Хойд Солонгос алсын тусгалтай пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос алсын тусгалтай пуужин харвалаа

Сүүлийн үед Азийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Хойд Солонгос алсын тусгалтай пуужингаа харвасан тухай Өмнөд Солонгосын мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна. Умардууд өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн пуужин хөөргөсөн боловч амжилтгүй болсон билээ.

Хойд Солонгосын зүгээс ийнхүү пуужин хөөргөж буй нь сансарт хиймэл дагуултай болох төлөвлөгөөний нэгээхэн хэсэг хэмээн тайлбарлаж байгаа боловч бусад орнууд зэр зэвсгийн туршилт хэмээн хардаж буй юм. АНУ болон бусад орнууд өмнө нь НҮБ-аас гаргасан алсын тусгалтай пуужин турших хоригийг зөрчиж буй хэрэг болно гэдгийг БНАСАУ-д удаа дараа анхааруулж байсан билээ.  Хойд Солонгосын баруун эрэгт орших зурвасаас пуужинг хөөргөсөн тухай Өмнөд Солонгосын YTN телевизээр мэдээлсэн байна. Умардуудыг баллистик пуужин харвах сургаар байлдааны бэлэн байдал зарлаад байсан Японы талаас пуужин Окинава мужийн дээгүүр өнгөрсөн талаар мэдэгдсэн байна.

Пуужин Солонгосын хойг болон Хятадыг дайран өнгөрөх ёстой байсан бөгөөд хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөс өмнө Филиппиний ойролцоо унажээ.


НЭМЭЛТ 11.04 цагт:

БНАСАУ-ын пуужин Окинава арлаас харагджээ

Дэлхий дээрх хамгийн хүчирхэг арми, зэвсэгтэй Умард Солонгос холын тусгалт пуужин хөөргөсөн тухай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд өнөөдөр мэдээллээ. "Пуужин хөөрөөд удаагүй байхад Шар тэнгисийн радарын системд хөдөлгөөн илэрсэн” гэж БНСУ-ын армийн албаны хүн мэдээлснийг тус улсын “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Японы Засгийн газраас CNN-д утсаар тайлбар өгөхдөө өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9.49 минутад хөөргөсөн пуужин Окинава арлаас харагдсан боловч Япон алсын тусгалт пуужинг устгах гэж яараагүй гэнэ. Умард Солонгос энэ арванхоёрдугаар сарын сүүлээр сансрын хиймэл дагуулын пуужин хөөргөх гэж буй тухайгаа өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн нь дэлхий дахиныг цочирдуулсан. Харин Умард Солонгос өчигдөр буюу мягмар гаригт пуужинг хөөргөхөөр тавцан бэлтгэж эхэлснийг хиймэл дагуулаас авсан зургаар БНСУ-ын “Yonhap” нотлон харуулсан. Умардын энэ алхмыг АНУ, БНСУ зэрэг орнууд хиймэл дагуул нэрийн дор цөмийн баллистик пуужинг туршиж буй хэрэг хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Харин Умард Солонгос үүнийг сансрын тойрог замд хиймэл дагуулын пуужин хөөргөх шинжлэх ухааны туршилт гэж тайлбарласан байна. Умард Солонгос пуужинг энэ арванхоёрдугаар сарын 22-нд хөөргөнө гэж энэ сарын эхээр мэдэгдсэн боловч өнгөрсөн бямба гаригт тус улсын төрийн мэдээллийн агентлаг туршилтын хугацааг хойшлуулсан гэж мэдээлсэн нь чулуу хөөлгөсөн хэрэг байжээ. KCNA төрийн мэдээллийн агентлагаар Умард Солонгосын Сансрын технологийн зөвлөлийн төлөөлөгч пуужингийн хяналтын системд доголдол гарснаас туршилтыг хойшлуулах болсон гэж мэдээлсэн аж.

Умард Солонгос өмнө нь 2006, 2009 онд мөн хиймэл дагуулын туршилт нэрийн дор пуужин хөөргөсөн боловч амжилтгүй болж, олон улсын шүүмжлэлийн бай болсон юм. Умард Солонгосын өнөөдөр өглөө хөөргөсөн пуужинг Солонгосын хойг болон Хятадын хилийн заагаар дайруулан, сансрын тойрог замд ороход пуужингийн хэлтэрхий нь Филиппинийн ойролцоо унахаар төлөвлөсөн байжээ. Гэвч пуужингийн туршилт амжилттай болсон эсэх болон хэлтэрхий нь хаана унасан нь одоогоор тодорхойгүй байна. Пхеньянд пуужин хөөргөх нь Умард Солонгосын ард түмний эцэг Ким Чен ИрИЙн хамгийн том хүслийг биелүүлж буйгаас гадна тус улсыг үндэслэгЧ Ким Ир Сений төрсний 100 жилийн ойд зориулсан том алхам гэдэг суртал ухуулга хүчтэй байгаа аж. Тус улсын удирдагч агсан Ким Чен Ирийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд нас барсны дараа түүний хүү Ким Чен Ун төр, цэрэг армийн эрхийг гартаа авсан билээ.

НЭМЭЛТ: 12:45 цагт:

Өнөөдөр
орон нутгийн цагаар өглөөний 09:49 цагт хөөргөсөн пуужингийн туршилтын
харвалтыг олон улсын хэмжээнд эсэргүүцэж байгаа тухайгаа улс гүрнүүд
мэдэгдсээр байна. Хамгийн түрүүнд эсэргүүцлийн мэдэгдэл хийсэн улс нь
Япон. Тэд Хойд Солонгосын пуужин харвасан үйлдлийг олон улсын харьцааг
хурцатгах үйлдэл хэмээн мэдэгдээд байна. “Энэ үнэхээр шагширмаар үйл
явдал. Хойд Солонгос гэдэг улс бол дэлхийн улс. Дэлхийн улс гүрнүүдийг
түгшээсэн ийм үйлдэл хийх нь зүйд нийцэхгүй хэрэг” гэж Япон улсын
Аюулгүй байдлын хорооны дарга Осаму Фужимура мэдэгдсэн байна. Харин
Өмнөд солонгосчууд энэ байдалд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй
байгаа юм. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн түгээснээс
үзвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мун Бак яг одоо маш нууц төвшний
хуралдааныг Засгийн газар болоод Аюулгүй байдлын зөвлөлийн дунд “Хөх
ордонд” зохиож байгаа аж. АНУ ч энэ асуудалд сөрөг байр суурьнаас хандаж
байна. “Хойд Солонгосын энэ үйлдэл Ази тивийн хэмжээнд маш хурцадмал
байдлыг үүсгэлээ. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд
анхааралдаа авна гэдэгт найдаж байна” гэж гадаад харилцааны асуудал
хариуцсан нарийн бичгийн дарга Виллиам Хааг ярьжээ. Дэлхийн
бусад орнуудын мэдээлж байгаагаар G-20 уулзалтыг оноос өмнө хуралдуулж
магадгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар яг
одоо НҮБ-ын аюулгүйн зөвлөл ээлжит бус хурлаа зарлаад байгаа аж.

НЭМЭЛТ: 17.00 цагт:

Умард Солонгос өнөөдөр өглөө хөөргөсөн хиймэл дагуул сансрын тойрог замд
орсон  тухай мэдээлж, энэ үйл явдлыг харуулсан тусгай баримтат
нэвтрүүлгийг улс орон даяар телевизээр дамжуулахаар төлөвлөж байгаа
гэнэ. БНСУ, Японы Батлан хамгаалахын албаны хүмүүсийн баталж буйгаар
Умард Солонгос өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 9.49 цагийн үед
хөөргөсөн. АНУ ч мөн сансрын тойрог замд “шинэ төхөөрөмж” илэрснийг
баталжээ.

Японы Батлан хамгаалахын төлөөлөгчийн мэдээлснээр
пуужингийн хэлтэрхийн нэг хэсэг Солонгосын хойгийн орчим далайд, нөгөө
хэсэг нь Филиппиний зүүн эргийн хавьцаа унасан гэнэ. Умардын энэ алхам
АНУ, БНСУ, Япон зэрэг орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тэдний аль
нь ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч И
Мён Бак Умардыг пуужин хөөргөсний дараа Үндэсний Аюулгүй байдлын
зөвлөлөө яаралтай хуралдуулжээ.

Ойрын болон дунд тусгалын
пуужингийн технологийг хэдийн нэвтрүүлсэн Умард Солонгос залуу удирдагч
Ким Чен Уны удирдлагаар хоёр дахь удаагаа алсын тусгалт пуужин туршиж
байгаа нь энэ юм.  Ким Чен Ун  Умард Солонгосын үе залгамжилсан хоёр
дахь удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа түүнийг залгамжилсан билээ.
Пхеньянд хиймэл дагуулын пуужинг Умард Солонгосын эцэг гэгдэж байсан
Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан том үйл явдал хэмээх
суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа гэнэ. Барак Обама АНУ-ын
ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
болоход хэдхэн хоног дутуу байгаа ийм үед Умард Солонгос ийм алхам
хийсэн нь санамсаргүй тохиолдол биш гэж ажиглагчид бичиж байна.

Умард
Солонгосыг АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хиймэл дагуулын туршилт нэрээр
халхавч хийж, алсын тусгалт баллистикт пуужин туршиж байна гэж
буруутгаж байгаа юм. Умард Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард пуужингийн
эхний туршилтыг явуулсан боловч пуужин хөөрсөн даруйдаа унаж, амжилт
олоогүй юм. Пуужингийн туршилт нь цөмийн зэвсгийн том амбицтай
Умард Солонгосын хувьд маш чухал үйл явдал. Хэдийгээр Умард Солонгос
цөмийн хэд хэдэн технологи нэвтрүүлж туршсан боловч АНУ болон олон улсад
аюул занал учруулахуйц цөмийн цэнэгт хошуу бүтээх чадвартай гэдэг нь
эргэлзээтэй аж. Гэвч 1956 онд анх цөмийн хөтөлбөр эхлүүлсэн Умард
Солонгос алсын тусгалт цөмийн пуужин бүтээх гэж сүүлийн жаран жил
хөөцөлдөж байгаа билээ. Олон улсын цөмийн шинжээчдийн баталж буйгаар
алсын тусгалт баллистик пуужин болон хиймэл дагуулын пуужингийн бүтэц,
загвар, зарим технологи нь төстэй юм байна. Пхеньяны алсын тусгалт
пуужингийн энэ удаагийн туршилт 1998 онд Японы арлын дээгүүр хөөргөсөн
пуужингаас хойшхи тав дахь оролдлого аж.

Умард Солонгос
өнөөдрийн болон сүүлийн пуужинг Хятадын хилийн хот Дандунаас 56 км-ийн
зайтай Солонгосын баруун эргийн Тончанг-ри тосгон дахь цөмийн баазаас
хөөргөсөн ажээ. Цөмийн энэ бааз нь Умард Солонгосын цөмийн чухал бааз 
Йонбёноос 70 км зайтай оршдогоос гадна өмнө нь пуужин хөөргөж байсан
газруудыг бодвол зам, дэд бүтэц сайтай юм байна. Өнөөдрийн пуужингийн
туршилт 1953 оны Солонгосын хойгийн дайнаас хойш далд сөргөлдөөнтэй
байгаа хоёр орны хүйтэн харилцааг тааварлахын аргагүй түгшүүртэй болгож
байна. БНСУ-ын холбоотон АНУ тус арал дээр 30,000 цэргийг байлдааны
бэлэн байдалд оруулжээ. Харин Япон арал дээр түүнээс хэд дахин олон
цэрэг Умард Солонгосын хэрхэхийг хүлээн бэлэн байдалд байгаа аж.

Умард
Солонгосыг 2009 онд цөмийн туршилт явуулсны дараа НҮБ-ын Аюулгүйн
зөвлөл тус улсын цөмийн хөтөлбөрт хориг тавьж, баллистик пуужингийн
технологийн ямар нэгэн туршилт явуулахыг хориглосон юм. Өнгөрсөн
дөрөвдүгээр сард Умард Солонгос алсын тусгалт пуужинг хиймэл дагуулын
туршилт нэрээр явуулахад Аюулгүйн зөвлөл баллистик пуужингийн технологи,
цөмийн зэвсгийн экспорт, санхүүг хариуцдаг төрийн өмчит гурван компанид
эдийн засгийн  хориг тавьсан юм.  Аюулгүйн зөвлөл мөн Умард Солонгост цөмийн технологи нийлүүлж, худалдахыг бусад улс орнуудад хориглосон.

Умард
Солонгос 1998, 2006, 2009, 2012 оны дөрөвдүгээр сард алсын тусгалт
пуужин туршсан боловч амжилтгүй болсон юм. АНУ-ын цөмийн шинжээчдийн
таамаглаж буйгаар Умард Солонгост цөмийн зургаан бөмбөг бүтээхэд
хүрэлцэхүйц плутони байгаа аж. Тус улс 2010 онд цөмийн зэвсгийн бас нэг
түүхий эд болох ураныг баяжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Умард
Солонгосын албаны хүмүүс хиймэл дагуулын пуужингийн хэлтэрхий хөрш
орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулахгүй гэж
мэдэгдсэн ч Японы Батлан хамгаалах яам тус улсын нутаг дэвсгэрт
пуужингийн сэг унавал шууд устгах тушаал өгсөн байна.

Дүрстэй мэдээг ЭНД дарж үзнэ үү

Орчуулсан Н.ЭНХ, Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж