Д.Болдбаатар &#34KTM&#34-ээр Дакарт уралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар &#34KTM&#34-ээр Дакарт уралдана

Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт тав дахь жилдээ болох гэж буй 2013 оны “Дакар ралли” бартаат замын уралдаанд 472 техник хэрэгсэл оролцох тухай Перугийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэдний дунд Монголын хоёр тамирчны төмөр хөлөг ч багтаж буй билээ. Энэ удаагийн “Дакар ралли” уралдаан Перугийн нийслэл Лима хотноо ирэх нэгдүгээр сарын 5-нд гараанаас гарч, Чилийн нийслэл Сантьяго хотод 20-ны өдөр бариагаа хийх юм. Ингэхдээ Перу, Аргентин, Чили гэсэн гурван улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх маршруттай.

Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр ирэх жилийн уралдаанд дэлхийн 50 орноос тамирчид оролцож буй бөгөөд мотоциклийн ангилалд 196, дөрвөн дугуйтын ангилалд 40, мөн 161 суудлын тэрэг, 75 ачааны машин хурд сорих гэнэ. Тэд тэмцээний маршрутын дагуу 14 гараанд нийт 5711 км замыг туулах учиртай.

Лима хотоос гараагаа хийж, Перугийн өмнөд мужууд болох Ика, Арекуипа, Мокегуа болон Такнаг дайрч, уралдааны зургаа дахь өдөр Чилийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, найм дахь өдөр Аргентиний Сан Мигуэл де Тукуман мужид очих ажээ. Улмаар уралдааны 17 дахь өдөр буцаад Чилийн нутгаар уралдаж, 20-нд барианы шугамд ирэх юм.

“Дакар ралли” уралдаан өмнө нь Францын нийслэл Парис болон Сенегалын Дакар хүртэлх маршрутаар болдог байсан ч Африкийн орнуудын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 2009 оноос хойш Өмнөд Америкт зохион байгуулах болсон билээ.

Энэ удаагийн “Дакар ралли” монголчуудын хувьд онцлогтой. Учир нь Монголын тамирчин анх удаа “Дакар”-ын замд мөрөө гаргах гэж буй. Тодруулбал, мото спортын ОУХМ Х.Болдбаатар, Н.Лхамаа нар мотоциклийн ангилалд өрсөлдөх юм. Д.Болдбаатар 175 дугаартай, Австрийн “KTM” мотоцикль хөлөглөн оролцох бол Н.Лхамаа “Yamaha”-тай уралдах ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж