
Сүүлийн үед төрөл бүрийн хүчирхийлэл ихэсч байгаа, харин тэднийг хүчирхийлэлд өртсөн гэдгийг нотлох цорын ганц баримт нь шүүх эмнэлгийн магадлагаа байдаг. Энэ магадлагааг авахын тулд 150 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх ёстой гэнэ. Гэтэл хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь амьдралын боломжгүй, өрхийн орлого байхгүй, эсвэл ажил хөдөлмөрийн насанд хүрээгүй, өөрийн гэсэн орлогогүй хүмүүс байдаг байна. ТҮК-ийн ажилтны нэг сарын цалингаар ганц удаагийн шинжилгээ хийдэг дээрх тарифыг шүүх эмнэлгийн дарга тогтоосон, хүний эрхийн байгууллагуудад бүү хэл Өмгөөлөгчдийн холбоо хийгээд бусад хүмүүст энэ талаар ямар ч тайлбар хийдэггүй аж.
Энэ өндөр төлбөрийг төлж ганц удаагийн шинжилгээ хийлгэх боломжгүй иргэд шүүх эмнэлгийн үүднээс буцдаг бөгөөд цаашлаад хуулийн хамгаалалт авч чадахгүй дахин дахин бэлгийн хүчирхийлэлд өртөх муу үр дагавар гарч байгаа юм байна. Мөн үүнээс гадна шүүх эмнэлгийнхэн бусад шинжилгээнүүдийг гурваас таван мянган төгрөгөөр авдаг, үүнээс үүдэн зодуулсан, дээрэмдүүлсэн гээд гэмт хэргийн хохирогч болсон мөнгөгүй голцуу хүмүүс хуулийн хамгаалалт авч чадахгүй, гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсээр байгаа гэдгийг хуульчид хэлж байна. Хуулиараа Шүүх эмнэлгийг зодуулсан, хүчиндүүлсэн, гэмт хэргийн хохирогч болсон, осол аваарт өртсөн хүмүүсээс мөнгө ав гэж зааж өгөөгүй ч Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг өмнөх засгийн үед үзэглэн эмч, сувилагч нарын ажлаас бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх шийдвэрийг гаргаж байсан байх юм.
Эмнэлгүүдэд жилийн 400-500 орчим сая төгрөгийн зардлыг гаргахаас гадна тоног төхөөрөмж, сургалтын гээд төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг хийдэг, үүнийг татвар төлөгчдийн мөнгө гэж нэрлэгддэг төсвөөс гаргадаг аж. Тэр дундаа Шүүх эмнэлэгт хуваарилах зардал сүүлийн үед нэмэгдэж байхад улсын зардлаар санхүүждэг тус эмнэлэг ийнхүү өндөр ханштай босго тогтоож, үйлчилгээ үзүүлэх хүрээнийхэндээ үйлчилж чадахгүй, үүний цаана хэдэн зуун иргэд эрхээ эдэлж, хуулийн хамгаалалт авч чадахгүй байгааг анхааралдаа авах цаг нь болжээ.