Попын домог болсон хамтлагуудын нэг “Spice Girls”-ийн охид өчигдөр Лондоны “The Piccadilly” театрын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нарын хамтлагийн гишүүд хөгжим сонирхогч өөрсдийн фэнүүдийг удаан хугацаагаар хүлээлгээд байсан алдарт “Viva Forever” дуугаараа нэрлэсэн мюзиклээ энэ сарын 11-нд буюу өчигдөр албан ёсоор нээсэн нь энэ юм.


Улаан хивсний ёслолоор эхэлсэн мюзиклийн нээлтийн ажиллагаанд хамтлагийн олон мянган фэнүүдээс гадна гэр бүлийнхэн нь ирсэн аж. Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй бүсгүйчүүд “The Piccadilly”-ийн тайзан дээр мюзиклийнхээ тухай халуун яриа өрнүүлж, гэр бүл, хайрт фэнүүддээ талархлын үгс зориулжээ. Мөн шоуны сэтгэл догдлуулам мөч бол “Spice Girls”-ийн бүсгүйчүүд тайзан дээр бие биенийгээ халуун дотноор тэвэрч, нулимс унагасан мөч байсан гэнэ.



Э.АНХТУЯА