Магнай нь тэнийсэн хүн

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Магнай нь тэнийсэн хүн

Шударга өрсөлдөөн, хэрэглэг­ч­дийн төлөө газрын дарга хэмээх ид шидтэй томилгооны эзэн О.Магнай олон хүний магнайг тэнийлгэсэн шийдвэрийг гаргаж, оны өмнөхөн ард түмэндээ гэнэтийн бэлэг бариад байгаа билээ. Тэгвэл түүнд зориулж бэлтгэсэн  гэнэтийн бэлгээ Ардчилсан намынхан задаллаа. Ардчиллын 23 жилийн ойн баяраар түүний магнай тэнийх шиг боллоо. Учир нь тэрбээр 2012 оны онцлох хүнээр тодорсон юм. Үнэхээр л тэр бол энэ оны онцлох хүн яахын аргагүй мөн. Иргэний хөдөлгөөний удирдагчаас иргэдийн эрх ашгийг хамгаалагч дарга болж хувирсан. Түүнийг “хүний эхлүүлсэн ажлаар хүүдэгнэж байна” гэж дургүйцэх хүн байхад “ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй” юм гэж сайшаах нь ч байна. Үнэхээр ч тэр өнөөдрийн энэ өдөртэй золгох гэж сайн, муу нэрийг хангалттай зүүж ирсэн нэгэн. Гэхдээ сайнаасаа муу нэр зүүсэн нь олонтаа. Харин цаг хугацаа өнгөрөх бүр муу нэрээ хусаж арилгах боломжийг олж авч чадсан тэрбээр үнэхээр азтай бас онцолмоор магнай нь тэнийсэн хүн. Энэ бүхэн нь Ардчилсан нам­тай хувь заяагаа холбосонтой нь холбоотой байж болох ч О.Магнай үнэхээр цаг үеэ мэдэрч ажиллаж чаддаг хүн юм. Магадгүй Ерөнхий сайдын шидэт томилгоо нь түүний энэхүү чадварыг олж харсантай нь ч холбоотой юм бил үү. Хэн мэдэх вэ. Цаашид олон хүний магнайг тэнийлгэх ажлыг их хийнэ гэдэгт нь олон хүн найдаж байгаа. Хэрэв тэдний итгэлийг алдахгүй ажиллах юм бол энэ хүн ч хол явна даа. Хол явна. Харин бүү хэтэрчихээсэй л билээ.

Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж