Тэдний тавьсан шаардлага юу байв? МАХН-ын Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм шүү дээ. Тэр үед Монгол орныг МАХН-ын Улстөрийн Товчоо хэмээн нэрлэгддэг бүлэг хүн хэмжээгүй эрхтэйгээр удиддаг байв. Улстөрийн товчоог шүүмжилж зүрхэлсэн хэн бугай ч нам төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэрэгт холбогдож цаазаар авах ялтай байсан бөгөөд, өршөөгдлөө гэхэд шоронд хоригдох,зол таарвал бүх насаараа орон гэрийн хамт хязгаар нутагт цөлөгдөх ялтай байсан юм. Ноогдох ял амь насанд хүрнэ гэдгийг мэдсээр атлаа Ховдын БДС-ийн оюутнууд, баш нар ийнхүү тэмцсэн юм. Тэд бол яахын аргагүй баатрууд мөн.Сэдэдийн Эрдэнэцогт,Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарын оюутнууд, Дашзэвэгийн Мөнхтөр,Цэдэвийн Батзангиа нарын багш нартаа энэ хүндтэй индрээс "баярлалаа!" хэмээн талархлаа илэрхийлье.Ард Аюушийн талбайд болсон цуглааныг зохион байгуулсан,үг хэлсэн бүх оюутан,багш нарын нэрийг нэг бүрчлэн дуудалгүй цаг хэмнэсэндээ хүлцэл өчөөд та нартаа "баярлалаа"гэдгээ дахин хэлье.

      Ховдын оюутнуудын тавьсан шаардлага гурван сарын дараа биеллээ олсон. Энэ тухай үл ялиг тодруулж яръя.

     Ардчилсан хүчний зохион байгуулсан цуглаанд сүүлдээ дөжирч, цочроо нь гарч буй  эрх баригчдад шахалт үзүүлэхээр тэмцлийнхээ арга хэлбэрийг өөрчилж, шууд өлсгөлөн зарлахаар бидний хэсэг нөхөд 90 оны 3-р сарын 2ны өдөр Сүхбаатарын талбай дээр очоод хэвтчихлээ.Өлсгөлөн зарлагчдын улстөрийн шаардлага сүүлдээ МАХН-ын Улстөрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага болон хувирав. Нөхцөл байдал цагаар хэмжигдэн хурцдаж,сүүлдээ дотоодын цэрэг хөдөлгөн хүч хэрэглэн талбайг "цэвэрлэх" гэнэ,өлсгөлөн зарлагчдыг хорихоор Ганц худагт өрөө бэлдэх ажлыг Улстөрийн Товчоо хэлэлцэж байна гэх зэргээр цуурхал талбайгаар нэг тарлаа.Улстөрийг сонирхоогүй хэдий ч өлсгөлөнг сониучирхан талбайг зорин ирсэн олон хүн энэ цуурхлыг дуулаад хулжин одсонд талбай дээр цугласан олны эгнээ мэдэгдэхүйц шингэрлээ.Тэгж байтал Засгийн ордны зүүн талаас уриа лоозон,туг хиур намируулан мандуулсан 6000 гаруй оюутан ура  цууриатуулан  урсан орж ирж билээ. Жагсан орж ирж байгаа оюутнуудын дүр зураг одоо ч  миний нүдэнд тод харагддаг.Байлдааны хуягт тэрэг дагасан цэргийн цуваа юу юугүй орж ирэхийг сэтгэл түгшин хүлээж хэвтсэн өлсгөлөн зарлагчид,тэднийг хамгаалахаар зориг шулуудан зогссон хүмүүс  ямар их урам зориг орсон гэж санана.Баярлаж хөөрсөндөө оюутнуудынхаа өөдөөс тэнхээ мэдэн уухайлж билээ.Зарим нь тэсэлгүй тосож гүйгээд жагсаалд нь орчихсон хөл нийлүүлэн алхаж байгаа харагдсан.Үүний дараа төд удалгүй Сүхбаатарын талбай эргэж дүүрлээ.Улмаар Улстөрийн Товчоо огцрох болсноо зарласан юм.Оюутны сүрт жагсаал талбай дээр орж ирээгүй бол асуудал ингэж хурдан шийдэгдэхгүй байсан биз. Ерөөсөө ардчилсан хувьсгалд оюутнууд хүч түрэн оролцоогүй бол ялалтанд хүрэхгүй байсан хэмээн би одоо ч боддог. Оюутнууддаа баярлалаа. Тухайн үед оюутнуудын тэмцлийг удирдаж байсан Лувсанвандангийн Болд, Данзандоржийн Баясгалан, Мөнхчулууны Зоригт, Цэрэндашийн Ганбат, Дашдоржийн Рэнцэнтавхай, Эрдэнэ-Очирын Золбаяр Пүрэвжавын Цэнгүүн, Дэмбэрэлийн Батдэлгэр, Балжиннямын Хасхуяг, Дэмчигсүрэнгийн Төрбат, Дорлигжавын Батсайхан нарт гүн талархал илэрхийлье.
  Эл хэрэг явдлаас хойш өнөөдөр яг хорин жил өнгөрчээ. Мэдээж энэ хорин жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв хэмээх жам ёсны асуулт тавигддаг.Үүнд нь мөн ардчилсан хувьсгалыг хийгчид ийм ийм амжилтанд хүрсэн хэмээн цуцалтгүй хариулдаг юм.  Харин би өнөөдөр энэ индрээс бас нэгэн ээлжит хариултыг  нуршиж зогсмооргүй байна.Тэр тусмаа өнгөрснийг гэхээсээ  маргаашийн тухай илүүтэй санаа зовдог оюутнуудын өмнө зогсчихоод ингэх нь бүр сонин биш байх. Гэвч,тэр жил манай Ховдын оюутнуудын эхлүүлж, Ардчилсан Холбоо буухиалан авсан ардчилсан хувьсгалыг анхнаас нь  элдвээр зүхэн чичилж угтаад, өнөө хир энэ хувьсгалын өгөөж хишгийг харлуулж суудаг,тэр ажилдаа улам бүр мэргэшин гаршиж байгаа хүмүүстэй холбогдуулан хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй байна.

 Ардчиллыг хараан зүхэгчид шинэ цагийн амьдралыг харлуулж үнэхээр чадаад байгаа гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. 90 оны өмнө коммунистуудад боолчлогдоод, шүүмжлэх нь байтугай алдаж хэлсэн үгнийхээ төлөө ял авчих гэхээр айсандаа амаа хамхин ширвэгдэж явсан олон хүн эрх чөлөөгөө олж авмагц нэг хэсэгтээ шүүмжлэх дуртай болдог бололтой.Зарим хүн болж бүтэж байгаа зүйлийг сайшаан хэлэхдээ хашин морь шиг атлаа шүүн муутгах нь уургын морь шиг байх аж. Хотондоо дөрвөн мянган толгой хоньтой атлаа ардчилал зах зээлийн хүнд цаг үе гэх зэргээр шүүмж өрнүүлэн халж суугаа алтан загасны чавганц мэт хүн таарч байна. Иймэрхүү байдал мөнөөх ардчиллыг дайсагнан зүхэгчдэд сайхан олз болсоор.Тэдний явууллагаар шинэ цагийн амьдралын тухай ашдын билиггүй яриа ихэд нутагшжээ. Үнэндээ бол монголчууд бид энэ хорин жилд зуун зууныг дамжсан мөрөөдлөө олж авсан билээ. Улс орных нь хувь заяаг нэгэн үе Бээжингээс, дараа нь Москвагаас эзэрхэн удирдаж байгаа бурангуй ёсыг эсэргүүцэн тэмцсэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Данзан, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар нарын зэрэг үе үеийн эх орончид 90 оны ардчилсан хувьсгалын ялалтын дүнд өөрийнхөө хувь заяаны эзэн болж чадсан энэ цагийн монголчуудаа харсан бол баярлахдаа магнай нь хагарах байсан нь эргэлзээгүй. Бурхан багшид сүслэн залбирч шавь болсныхоо төлөө ангийн дайсан хэмээн буудуулж сүйдсэн лам нар энэ цагийн хишигт мянгантаа мөргөх байсан.  Социализмын үеийн нэгдлийн малчид хадан гэрээсээ эргэж ирээд өнөөгийн малчдын амьдралыг нэг харвал баярлахдаа лав эргэж хадан гэртээ харихгүй гэх байсан.Хөрөнгөт ангийн үзэл суртлыг тээгчид хэмээн цоллуулан, моодорхож өмссөн трапез өмд,гоёж ургуулсан үсээ тайруулаад, дурлаж сонссон дууныхаа төлөө Хувьсгалт эвлэлийн үүрээс зэм сануулга авч явсан социализмын залуус одоогийн залуусын эрх чөлөөндөө бялхаж явааг хараад шогшрох байлаа. Дамчин панзчин гэдэг нэр зүүгээд Дэнжийн мянгын захаас өөр гишгэх газаргүй ад үзэгдэж байсан тэр цагийн наймаачид энэ цагийн бизнесүүдийн аархлыг хараад атаархахдаа үг хэлж чадахгүй болох байсан биз.Үнэндээ бид социалист эдийн засгийн дампруулын уршгаар үмх мах, ширхэг талхаа олж авахын тулд оочер дугаарт хүчийг үзэн өдрийн талыг өнгөрөөж байсантайгаа харьцуулахад материаллаг хангамжийн хувьд өнөөдөр элбэг дэлбэгийн гарагт очсон юм шиг болсон билээ. Монголчуудыг ажил хөдөлмөрт сурган багшилж явсан оросын мэрэгжилтэн 20 жилийн дараа Улаанбаатарт ирээд хөгжиж дэвшснийг нь хараад мэл гайхаж цэл хөхөрсөн гэдэг. Эрхүүгийн оросууд Улаанбаатарыг Хонконгтой адилтгадаг гэнэ билээ.Ийм атал мөнөөх ардчиллыг зүхэгчид ардчилал зах зээлийн хишиг буяныг гудайтал зад муулан мэрсээр сууна. Уг нь чөлөөтэй зорчдог эрхтэй болсон юм чинь тэр  этгээдүүд манай ард түмний шинэ сонголт таалагдахгүй байвал социализмтайгаа зууралдан үлдсэн Хойд Солонгос зэрэг очиж амьдрах орон бас байж л байна.Хойд Солонгост хэдэн иргэнээ гар утас барьсных нь төлөө имперлистуудын тагнуул гээд цаазаар авсан гэнэ билээ.Ашдын билиггүй ярианд хэт мунхарч автсан хүмүүс сүүлдээ демагогуудын үг ярианд автамтгай болж тэднийг өргөмжлөх нь цаашдаа  ардчиллыг бусниулах ёозгүй үр дагавартай. Венесуэлд Уго Чавес хэмээх нэгэн демагог, нэгэнт мөхсөн социализмыг дахин сэргээх солиотой туршилт хийгээд, дарлал мөлжлөггүй шудрага ёсыг тогтоохын тулд өмчийн эрхийг хязгаарлахаас өөр аргагүй хэмээн сурталдаж иргэдийнхээ эд хөрөнгийг нь хурааж эдийн засгаа дампууруулж байна.  

      Бас нэгэн зүйл хэлье.Монголын ардчиллыг чичлэн зүхэгчдэд бас нэгэн баярлах явдал саяхнаас бий боллоо. Монголын Уго Чавесууд төрж байна.Чаавасчууд саяхан хуралдаж "…дарлал мөлжлөг үүсэхээс сэрэмжлэхийн тулд өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" хэмээн марксч үзлийг үндэсний үзэл нэрийн дор зарлалаа. Дарлал мөжлөг зэрэг гуйвагдахдаа нэн амархан эмзэг ойлголтыг ангич үзлээр тодорхойлон хэрэглэхийн гайг монголчууд бид амсахаараа нэг болсон. Мөн ардчилагчид бид үндэсний үзэл гэдгийг өөрийн орны иргэн бүрийн эрх чөлөөний халдашгүй байдлыг бусдынхаа эрх чөлөөнд халдаагүй үед нь аливаа халдлагаас тууштай сахин хамгаалах зарчим хэмээн ойлгодог бол үүнийг тэд төрийг хувь иргэнийхээ дээр тавин  шүтэх үзэл гэсэн  Хятад маягийн хатуурхалыг ойлгодог юм байна.Муу төрийн гамшгийг манай ард түмэн бас л амсахаараа нэг болсон билээ. Ард түмэн төрийг иш мухаргүй шүтэх ёстой биш, харин ч муу хэрэг үйлдвэл нь хариуцлага тооцож чаддаг байх ёстой билээ. Ийм ёсыг тогтоох хувьсгалын эхлэлийг Ховдын оюутнууд 1988 оны 12-р сарын 7-нд "Ултөрийн Товчоог огцор"гэж шаардлагаараа тавьсан юм.

   Ардчиллыг зүхэж, ядарсан зарим нэг улсын толгой эргүүлж байгаа этгээдүүдтэй холбогдуулан залуус та нарт хэлэх үгээ үүгээр эцэслээд одоо цагийн байдлын тухай санаа бодлоо дэлгэе.

   Олон түмэн,тэр дотроо залуус өөрлөлтийг хүсэж байгаа нь улам бүр мэдрэгдээд байх боллоо. Тэгэхдээ зүгээр нэг хувьслыг бус хувьсгалт өөрлөлтийг хүсээд байна гэхэд онох биз. Нийгмийн ийм уур амьсгал 90 оны үед л нэг бий болж билээ. Юу болох нь энэ билээ? Амжилт ололтоор дүүрэн хорин жилийн дараа яахаараа дахин хувьсгал хийх тухай ярьж эхэлдэг билээ?Би хувьдаа олон түмний энэ хүслийг цагаа олсон зүйл гэж бодож байгаа юм.Үнэхээр өнөөдөр хувьсгал хийх цаг болсон. Учир юу гэвэл өнөөдөр Монголд  ардчилсан төрийн дүрс мөхөж, олигархи төрийн хэлбэр амилж байна аа.

   Олигархи гэдэг энэ  нэр томъёо сүүлийн үед манай улстөрийн хэллэгт байнга хэрэглэгдэх моодны үг болжээ. Хэрэглэхдээ цөөнхийн засаглал гэсэн өрөөсгөл утгаар нь хэрэглэж байгаа нь учир дутагдалтай.Энэ  зөвхөн цөөнхийн засаглал гэсэн утгатай үг биш болохыг 2500 гаруй жилийн өмнө улстөрийн философийн бүтээлдээ анх хэрэглэсэн хүмүүс цохон тэмдэглэсэн байдаг. Платон,Аристотель олигархийг төрийн эрхийг мөнгөний хүчээр олж аваад эргэж төрийн эрх мэдлийг өөрийхөө хөрөнгөжих зорилгод ашигладаг бүлэг этгээдүүдийн засаглал хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байдаг билээ.Ингээд харахад өнөөдөр манайд олигархийн засаглал тогтож эхлээд байгааг ойлгоход төвөггүй болно.

   Олигархи  хэр аюултай вэ?Түүний аюулын цар хүрээг төсөөлөн бодоход ч миний бие зарсхийдэг юм. 90 оны ардчилсан хувьсгалын ололтыг юу ч үгүй арчиж хаяна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэдэнд өөрийн олж авч байгаа эд баялгаас өөр нийгмийн үнэт зүйл гэж байдаггүй байгалийн амьтан. Хувьдаа ашиг унаж байвал тусгаар тогтнолыг маань бусдад худалдаж орхино. Үндэсний баялагийг маань үнэ тохиролцсонд нь зарчихаад баруунд байшин харш бариулан амьдрахаар арилж өгч мэдэх улс. Олигархиин төрийн үед олигархи баяжиж улс орон шим шүүсээ соруулан ядуурч тартагтаа тулж байдаг эдийн засгийн хуультай юм. Олигархууд бизнесийнх нь хөдөлмөрийн хэрэгсэл болсон төрийн эрх мэдлийг алдахгүйн тулд социалистууд ч сүрдэм нийгмийн халамж үзүүлэн, үндэсний хуримтлалын санг хоосолдог юм.Ядууралд нэрвэгдсэн олон түмэн ухаан санаа нь самуурч сүүлдээ олигархууддаа бялдуучлан аврал эрж явдаг. Чөлөөт хэвлэл, хараат бус шүүх зэрэг ардчиллын бүх инститүц олигархуудад худалдагдан гарт нь орж, мөнөөх иргэдийн маань эрх төлж чадах мөнгөөр л хэмжигдэх болно. Энэ мэт олигархийн аюулыг тоочоод байвал баршгүй.Залуус та нарт гэж хэлэхэд маргаашийн чинь ирээдүйг өнөөдөр тэд зараад идэж эхэлсэн  гэдгийг л зүрхний угаас ойлгох хэрэгтэй. 

   Олигархуудыг капиталистуудтай адилтган үзвэл маш том эндүүрэл болно гэдгийг та нарт онцлон хэлэх хэрэгтэй санагдана. Капиталистууд төрийн эрх мэдлийн хүчээр бус зах зээлийн хүчээр хөрөнгөждөг хүмүүс. Тэд зах зээлийн эрэлтийг олж харах оюун ухаанаа хөдөлмөрийн  багаж хэрэгсэл болгодог хүмүүс.Тэд олигархуудаас хойш 2300 орчим жилийн дараа аж үйлдвэрийн хувьсгал, Адам Смитийн онолоор төрсөн хүмүүс. Америкийн ард түмнийг машинтай болгосон Генри Форд олигархи бус капиталист юм. Сони корпарацийг үндэслэгч Акио Морито олигархи бус капиталист юм.Программ хангамжийн ажлыг бизнес болгосон Бейл Гейтс,Эппл компанийн лидер Стив Жобс нар бүгд капиталистууд билээ. Олигархууд үндэсний баялгийг устган хоосолж байхад капиталистууд түүнийг бүтээн аривжуулж байдаг юм.Сүүлийн хорин жил манай материаллаг баялгийн үсрэнгүй нөөцийг Монголын капиталистууд манлайлан бий болгосон. Өнөөдөр тэд ард түмнээ дэлхийн стандартад нийцсэн бараа үйлчилгээгээр хангаж байна. Бид үндэснийхээ капиталистуудад талархах учиртай. Манай капиталистууд улам олон болох болтугай.

    Олигархийг устгахын тулд яах ёстой вэ?Энэ тухай өөрийн саналыг толилуулахаас өмнө олигархийг сулруулах эдийн засгийн нэгэн арга хэмжээг таницуулъя. Энэ арга хэмжээ нь олигархийн хүчийг сулруулаад зогсохгүй эдийн засгийн зогсонги байдлын гацааг гаргаж хөгжлийг урагшлуулах "шидэт саваа" л гэсэн үг. Бид 90 онд ЗХУ хэмээх тэжээгчээ алдаж дэлхийд рекорд тогтоох эдийн засгийн уналтанд орох үедээ ийм нэгэн "шидэт саваа"-г хэрэглэж байсан юм.Тэр нь иргэдийнхээ бизнес чөлөөтэй хийх боломжийг хангаж, гадаад улс орнуудад чөлөөтэй зорчих эрхийг олгож, мал болоод худалдаа үйлчилгээний цэгүүдийг иргэддээ хувьчилж өгсөн явдал юм. Үр дүн нь богино хугацаанд гарч монголчууд хоосролоос гарсан билээ. Энэ удаагийн "шидэт саваа" нь  гэр бүлийнх нь хэрэгцээний хашааны газраар барьцаалж, орон сууц барихад зориулж дээд тал нь сарын өрхийн орлогынх нь гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээтэй хүү болоод үндсэн өрийнх нь төлбөр төлөгдөж байхаар 20,30,40,60 жилийн утр хугацаатай зээл олгох ажлыг шуурхай эхлүүлэх санаа юм. Ингэснээр өрх бүр үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгч болж үндэсний актив дор хаяж 30 гаруй их наядаар нэмэгдэж, Монголын эдийн засаг хөрвөх хүчин чадалтай болно.Орон сууцны барилга барьж байгаа нэг ажилчин бусад салбарын дор хаяж 3 хүний ажлын байр бий болгодог,тэгээд бас зөвхөн Улаанбаатарт гэхэд 100-гаад мянган орон сууцжих хашаатай өрх байдаг. Энэ мэтчлэнгээр тооцоо хийгээд үзвэл ажилгүй хүн гэж байхгүй болохоор барахгүй ажиллах хүчний дутагдал бий болж мэдэхээр байна. Барилгын материал болон гэр ахуйн хэрэгцээний бараа бүтэгдэхүүний үйлдвэрүүд ачааллаа дийлэхгүй ч ажиллаж магадгүй. Ямартаа ч залуус маань ажлын байраар бүрэн хангагдаж,ажилдаа ормогцоо орон сууцтай болж,ажлаа сайн хийхээс өөр санаа зовох зүйлгүй болно.Ажлын хариуцлага чангарах үндэс бий болно.Яагаад гэвэл ажлаасаа халагдсан хүн орон сууцгүй болно шүү дээ. Алдах юм ихтэй болж байгаа биз. Мөн хотын утааны асуудал бүрэн шийдэгдэнэ.
     Өмнө нь бид үүнийг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Хашааны газар улсын мэдэлд,бас тэгээд хөрөнгийн болон кадастарын бүртгэл байхгүй байлаа.Иргэддээ хашааны газраар нь барьцаалж урт хугацааны, бага хүүтэй зээл өгөхөд хүрэцэхүйц санхүүгийн хуримтлал байсангүй. Одоо бол Оюу толгой,Таван толгой зэрэг стратегийн ордуудаас хангалттай орлого орж ирнэ. Энэ орлогыг иргэддээ орон сууцтай болгоход нь өгөхгүй бол тэртэй тэргүй олигархууд зүсэн бүрийн аргаар завшиж улам бүр дийлдэшгүй хүчирхэгжэнэ. Хашааны газраар барьцаалж орон сууцны зээл өгөхийн үнэмлэхүй давуу тал нь иргэн өөрөө өөртөө орон сууц дамалдаггүйд оршино. Бас зээлээ төлөөгүй нөхөр байшингаа үүрээд зугтаж чадахгүй. Ер нь зээлийг хүнд биш хөрөнгөнд өгдөг учиртай.Ийм зээл ёстой ардчилсан байдаг билээ.

     Олигархийг устгах хувьсгалын зорилт нь олигархи төрийн байгууламжийг эргэж ардчилсан төрийн байгууламж болгон хувиргах явдал. Ийм боломж манай Үндсэн хуулиар бидэнд олгогдсон байдаг. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тусгай бүлэг байдаг бөгөөд энэ бүлгийн заалтын дагуу УИХ-ыг хоёр танхимтай болгох өөрчлөлтийг хийх хэрэгтэй.Дээд танхим нь зохион байгуулах эрхтэй ба гишүүд нь сум, хороо зэрэг засаг захиргааны анхан шатны нэгжээс шууд сонгогдож байгуулагддаг байна.Тэгээд дээд танхим нь намуудын авсан саналын хувьд нийцүүлэн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх доод танхимаа сонгож байгуулна. Мөн Ерөнхийлөгч,дэд Ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхий сайд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорыг томилно. Ийм дээд танхимтай болсноор ямар үр дүнд хүрэх вэ?  
     Нэгдүгээрт: зөвхөн мөнгөтөй хүн сонгогдох эрх эдэлдэг одоогийн ёс үүгээр дуусгавар болно. Ийм сонгуулийн тогтолцоог Платон олигархи төрийн байгууламжийн үндэс гэж үзсэн байдаг. Тэгэхээр олигархи төрийн байгууламжийн үндэс устана гэсэн үг.

     Хоёрдугаарт: Сонгогчид зөв сонголт хийх боломжтой болно. Учир нь сум хороо бол угтаа танилын холбоо бөгөөд ийм холбоо хамгийн шилдэг гэж үзсэн нэр дэвшигчээ сонгох чадвар олон арван мянган хүнтэй том тойргийг бодвол олон дахин илүү байдаг.

    Гуравдугаарт: Төлөөллын ардчилал улам илүү боловсронгуй болно.Сум хорооноос сонгогдсон гишүүд аймаг хэмээх том тойргоос сонгогдсон гишүүнийг бодвол сонгогчиддоо олон дахин илүү ойр байж ажиллах нь ойлгомжтой.Хуучин цагт сум бүр өөрийн депутаттай байхдаа олон асуудлаа түүгээрээ дамжуулан шийддэг байсан юм.Бид л тухайн үедээ жалга довын депутат гэж ад үздэг байсан юм.Үнэндээ Монгол ус гэдэг чинь тэр жалга довын нийлбэр юм. Жалга дов маань сайн байвал Монгол ус сайн байна гэсэн үг.Өнгөрсөн хугацаанд Засгийн ордонд суугаад макро эдийн засаг ярьсан нуль ухаантнууд сайн байснаар ус орон сайн болддоггүй юм байна гэдэг нь нэн тод харагдлаа.
    Дөрөвдүгээрт: Тусгаар тогтнол маань илүү баталгаатай болно. Хүн цөөтэй,  доод танхимыг нь аргалчихлаа гэхэд сум хороо бүрээс онц бүрэн эрхтэйгээр сонгогдож ирсэн дээд танхимын 400 гаруй хүнийг нэг дор хахуульдах боломж байхгүй.

    Тавдугаарт: Стратегийн орд газруудын баялгийг цөөн тооны олигархи завших боломжгүй болно. Ингэхийг дээд танхимын гишүүд зүгээр хараад суухгүй нь мэдээж.

    Зургаадугаарт: Орон нутгийн эрх мэдэл өргөжөнө.Сум бүрээс ирсэн дээд танхимын гишүүд орон нутгийн эрх мэдэлд төв засгийн газраас халдах гэсэн аливаа оролдлогыг тэвчихгүй бөгөөд харин ч олон эрх мэдлийг орон нутагтаа шилжүүлнэ.

    Долдугаарт: Шүүх эрх мэдэл хараат бус ажиллах үндэс бүрдэнэ. Учир нь хууль тогтоох,гүйцэтгэх эрх мэдлийн инститүцтэйгээ нэгэн адил дээд танхимаас томилогдож байгаа тул зөвхөн дээд танхимын өмнө ажлаа хариуцах болсноор бусад хоёр эрх мэдлийн байгууллагын нөлөө шахалтанд автахгүй байх боломжтой.

    Наймдугаарт: Хууль тогтоох доод танхим илүү мэргэшсэн шинжтэй болох учраас улстөрийн популизмд  автаагүй сайн хуулиуд гарах нөхцөл бүрдэнэ.
    УИХ хоёр танхимтай болсноор ямар ч атугай олигархийн ноёрхол эцэслэж ардчилал эргэж ирэх нь  дамжиггүй гэдгийг дахин хэлье. Ингэж бид Ховдын БДС-ийн оюутнуудынхаа эхлүүлсэн ардчилсан хувьсгалын ололтыг олигархаас хамгаалаад зогсохгүй ардчиллаа улам бүр төгөлдөр болгож чадна. Хувьсгал хийхийн учир энэ бөлгөө.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж