Улстөрчдийн амыг тагласан &#34Чингис&#34 бонд

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн амыг тагласан &#34Чингис&#34 бонд

Н.Алтанхуягийн Засгийн газрын 100
хоногтоо амжуулсан том ажил, ирэх дөрвөн жилд байнга урдаа барин бамбай
хийх “Чингис” бондын эхний хэсгийг амжилттай арилжсаны төлбөр Монгол
төрийн дансанд орж ирснээр манайд өдгөө мөнгөнөөс элбэг зүйл үгүй болсон
юм байх.

Хэдэн жилийн өмнө дөө, хойд хөршид төлөх ёстой их
өрийг тэглэсэн хэмээн улстөрчид хундага харшуулан баярлаж, уяхан нэг нь
нулимс унагаж байв. Гэтэл одоо их өр тавьж их мөнгө зээлээд ирлээ хэмээн
хундага тулгах шахаж байх юм. Зах зээл жам ёсоороо хөгжиж, Монгол гэдэг
улсыг дэлхий тоож буйн баталгаа хэмээн хөөрөх энэхүү бондыг гаргах
эрхийг УИХ-аас Н.Алтанхуягийн Засгийн газарт олгосон.

Нийтдээ 5.0
тэрбум ам.долларын бонд гаргаж, эндээс олсон хөрөнгөөрөө их бүтээн
байгуулалт хийнэ гэсэн хэтийн зорилго бий юм билээ. Гэхдээ эхний хэсэг
нь ороод ирсэн энэ их мөнгөөр чухам юу хийх нь одоо хэр тодорхой
болоогүй л байгаа бололтой.  Энэ тухай чих тавьж, мэдэж болзошгүй ганц
нэгнээс үг алдуулчих санаатай Төрийн ордноор эргэлдсэн ч улстөрчид ам
чангатай байна. Аль аль намынхан нь энэ тухай ярих хүсэл багатай. “Мөнгө
орж ирсэн, өдөр бүр өр төлөх тоолуур ажиллаж эхэлсэн. Тиймээс юунд
зарцуулахаа нухацтай сайн хэлэлцэж нэг үгээр долоо хэмжиж нэг огтлох
ёстой” хэмээсэн хуурай үгсээр ам таглаж байна билээ. Харин ордноор нисч
буй ховч бялзуухайнууд бондын мөнгөнөөс эрхэм гишүүд нам харгалзахгүй
хувь хүртэх гэнэ билээ хэмээн шаагихыг сонслоо. Байнга л араасаа хэл ам
дагуулж байдаг гишүүдийн тэрбум ч дэргэд нь жижигдэхээр хаялгатай байх
юм гэнэ. Чухам яаж, ямар аргаар гишүүд эндээс хувь хүртэхийг хэлж
мэдэхгүй ч томоотой байвал чихэр өгнө шүү гэсэн багшийнхаа үгэнд итгэсэн
цэцэрлэгийн жаалууд аятай манай парламентын хэд тун ч нам гүм суугаа нь
үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн үүний хажуугаар бондоор босгосон мөнгө
ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын ялалтыг баталгаажуулах суурь
болох ёстой гэсэн яриа хөөрөө ч яваа юм билээ. 

Бондын мөнгийг
хэрхэн яаж захиран зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн
тухай бүртээ УИХ-ын даргад заавал бичгээр мэдэгдэж байхыг Ерөнхийлөгч
үүрэг болгохын хамт улстөрчдийг популизм хийж, бондын хувь заяанд
таагүйгээр нөлөөлөхгүй байхыг анхааруулсан нь ч санамсаргүй хэрэг биш
аж. Улс орныхоо нэр хүнд, ирээдүй хойчоор дэнчин тавьж авсан бонд гэх
өрийн бичгийн хариуд бид өдөр бүр хэдэн зуун саяар тоологдох “ногоон”
төлнө. Эдийн засагчдын урьдчилан хийж байсан тооцоогоор ээлжийн 1.5
тэрбум ам.долларыг хамгийн боломжийн нөхцөлөөр, жилийн 5.0 орчим хувийн
хүүгээр арилжлаа гэхэд хоногт 205 мянган долларыг хүүгийн төлбөрт төлөх
ёстой гэсэн. Тэгвэл манай Засгийн газрын 500 сая ам.долларын таван
жилийн хугацаатай бондыг 4.125 хувийн хүүтэйгээр, харин нэг тэрбум
долларын арван жилийн хугацаатай бондоо 5.125 хувийн хүүтэйгээр
арилжаалсан аж. Ингэхээр эдийн засагчдын урьдчилан хэлж байснаар бид
хоногт 200 гаруй мянган ам.долларыг бондын хүүд төлөх нь тодорхой гэсэн
үг.

Төлбөр мөнгөнөөс гадна “Чингис” бондтой холбоотой өөр нэг
дуулиан дэгдэж буй бололтой. Энэ тухай интернэтэд мэдээлэл гарчээ.
Монголын “Чингис” нэртэй бондоос мөнгө угаах гэмт хэрэгт байнга нэр
холбогдож байдаг Английн HSBC хөрөнгө оруулалтын банк авсан нь хөрөнгийн
зах зээлийн том мэргэжилтнүүдийн дунд эргэлзээ төрүүлээд эхэлсэн гэнэ.
Тус банктай холбоотой мөнгө угаасан гэх нэгэн хэргийг саяхан илрүүлсэн
бөгөөд үүнийхээ торгуульд АНУ-ын Засгийн газарт 1.9 тэрбум ам.доллар
буюу 1.2 тэрбум фунт стерлинг төлөхөөр болсныг BBC агентлаг уламжилжээ.
HSBC-ийг хар тамхины наймаачид болон Америкийн хориг тавьсан улсууд
болох Иран, Хойд Солонгостой холбоотой их хэмжээний мөнгө угаасан
гэдгийг тогтоосон тухай ч интернэтэд мэдээлэл байна. Тус банкны энэ удаа
төлөхөөр болсон 1.9 тэрбум ам.долларын торгууль нь ийм төрлийн хэрэгт
оноодог хамгийн өндөр торгууль гэдгийг онцолжээ. Мөн энэ бол HSBC-тэй
холбоотой эхний бас эцсийн хэрэг биш гэдгийг ч мэргэжилтнүүд дуулгасан
байна.

Тэгэхээр Н.Алтанхуягийн танхимын сайд нарын олж ирсэн
хэмээн алга ташин хөөрч буй их зээл эхнээсээ мордохын хазгай болсон юм
биш байгаа гэх эргэлзээ төрүүлээд эхэллээ.

Н.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж