Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Японы бага дунд сур­гуулийн сурагчдын дунд “ижимэ” хэмээх гамшиг нүүр­лэж олон хүүхдийн хувь заяа, амьдрал, амь на­сыг авч одсон байдаг. Энэ­хүү хар хорын өвчин Японы төр засаг, сургууль хамт олон, багш, эцэг эх­чүү­дийг шар махтай нь хатаах гэгч болж байна. Ижимэ (bullying) хэмээх энэ үзэгдлийг судлаачид хар хор, атаа жөтөө, хийр­хэ­лээс үүдэлтэй, хорон санаагаар бусдыг турхи­ран бусдаас бяд муутай, сулхан нэгнээ эсвэл бус­даас тохой илүү, чадалтай, сурлага сайтай нэгнээ зориуд ганцаардуулан хамт олноороо бие мах­бодийг нь гэмтээх, сэтгэл санааг нь түгшээх, ам хэлээр гутаан доромжил­соор түүнээс ангийн бүх сурагчид нүүр буруулан эцэст нь шархалсан зүрх­тэй жаал хүү, охин гэрээс­лэл үлдээгээд амиа хор­лодог юм.

Судлаачдын үзсэнээр, ямар хүүхэд ижимэд илүү өртдөг вэ гэхээр бусдаас онцгой ямар нэгэн чадвар аль эсвэл онцлог байдагт оршино. Бяд царай зүс муутай гэхээс илүүтэй өөлөх юмгүй, сурлага, спорт, урлагийн онцгой авьяастай, бүх зүйлээр тэгш байх нь өөлөх, ижимэ хийхийн гол нөхцөл болсон байх нь элбэг ажээ. Харин ямар хүүхэд ижимэ хийж, бус­дын хувь заяа, амьдрал, амь насыг егүүтгээд байна гэхээр бяцхан цээжиндээ атаа жөтөө, хонзон, хар хорыг бусдаас илүү тээгч, бусдыг мууд турхиран дуудагч, бусдын зовлонг харж баясагч сэдэл аль эрт суусан мууд л хэрсүү болохоос бусдаас ялгарах юмгүй нэгэн бай­даг аж. Ийм мууд хэр­сүүж­сэн хүүхдээс бусдыг нь хамгаалах чиглэлээр багш нар түлхүү ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, хоттой хонийг бүгдийг нь хамгаалах гэж үйлээ үзсэ­нээс хонин дотор орсон бяцхан чоныг нүд хар­галзалгүй харж байх нь илүү дээр гэж үздэг бололтой.

Ижимэд өртсөн хүүх­дийн сэтгэлийг хамгийн ихээр шархлуулдаг зүйл юу вэ гэвэл хамт олон, группээрээ түүнийг “үзэхгүй болдогт” оршдог байна. Хамт олны дотор буй зөөлөн сэтгэлтэй, сайн мууг ялган ухаарах сэтгэлтэй нэгэн нь зодуулж байгаа түүнийг аврахаар ухас хийвэл өөрөө ижимэд өртөхийн үүд хаалга болох тул бэргэнэ. Дэмий л дотроо өмөлзөнө. Ангийн нөхдийн дийлэнх нь “Муу хогийг сайн болгож тавь” гэж урьдын өчүүхэн зүйлийг ч хамаатуулахыг оролдоод хамт олонтойгоо санаа нэг байгаагаа илэр­хийлээд авна. Хүүхдүү­дийн бяцхан цээжин дотор бурхан, буг хоёр зэрэгцээд суух нь тэр.

Харин манай Монголд их өөр юм энэ ижимэ. Дунд сургуулийн балчир хүүхдүүд ижимэ хий­дэггүй, харин томчууд тэр дундаа төрийн томчууд хийдэг ажээ. Япончууд гайхаш нь барагдах байх. Томчууд ижимэ хийдэг улс орон гэж байх уу, хууль ёс гэж байдаггүй юм байх даа гэж бодох биз. Томчуудын ижимэ том байдаг, төр засгийн эрх мэдлээс үүдэлтэй, Төрийн ордон хавиар эхлэлтэй ажээ. Намын ижимэ, төрийн ижимэ гэсэн хоёр хэлбэртэй. Намын ижимэ нь голдуу сонгуулийн үеэр хийгдэнэ. Засуул нь эсрэг бөхөө засчихна. Эсвэл шат шатны сонгуульд зориу­даар ялагдуулна, өөрөөр хэлбэл намын “хамгаа­лалтгүй” бусдад хаяж өгнө. За тэгээд намын бусад нөхөд би энэ хүнтэй л хамаагүй шүү гэцгээн нүүр буруулцгаана, төрөл арилжсан мэт. Ижимэд өртсөн жаал хүүгийн зовлонг мань нөхөр эдлэж гарна даа. Энэ бүх булхайг арай ядан нуухыг бас ижимэ болсон нөхөртэй холбоогүй гэдгээ батлахыг оролдон элдвээр аяглах улстөрчдийн нүүр царай телевиз, сониноор зайлуул “чойгоо гээсэн хуврага” аятай их л өрөвдмөөр харагдана, иргэдийн хөх инээд цухал хоёр зэрэг­цэнэ. Ийм марзан төрхийг киноноос биш амьдаар үзлээ.

Намын ижимэгээс төрийн ижимэ бас онцлог ялгаатай. Яагаад гэвэл нам дамжсан бүлэглэлүүд оролцоно. Цар хүрээ өргөн. Хавсарч хавсайдна гэх үү дээ. Мөнөөх намын ижэмэчин нөхөд бариад аваарай, сайн зод, бид дэмжлэг үзүүлж болно шүү гэх мэтээр шархан дээр нь давс цацах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл нэг ангийн хүүхдийн ижимэд өөр ан­гийнхан хүч түрэн хавсай­даж оролцох тул илүү их зовлон эдлэж, байх суу­хын газаргүй болно гэсэн үг. Юуны өмнө бэлтгэл ажлаа эртнээс дэс дараа­лал­тай тодорхой төлөвлө­гөө­тэй хийж эхэлнэ. Со­нин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө хаяж, он удаан жил мань эрийг бичлэгийн бүхий л төрөл жанраар хорон бөгөөд хоржоонтойгоор бичиж НИЙГМИЙН ХАМ­ГИЙН ТОМ МАНГАС болгон харуулж залуучууд, бодит мэдээллээс хол хүмүүсийн тархийг угаах ажлыг үндэсний хэм­жээнд хийх ёстой хийж чадвал төрийн шагналыг баруун солгойгүй өгнө дөө, соёлын гавьяатаас эхлээд төрийн соёрхлыг хүртэл хүртээнэ. Нийг­мийн сэтгэл зүйг ингэж бэлдсний дараа зохион байгуулалтын ажилдаа орно. Чухал албан тушаалд “өөрийн хүсэлтээр чө­лөөлөх, орны хүнийг нь тохоон томилох” гэгч нэлээд хүнд ажилд ханцуй шамлан ороод удаа ч үгүй хап гээд бариад авна. Ба­риад гэдэг нь мань эрийг шоронд хийнэ гэсэн үг шүү дээ.

Ийнхүү харийн орны нялхсын өвчин манай Монголд том хүмүүсийн томоор өвчилдөг ихээхэн урхагтай, нийгмийн сэт­гэл зүйн ДОХ хэлбэ­рээр газар авах боллоо. Хэн нэгэн хүний атаа жөтөө, хар хор, өс хонзон, айдас хүйдэс бас зэрлэг цэн­гэлээс болж Монголын нийгэм тэр аяараа ялан­гуяа хууль, шүүх прокурор, бусад хүчний байгууллага урьд хожид байгаагүйгээр хүндээр өвчиллөө. Одоо шүүх засаглалын шинэчлэл гэгч шүүрэн шанага шиг са­наг­дах боллоо. Ардчилсан нам ардчилсан бус нам гэдгээ харуулах болов.

Энэ удаагийн “ижи­мэ”-д Намбарын Энхбаяр өртсөөр эдүгээ дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

23 жилийн тэртээх өвлийн хацар хайруулсан жаварт туг барин цагаан хоолой болж зогссон хүнийг бусдын эрх эрх чөлөөг уландаа гишгэж, дарангуйллыг өөрийн биеэр эхлүүлнэ гэж хэн ч зүүдлээгүй буй за. Гэхдээ авилгаас салах гэх сайхан нэр тэр дундаа ард түмний хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа тэр нэрийг ашиглаж ардчиллыг нухчин дарахын бодит жишээ болно гэдэг ёстой Баабарын хэлдгээр хувь заяаны шоглоом гэлтэй. Улстөрчид байтугай хэн хүнгүй авилгаас салахыг хүсч байна. Гэхдээ авилга нэрээр өрсөлдөгчөө намнаж “төрийн ижимэ” хийх гэдэг нь Э.Бат-Үүл, С.Ганбаатар, О.Магнай­гийн шударга ёс тогтоох гэсэн оролдлого, зүтгэлээс тэс өөр болохыг хүмүүс эрхбиш мэдээд байна, мэдрээд байна. Ард түм­нийхээ тэн хагасаас илүү хүний эрх, эрх чөлөөг нухчин байж тогтоогоод байгаа өнөө цагийн “ард­чилал, шууд ардчилал” хэдхэн хүний амбиц-зэрлэг цэнгэл юм гэж үү.

Эцэст нь “ижимэ” бо­лоод байгаа Н.Энхбаярын тухайд хэдэн үг хэлье.

Авилгын загал­майл­сан эцэг, төрөөс төрсөн тэрбумтан, хамгийн багаар бодоход долоон тэрбумыг хусчихсан, муу муухай бүхний “үүр уурхай” ха­рин наад зах нь монгол хүнд газар өмчлүүлж өг­сөн гавьяатай нэгэн. Ин­гэж МОНГОЛЫН ХАМ­ГИЙН ТОМ МАНГАС болж олон жил цоллуулж, хүчний бай­гууллага бү­хэл­дээ дөрвийн дөрвөн жил үр удмаар нь ухаж төнхөөд 400-800 цаг­даагаар “оймс­дуулаад” ч, “сагсайдуу­лаад ч” авил­га хэдийг аваад хэдийг өг­чихснийг тог­тоож чад­сангүй. Харин эсрэгээрээ дөрвийн дөр­вөн жил ухуулаад юу ч гарсангүй гэсэн үг. Одоо бусдын өмч болсон эвдэр­хий балгас, ашигтай ажил­лаад байгаагаа гай­хаад байгаа нийслэлийн өмч хоёрт холбогдуу­ла­хаар шүүгчид шар мах­тайгаа хатаж сууна. Хаан шалдан байна гэдэг шиг шалдан байж шүү дээ. Эх орныхоо баял­гаас үнэ­нээсээ туучихсан энд тэнд хэхрүүлээд яваа төрийн шилийн сайн эрчүүд за­хаа­саа аваад байна. Тэд­ний дэргэд шалдан ноён. “Ижимэ” болохын зов­лонг дөрвөн жил амсаж бие, сэтгэл, үр удмаараа хохироод байгаа ч “Энэ намыг хэн ийм болгочих­сон юм бэ”, “Энэ төр ул­сыг хэн ийм болгочих­сон юм бэ” гэж нүүр бардам асуух эрх харин Н.Энхбаярт байх шиг. За тэгээд хамгийн том гавьяа бол төр засаг, шүүх засаг­лал, хувь улс төрчдийн үнэн нүүр царай, багийг хуу татан хаяж реалити шоу болгосонд л оршиж байна. Ард бидний нүдийг нээхэд энэ хүний оруул­сан гавьяа их бололтой. Нээрээ ч ардчилсан улс юм шиг бодогддог байсан даа саяхан манай улс.

О.ЖАРГАЛСАЙХАН

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж