&#34Хөлгийн ард ганцаараа суух эвгүй юм билээ&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

&#34Хөлгийн ард ганцаараа суух эвгүй юм билээ&#34

Монгол Улсын шатрын шигшээ баг болон “Алдар” спорт хороо, ХААН банкны тамирчин, олон улсын мастер (эрэгтэйчүүдийн) Б.Мөнгөнтуулаас цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр гэр бүлийн хамт 2000 онд Москва хотыг зорьж, Коньково дүүргийн 20 дугаар дунд сургуулийг 2005, Нийгмийн их сургууль (РГСУ буюу Российский государственний социальный университет)-ийг 2010 онд төгссөн билээ. Хойд хөршид яг 10 жил болсон тэрбээр өдгөө эх орондоо амьдарч байна.

-Та шатарт өдөрт хэдэн цаг зарцуулж байна вэ?

-Таваас зургаа.

-Таны шатар сурсан түүх сонин юм билээ. Ахыгаа ааваараа шатар заалгахыг хажуугаас харсаар байгаад сурсан гэдэг?

-Ах биш эгчид зааж байсан юм. Манай эгч оюутан болтлоо шатар тоглосон, дэд мастер цолтой. Аав дараа нь ах бид хоёрт шатар заасан.

-Та ОХУ-д олон жил амьдарсан. Анх очиход хэцүү байсан уу?

-Тийм шүү. Эхлээд 113 дугаар сургуульд ороход хүүхдүүд нь таалагдахгүй хэцүү байсан. Оросууд азиудтай нэг их харьцахгүй. Би Монголоо, ангийнхаа хүүхдүүдийг маш их санасан. Тэр сургуульд долдугаар ангидаа сурчихаад жилийн дараа шатартаа илүү анхаарах гээд өөр сургуульд орсон юм. Гэртээ хичээлээ үзээд, жилдээ хэдэн удаа очиж шалгалтаа өгдөг байсан.

-Эчнээгээр сурсан юм уу?

-Тийм ээ. Наймдугаар ангидаа ингэж сурчихаад есдүгээр ангид орох жилээ 20 дугаар сургуульд орсон. Манай ангийн багш, хүүхдүүд надад их сайн. Манай ангийн багш их сайн хүн байдаг юм. Би багштайгаа одоо болтол интернэтээр харилцдаг.

-Москва хотод байрлах дэл­хийн аварга М.Ботвинникийн нэрэмжит шатрын клубийн тухай ярьж өгөхгүй юу?

-Хоёр давхар байшин байдаг. Нэг давхартаа шатрын холбогдолтой ном, сэтгүүл зардаг цэгтэй. Намайг анх Москвад очиход тэр клубт тэмцээн их болдог байсан. Би амралтын өдөр бүр болдог түргэн тоглолтын тэмцээнд оролцож, томчуудтай тоглодог байлаа. Энэ нь надад их бэлтгэл болсон. Харин сүүлийн жилүүдэд тэмцээн болох нь цөөрч, хааяа том тэмцээн л зохиогдож байна. Ер нь Орост нийтийг хамарсан тэмцээн цөөрсөн. М.Ботвинникийн нэрэмжит Москва хотын шатрын клуб дөрвөн жилийн өмнө засварт ороод илүү гоё болсон.

-Москва хэр тайван хот вэ?

-Манай Конькова дүүрэг хотын захад болохоор тайван, хөдөлгөөн багатай.

-Нийт хэдэн улсад очиж үзсэн бэ. Сэтгэлд хоногшсон улс, хотоо нэрлээч?

-20 гаруй улсад очсон. Би далайн эрэг дээр очих дуртай. Өсвөрийн ДАШТ Испанийн Опоресад, далайн эрэг дээр болдог байсан. Бас Вьетнамын арал дээр Азийн бүсийн аварга болоход гоё байсан. Өвөл нэгдүгээр сард 30 хэм дулаан байсан шүү.

-Тэмцээнтэй үед өдөрт хэдэн цаг хүртэл унтдаг вэ?

-Өглөө 09:30 хүртэл унтана.

-2003 он танд сайхан дур­самж үлдээсэн. 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасан. Танаас залуудаа их мастер болсон шатарчин хэр олон бэ?

-Ер нь цөөхөн шүү. Украины их мастер Катерина Логно 12-13 насандаа их мастер болж, дээд амжилт тогтоосон байдаг.

-Олон улсын тэмцээнд өрсөлд­дөг шатарчдаас хэнтэй нь дотно харьцаатай байдаг вэ?

-Кабано гэж халимаг охин бий. Гэхдээ яг дотно ч гэж хэлж болохгүй юм аа. Бид тэмцээнтэй үед цуг сууж юм ярьж, хамт хооллодог.

-Та 2009 онд БНХАУ-ын Нан­жинд болсон Гранпри тэм­цээний үеэр хөлгийн ард ганцаа­раа сууж тоглосон. Үүнээс өөр ингэсэн тохиолдол бий юу?

-(Инээв). Тийм юм болсон шүү. Тэмцээний дундуур бие эвгүйрхэж, найм дахь өргийн дараа халуураад, дотор муухайрсан. Ингээд эмчид үзүүлэхэд салхин цэцэг туссан байсан. Тэгээд намайг Гранприд үргэлжлүүлж тоглуулахгүй, Хята­дын нэг аймаар эмнэлэгт хэвтүүлнэ гэж айлгасан шүү. Намайг тусдаа өрөөнд оруулж, малгай, маск, бээлий өмсүүлж тоглуулсан (инээв). Нэг шүүгч манай өрөөнд орж ирж миний нүүдлийг хараад өрсөлдөгчийн ширээнд очиж нүүж байсан. Хөлгийн ард ганцаараа суух эвгүй юм билээ. Үүнээс өөр ийм зүйл тохиолдоогүй.

Д.НАНЖИД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж