Шинээр байгуулагдсан ССАЖЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс өчигдөр электрон шуудан ирлээ. Үүнд “МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 19-нд болно. ССАЖЯ-наас энэхүү чуулгантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцов. Энэ үеэр дэд сайд. М.Түмэнжаргал “Монголын Улсын нэрийн өмнөөс баг тамирчдаа бүрдүүлэн тивийн болон олимпийн наадамд оролцдог, улсаа төлөөлөн ОУОХ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг, улсын хэмжээнд биеийн тамир, спортын төв, орон нутгийн байгууллагуудтай ажиллаж төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг МҮОХ-ны бодлогод Монгол Улсын Засгийн газрын байр суурь туссан байх учиртай ба үйл ажиллагаатай нь уяалдан зохицож байх нь чухал” хэмээн онцлон хэлэв.
Удахгүй Улаанбаатар хотод болох МҮОХ-ны ээлжит чуулганы тухай албан ёсны мэдээллийг Засгийн газар, түүний дотор ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн аваагүй бөгөөд зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Иймд ССАЖЯ-ныхан МҮОХ-нд албан тоот илгээн холбогдох мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Яаманд ирсэн мэдээллээр МҮОХ-ны зохион байгуулалтын асуудал нээлттэй биш, сонгууль нь хэрхэн явагдах, иргэд түүнд хэрхэн оролцох талаар ойлголт байхгүй байгаа гэнэ. МҮОХ-ны ажил, үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх шаардлагатай ба иргэд спорт сонирхогч, тамирчин, дасгалжуулагч нар хүссэн мэдээллийг авч байх ёстой талаар олон төрлийн спортын холбоо, байгууллагууд тус яаманд хандаж байна.
Татвар төлөгч, олон нийтийн дэмжлэгт тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагын хувьд МҮОХ-ны чуулганы талаар олон нийт хангалттай мэдээлэл авч, бэлтгэн оролцох бололцоог нээсний дараа ээлжит чуулганыг хуралдуулах зүйтэй байна гэж ССАЖЯ үзжээ. Мөн МҮОХ-ны ээлжит чуулганы бэлтгэл ажлын явц байдалтай танилцах, тус яамны төлөөлөгчдийг чуулганд урьж оролцуулах, цаашид хоёр байгууллагаас спортын салбарт хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, төр засгийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах, санал, мэдээлэл солилцох ажлын шаардлага байгааг дэд сайд М.Түмэнжаргал онцлон ярьсан юм” хэмээн бичсэн байв.
Бэлээхэн Энэтхэгийн жишээ байсаар байтал Засгийн газар, түүний дотор ССАЖЯ МҮОХ-ны дотоод хэрэгт оролцож, чуулганыг хойшлуулж болох уу. Энэ нь Засгийн газар Үндэсний олимпийн хороондоо нөлөөлсөн үйлдэл баймаар юм.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин