Олимпийн аварга Ким Юүна мөсөн талбайдаа эргэн ирлээ. БНСУ-ын “Мөсний гүнж” гэгддэг тэрбээр Германы Дортмунд хотноо болсон “NRW Trophy” тэмцээнд түрүүлсэн байна. Ингэхдээ Ким энэ улирлын хамгийн өндөр оноог авчээ.
Өдгөө 22 настай Ким Юүна мөсөн талбайгаасаа хоёр жил орчим хугацаанд завсарлага аваад байсан юм. Харин Дортмундын тэмцээнд тэрбээр чөлөөт үзүүлбэрээр 129,34 оноо, нийлбэрээр 201,61 оноо цуглуулжээ. Уралдааны дараа Ким “Нэлээд хугацааны дараа анх удаа үзүүлбэрээ толилууллаа. Тиймээс зарим нэг техникийн үзүүлбэрт санаа зовинож байсан. Би бэлтгэл сургуулилтаа есдүгээр сараас эхлүүлсэн болохоор бэлтгэл сайн байсан” хэмээн ярьжээ.
С.ЦЭЛМЭГ