"Монголчуудын маань сайхан сэтгэл намайг ивээсэн"

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

"Монголчуудын маань сайхан сэтгэл намайг ивээсэн"

"Монголчуудын маань сайхан сэтгэл намайг ивээсэн"
Тив дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, алдар суугаараа Монголын топ дөрвөн спортын нэг бол чөлөөт бөх. Дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин, спортын түүхэнд нэрээ мөнхөлж Лондоны олимпоос хүрэл медаль хүртэн ээж, аав, элгэн садан, монголчуудаа баярлуулсан хүн бол яах аргагүй С.Батцэцэг. Монголчууд түүнийг анхны чөлөөт бөхийн эмэгтэй олимпийн медальтан болоосой гэсэндээ дээлийнх нь захыг гэр гэртээ мушгин суусан цаг саяхан.  Чөлөөтийнхний 32 жилийн хүлээлт, хүслийг биелүүлэн С.Батцэцэг хүрэл медалиар энгэрээ мялааж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн тэр л баярт мөч өнөө ч мартагдаагүй байна. Бид Архангай аймгийн Хашаат сумын уугуул, дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийг VIP буландаа урилаа.

-Шинэ он гараад улсын аварга шал­гаруулах тэмцээн эхэлнэ. Түүний араас тэмцээн уралдаан олон байгаа байх. Бэлтгэл сургуулилалт хэр байна даа?
-Нэгдүгээр сар гараад хоёр дахь долоо хоногоос нь эхлээд УАШТ эхэлнэ. Түүний араас олон тэмцээн уралдаан байна. Олимпоос ирээд нутагтаа аав, ээж дээрээ сар сайхан амарсан. Бэлтгэлдээ орсон ч саяхан бас дөрөв хоног амарчихлаа. Ер нь бол бэлтгэл жигд сайн байгаа шүү.

-Олимпийн дараа нутагтаа амарч байхдаа наадам зохиосон гэл үү. Амралт хэр байв?

-Наадам ч биш л дээ. 2010 онд дэлхийн аварга болсны дараа бэсрэг наадам зохиож байсан. Олимпийн наадмын дараа нутагтаа очоод өөрийнхөө нэрэмжит чөлөөт бөхийн барилдааныг хүүхдүүдийн дунд зохиосон. Нутгийн ард түмэн сайхан хүлээж авсан. Амралт гайхалтай сайхан өнгөрсөн. Хэдэн гэр хэсч хоол хийлгэж  идээд энергиэ сайхан нөхсөн шүү. Хааяа гадуур гарна. Гарахаараа хонинд явна. Хөдөөний ажил барагдах биш. Аав ээжийнхээ ажилд хамжилцах гэхээр тэд “Яах юм бэ, амар” гээд байдаг юм. Би моринд их дуртай хүн. Морь унаж хонь хариулах ч хамгийн сайхан амралт шүү дээ.

-Хүнд төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээжээс илүү эрхэм зүйл гэж үгүй. Нутаг руугаа хэр явдаг вэ?
-Бэлтгэл гайгүй байвал зав гаргаад явахыг л хичээдэг. Ер нь байнга очихыг бодно. Ялангуяа тэмцээнд явахын өмнө заавал гэрээрээ ордог. Аав ээждээ үнсүүлээд ирэхээр сэтгэл өег, цаанаа л сайхан болчихдог юм. Тэгээд тэмцээнд явахын өмнө нисэх буудал дээрээс шөнө ч байсан хамаагүй ээжтэйгээ утсаар ярьдаг. Би ер нь их эрх талдаа юм шиг байгаа юм. Дээрээ хоёр эгч, нэг ах, нэг дүүтэй. Айлын эрх хүүхэд.  Аав, ээж хоёр эрхлүүлэхээс гадна намайг их хүндэтгээд байгаа нь мэдрэгддэг. Би ч гэсэн энэ хоёроосоо л эх ундаргатай болохоор дотроо бахархаж явдаг даа.

-Аав, ээж тань тэмцээнд явахад нь охиндоо юу гэж захидаг вэ?
-Ээж минь медалийн тухай түрүүлж дурсдаггүй. “Миний охин сайн яваад ирээрэй” л гэж хэлдэг. Ээждээ би эрүүл саруул эргээд ирж байгаа нь том жаргал гэдэг. Хэн ч охиноо явуулчихаад бэртээд ирэх вий гэж айна шүү дээ. Аав, ээждээ медальтай ирнэ үү, медальгүй ирнэ үү хамаа байхгүй, эрүүл саруул, эсэн мэнд ирэхийг ерөөдөг.

-Хүний өссөн орчин, хүмүүжилд чухал байр суурь эзэлдэг гэдэг?
-Миний аав, ээж хоёр нэг их яриа хүмүүс биш ээ. Хүүхдүүдээ зөнгөөр нь өсгөсөн. Бид хоорондоо хоёр насны зөрүүтэй дэрсхэн. Манай дүү л надаас долоон насаар дүү юм. Манай аав, ээж хоёр эхээсээ олуулаа. Тэгээд авга, нагац нарынхаараа дамжиж, хүүхдүүдтэй нь барилдаж өссөн. Аав ээж хоёр эдийн засагч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаагүй малчин болсон юм билээ. Аав автын инженер, ээж худалдагч мэргэжилтэй. Өвөө эдийн засагч. Ерөөсөө удмаараа л эдийн засагчид, тоо талдаа сайн толгой сайтай хүмүүс байсан гэх үү дээ. Манай ах Хашаат сумандаа ХААН банкинд эдийн засагч хийдэг. Том эгч хотод, дараагийн эгч хөдөө малчин, дүү дунд сургуулийн сурагч.

НАДАД ТООНЫ БИШ ТАМИРЧНЫ ТОЛГОЙ ЗАЯАСАН


-Тэгвэл та ч гэсэн тоонд толгой өвдөхгүй биз?

-Надад тоо бодох толгой биш, тамирчин байх толгой заяасан юм шиг байгаа. 5-6  дугаар ангидаа англи хэлний хичээлд их сонирхолтой, сайн ч байсан. Гэтэл манай ангийн нэг хүүхэд миний дэвтэр, англи хэлний толийг гуйж аваад алга болгосноос хойш англи хэлээ орхисон. Монгол хэл, биеийн тамирын хичээлдээ сайн байсан.

-Таны удамд барилддаг хүн байсан уу?
-Манайд том цолтой нэрд гарсан хүн байгаагүй. Аав, ээж ч тийм хүн байсан гэж ярьдаггүй.  Харин нутаг усандаа бяртай, том биетэй хүмүүс аавын талд байсан юм билээ. Миний өвөө  биерхүү том биетэй хүн байсан гэдэг.

-Айл гэрийг өнгөтэй өөдтэй авч явах нь эхнэр хүний үүрэг гэж ярьдаг. Та хэр сайн эзэгтэй вэ?
-Одоо хамаг юм толгой дээр ирсэн. Би азтай хүн. Найз залуу маань ажилд сайн. Тийм болохоор намайг ойлгоод гэрийн ажил нэг их хийлгээд байдаггүй. Бэлтгэлээ л сайн хий гэдэг. Гэхдээ хариуцлагаа ухамсарлаж, гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлэлгүй яах вэ.

-Аймгийн начин цолтой залуутай үерхдэг гэсэн үү. Найз залуугийнхаа ямар зан төрхөнд анх татагдаж байв даа?

-Манай найз залууг Батбаатар гэдэг. Аймгийн начин цол энэ тэр гэх цол байхгүй ээ. Одоо л үндэсний бөхөөр барилдахаар бэлтгэл сургуулилалт хийж эхэлж байна.  Их даруухан, ямар ч хүнтэй эвтэй харьцдаг. Мэдэхгүй чадахгүй юм гэж бараг байхгүй залуу бий. Анх 2007 онд З.Дүвчин багш дээр бэлтгэл хийх гээд ирж байхад манай хүн бэлтгэл хийдэг байсан. Тэгээд л танилцсан даа. Хамт амьдраад хоёр жил болж байна.

-Хоёр жил гэдэг бие биенээ таних хангалттай хугацаа байх. Та хоёрын хэн нь илүү буулт хийж, асуудлыг зөөлрүүлдэг вэ?
-Нэг их хэрэлдээд байдаггүй ч зарим нэгэн зүйл дээр маргах үе гарна. Ер нь байнга л манай найз залуу буулт хийчихсэн байдаг даа. Би их шартай. Ер нь буулт хийх дургүй сул талтай гэх үү дээ.

-Тамирчин хүн шартай байж амжилт гаргадаг гэдэг ч таныг харахад шартай дүр төрх харагддаггүй шүү дээ?
-Тийм байна уу. Би аймаар шартай. Гэхдээ муу шар байхгүй л дээ. Хүнд зөв шар байх хэрэгтэй гэж боддог.

-Таны хадмууд хэр хүмүүс байдаг вэ. Таныг бас хүндэлнэ биз дээ?
-Сайхан хүмүүс байдаг. Намайг төрсөн хүүхдүүдээсээ илүү хайрлаж хүндэтгэдэг. Би очихоор нэг л их том хүн байдаг юм. Эрхлээд л /инээв/. Одоогоор аав нь Солонгост ажиллаж амьдарч байгаа. Намайг олимпоос медаль аваад ирсний дараа ээж нь Монголдоо ирсэн.

-Та хоёр одоо хаана амьдарч байна. Өдий хугацаа өнгөрсөн юм чинь бүл нэмэх талаар бодож л байгаа байх даа?
-Ний нуугүй хэлэхэд хүүхэд төрүүлэх талаар бодож амжаагүй байна аа. Манай хүн харин бодож байгаа байх. Би ч яах вэ, барилдаад байвал барилдаад л байна. Бид хоёр “Хилчин” спорт хорооноос өгсөн хоёр өрөө байрандаа амьдарч байна. Энэ байрыг 2010 онд Дэлхийн аварга болоход ХХЕГ-аас өгсөн юм. Тус байгууллагын хамт олонд баярлаж явдгаа хэлмээр байна.

БИ ХӨРГӨГЧНИЙ НААЛТ ЦУГЛУУЛАХ ХООБИЙТОЙ

-Таны хообий юу вэ?
-Нэг их юм сонирхоод байдаггүй ч, тэмцээнд явахаараа очсон газар болгоноосоо хөргөгчний наалт цуглуулдаг болсон. Манай хөргөгч олон наалттай эрээн мяраан л юм байх болсон шүү. Эмэгтэй хүн л юм болохоор гадагшаа тэмцээнд явахаараа дэлгүүр хэсэх зав өөртөө гаргана. Гэхдээ тэмцээний дараа ихэнхдээ ядраад сулбайгаад уначихдаг юм.

-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Хүнд худлаа ярихгүй байхыг хичээдэг.  Заримдаа зайлшгүй худлаа хэлэх үе байна шүү.  Ерөнхийдөө юмаа энд тэнд хаяад яваад байдаг сул талтай. Утсаа, түрийвчээ хаячихна. Миний араас нэг хүн л юмыг минь хамж явдаг. Жаахан хайнга талдаа юм шиг байгаа юм. Харин өөрт ноогдсон ажил үүргийг сайн биелүүлдэг давуу талтай гэж би өөрийгөө дүгнэдэг.

-Их спортод хөл тавьсан үеэ дурсахгүй юу. Таныг Ц.Энхжаргал гавьяатыг хараад л бөх болох хүсэлдээ хөтлөгдсөн гэж ярьдаг юм билээ?

-Тийм шүү. Би 16 настай, есдүгээр ангийн сурагч байхдаа Дондов багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж барилдаад нэг жил болсон байлаа. Тухайн үед Энхжаргал эгч ид барилдаж байсан үе. Манай Дондов багш надаар уйгагүй мэх давтуулдаг байсан. Янз бүрийн юм хэлэхгүй ч “Чамайг З.Дүвчин багшид аваачиж өгнө” гэдэг байсан. Тэгээд л хэлсэн ёсоороо 2007 онд З.Дүвчин багшид авчирч өгсөн. Тухайн үед багш дээр ирэхдээ өсвөрийн Азийн аваргаас мөнгөн медаль авчихсан байлаа. Намайг ирэхэд багш дээр миний үеийн хүүхэд ховор байлаа. Багшийнхаа бага хүү Чимэдтэй хоёулхнаа  өглөөд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд заримдаа багштайгаа гурвуулаа хийдэг болсон доо.

-З.Дүвчин багшийг шавь бэлтгэх тал дээр мундаг, чадвартай гэж хүмүүс  ярьдаг юм билээ. Танд барилдааны арга барил, тактик гээд олон юм зааж сургасан хүн байх?
-Миний багш агуу хүн шүү дээ. Багшаасаа жаахан ч гэсэн юм авахыг хичээж чармайж байгаа ч, сэтгэлд нь хүртэл төгс сайн юм сурч чадахгүй байна. Ямар ч байсан бүтэн сурсан юм байхгүй ч сураагүй юм бас алга аа. Надад юм болгоныг нарийн зааж өгнө. Бүр үндсээр нь “Хөл энд, гар тэнд байх. Ингэж дайрах ёстой” гээд тайлбарлаж өгдөг. Бэлтгэл хийх цагийг хүртэл нарийвчлан гаргаж өгдөг. Тэмцээний тов тодорхой болоход л надтай тулж бэлтгэл хийдэг. Гүйвэл дагаад гүйнэ. Барилдвал дагаад хамт барилдана. Миний хаана унах, хаана үсчдэгийг бүгдийг мэднэ дээ. Тэмцээнд орохын тулд хариуцлагатай хандана. Гэхдээ багш намайг “Хэнэггүй байна. Буруу байна. Дэвжээн дээр гараад хэнэггүйтлээ” гэж загнадаг. Багшийнхаа үгийг сайн сонсоно.

БАГШ МААНЬ ЭРХЛҮҮЛНЭ, АРГАДНА, ААШИЛНА


-Та бас багшдаа их эрхэлдэг шиг харагддаг?

-Хүүхдүүд нь гайхдаг юм. Биднийг ингэж эрхлүүлдэггүй байж, чамайг илүү эрхлүүлэх юм аа гэдэг. Гэхдээ бэлтгэлийн цагаар багшдаа эрхэлнэ гэж юу байх вэ.

-Эрхлүүлэхээс гадна, загнах зандрах үе байдаг л байх?
-Байлгүй яах вэ. Том дуугарч загначихаад дараа нь өөрөө аргаддаг талтай. Олимпод явахын өмнө бэлтгэлийн үеэр багш юм зааж өгөхөөр нь би ерөөсөө сурдаггүй ээ. Тэгсэн чинь аймаар уурлахаар нь би гараад явчихсан. Угаасаа бэлтгэл дуусч байсан юм. Тэгтэл удалгүй араас дуудаад “Миний охин манайд айраг байгаа, хоёулаа ууя” гэж аргадаж байсан нь санаанаас гардаггүй. Аргадах ч,  аашлах ч үе бий.

-Та олимпоос чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын анхны медалийг авсан.  Асар их хариуцлага, үүргийг өөрт тань оноосон юм шиг санагддаг уу?
-Багш бид хоёроос шууд хамаарах юм биш л дээ. Манай ЧБХ-ны удирдлагууд, чөлөөт бөхөд сэтгэлтэй хайртай хүн болгон бидэнд сэтгэл зүрхээ зориулж, “Найрамдал” зусланд бэлтгэл хийх орчныг бүх талаар хангаж өгч байна. Компаниуд уух ус, олимпийн хорооноос идэх хоолыг бэлтгэж өгсөн. Д.Дагвадорж,  Д.Сумъяабазар хоёр аварга спортын зовлонг биеэрээ мэдэрсэн хүмүүс болохоор биднийг сайн ойлгодог. Мөн Б.Болд, Ч.Дамдиншарав багш нар байна. Энэ хүмүүс сэтгэлийн асар их дэм, урам зориг хайрладаг. Олон хүний оролцоо дэмжлэгтэйгээр авчирсан медаль болохоор хариуцлага өндөр байлгүй яах вэ. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт гэсэн нэр алдрыг хүртэхээр үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэхийн аргагүй их баярласан. Монголчууд чөлөөт бөхийнхнийг л медаль аваасай гэж бодож байсан байх. Монголчуудын маань сайхан сэтгэл цай сүүний дээж нь харж ивээсэн байх гэж боддог.

-Хүрэл медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Би итгэлтэй байсан.

-Олимпод О.Насанбурмаа та хоёрын хэнийг нь явуулахыг Чөлөөт  бөхийн холбооны удирдлагууд ярьж байгаад шийдсэн. Тухайн үед та хоёрын хэн хэнд нь хэцүү л байсан байх?
-Би 2011 онд О.Насанбурмаад хоёр удаа хожигдоод Дэлхийн аваргад явж чадахаа больж байсан. Тэгээд О.Насанбурмаа яваад хүрэл медаль хүртэж, олимпод оролцох эрхээ аваад ирсэн. Энэ онд манайд зохиогдсон “Мongolian open” тэмцээнд би хожоод дөрөвдүгээр сард болсон Монголын бүх ард түмний XIII их наадмаар би бас хожсон юм. Ингээд О.Насанбурмааг хоёр удаа хожсон болохоор яалт ч үгүй намайг хойш нь тавьчихаж болоогүй байх. Тэгээд л Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд найдвар хүлээлгэж явуулсан. Адилхан тамирчин нэг үед барилдаж яваа хүмүүс тухайн үед янз бүрийн мэдээлэл сонсохоор сэтгэл санаа хямраад тавгүй байсан.

О.НАСАНБУРМАА НАМАЙГ ДЭВЖЭЭНД ГАРАХАД “МЕДАЛЬ АВААРАЙ” ГЭЖ ХУРЦАЛСАН

-О.Насанбурмаа олимпод таны бэлтгэл хангагчаар явсан. Танд  юу хэлдэг байв?
-Бид хамт явсан. Надад сайхан урам зориг орохоор үг хэлээд дэвжээн дээр гаргаж байлаа. “Монголын 63 кг-ын жин дэлхийд ямар хүчтэйгээ харуулаад медаль аваарай” гэж хэлсэн. Энэ үг бол хэр баргийн хүнээс гарахааргүй үг. Намайг хурцалсан.

-2010 онд дэлхийн аварга болсноос хойш хүмүүс таныг сайн таньж, хүндэлдэг болсон байх?
-Дэлхийн аваргад барилдахаар явахдаа их хэцүү байсан. Хоёрдугаар сард олгой авахуулаад сар гаруй амраад хоёр сар бэлтгэл хийж байгаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа ерөөсөө бие маань сэргэж чадахгүй, их хүнд байсан. Долдугаар сард нь Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороод тавдугаар байрт орсон. Тэгээд ирэхэд хамаг бие сулраад уналтад орчихсон байсан. Манай чөлөөтийнхөн Сүүж уулын амралтад бэлтгэлд гарахад би хотод үлдэж эмчилгээ хийлгэн жаахан сэргэж, тамир тэнхээ орсон. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлсэн. Тэр үедээ магнайгаа хагартал баярлаж байлаа.

ХҮНЭЭС ТҮРҮҮЛЖ УНАХГҮЙ ГЭЭД Л ШҮДЭЭ ЗУУГААД БАРИЛДСАН

-Сэтгэлд үлдсэн хамгийн хүнд барилдаан гэвэл?
-Дэлхийн аваргад зооны аваргын төлөө барилдахад дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы бөх Айко Шодатай барилдахад хэцүү хүнд байсан. Ядраад бие сулраад байгаа нь өөрт мэдрэгдсэн. Нөгөө хүн ч гэсэн ядраад байсан. Энэ хүн ч гэсэн ядарч байхад би түрүүлж унах ёсгүй гэсэн бодолтой шүдээ зууж байгаад барилдсан минь санаанаас гардаггүй юм.

-Тамирчин хүний хөдөлмөр өөрийнх нь хөлс хүчээр амтагддаг гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл сайн хийж байгаа хүн гялалзаж амжилт гаргана. Би ч өөрөө бэлтгэлээ цаг тухайд нь сайн хийдэг.

-Зорилго хэмээх их уулын оргил өөд тэмүүлж, мацаж яваа хүний хувьд амжилт хэдэн хувьд хүрсэн гэж бодож байна вэ?

-Амжилтынхаа 70 хувьд хүрсэн. Одоо үлдсэн 30 хувь нь ойрхон санагдаж байгаа шүү. Залуу хүн цаашид олон уралдаан тэмцээн хүлээж байна, болох байх аа.  Энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан учир юундаа шантрах вэ. Нэгэнт бөх болно гээд  зорьсон хүн буцна юу байхгүй. Барилдах нь үндсэндээ миний ажил шүү дээ.

-Чөлөөтийн эмэгтэй тамирчдаас хэнтэй нь илүү аминчхан байдаг вэ?
-Бүгдтэй нь гайгүй харилцаатай. Санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авдаг. Хамгийн дотно хүн гэвэл Наранчимэг эгч байна. Найзууд зөндөө бий. Бидний дээд үеийнхэн  бидний замыг сайхан зааж, нээж өгдөг шүү. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын замнал нь засагдаад сайхан болж байх үед бид гарч ирсэн. Манай Энжаргал, Отгонжаргал, Бурмаа гээд эгч нар маань бас л хүнд үеийг даван туулсан.

ЗАВСАР ЗАЙГҮЙ ШИНЭ ЖИЛД ОРНО, ОЛОН УРИЛГАТАЙ

-Шинэ жил хаяанд ирлээ. Энэ тэндэхийн шинэ жилийн баярт уригдаж залагдаад эхэлсэн үү?
-Энэ баасан гаригаас эхлээд завсар зайгүй шинэ жилд орно. Өдөр болгон нэг шинэ жилд орох юм байна билээ. Залуучуудын спортын хороо гэж төрийн бус байгууллага саяхан байгуулагдсан. Шинэ жил нь баасан гаригт болох гэж байна. Энэ бол спорт, урлагийн салбарын залуучууд, нийгэмд байр сууриа эзэлсэн хүмүүсийн холбоо.

-Гоёлын даашинзаа бэлтгэж амжсан уу?
-Миний дээл, даашинзыг оёж өгдөг нэг эгч байдаг. Одоохондоо даашинзаа хийлгээгүй байна. Донжийг нь тааруулаад аятайхан хувцаслана.

-Таныг хүн зодсон, зодуулсан гэх мэдээлэл сонин хэвлэлээр  шуугиан тарьсан. Ямар нэгэн тайлбар өгөх үү?
-Энэ талаар яримааргүй байна. Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд өнөөдөр намайг жирийн нэг иргэн байсан бол хэн ч тоож сонирхохгүй шүү дээ. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальтай хүн заавал өндөг шиг өөгүй байх албагүй шүү дээ. Тэр явдлыг нэг талаас биш, олон талаас нь харж бичих хэрэгтэй байсан болов уу. Над руу дайрч доромжилсон хүмүүсийг энгийн хүн талаас нь харж байхад намайг яагаад бас хүн талаас нь харж болдоггүй юм бэ. Дэлхийн аварга, баян учраас  аархаад хүн зодсон гэх мэдээлэл гарсан. Би тийм хүн биш ээ. Хүнийг хүнд ямар сэтгэл гаргаж байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Зүгээр нэг гаднаас харчихаад “Батцэцэг чинь ярвагар юм байна” гэж дүгнэхдээ гол нь биш, харилцан ярилцаад ямар хүн чанар үнэртэж байгааг нь мэдэрдэг байгаасай.

О.САЙХАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж