Баруун бүс тэр ялангуяа Баян-Өлгий аймгийн ард түмний амьдралд чухал нөлөө үзүүлэх ордыг хэзээ ашиглалтад оруулах нь оньсого хэвээр байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах стратегийн ач холбогдолтой, таамаг нөөцөөрөө 912 мянган тонн мөнгөтэй гэх Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар сураг чимээ тасрав. Анх уг ордыг стратегийн бус ордод хамааруулж байсан. Харин 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарч Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын нэгдүгээр хавсралтад хамааруулсан байна. Эл ордын дөрвөн лицензийг Орос, Монголын тал 49:51-ийн харьцаатай эзэмшдэг. ОХУ-ын талаас “Ростехнологи” ХХК, Монголын талаас Төрийн өмчийн хороо төлөөлөн хариуцдаг. Уг ордод ганц мөнгө ч биш маш олон төрлийн газрын элементүүд байгааг геологичид судалсан аж. Тухайлбал, 2389 тонн хүдэр, 1644 тонн хүдэр, таамаг нөөцөөрөө 6000 мянган тонн мөн 234 мянган тонн зэс бий гэнэ. Хэрэв энэ бүхнийг олборлож эхэлбэл дор хаяж 1000 хүн ажлын байртай болж, 15-20 мвт-ын дулааны цахилгаан станц барина. Мөн 200 киломтетр гаруй хатуу хучилттай зам тавина гэсэн үг. Тэгвэл ордыг ашиглахад чухам юу саад болоод байна вэ.
Тус ордтой холбоотой асуудлын талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Асгатын ордыг ашиглая гэхээр хамгийн гол нь дэд бүтцийн асуудал дээр гацчихаад байж байна. Учир нь Баян-Өлгий аймаг бол өндөр уул, хадтай дэд бүтэц хөгжөөгүй газар. Хөрөнгө оруулалтын хувьд маш төсөв шаардана. Дор хаяж 20-иод сая ам.доллар хэрэгтэй байгаа. Оросын талтай хамтран энэ ордыг ашиглах санал тавьсан. Харин саяхан хоёр улсын зөвлөл хуралдаж ордыг ашиглах талаар ажлын хэсэг байгуулсан байна билээ. Мэдээж хэрэг тэд нарийвчилсан судалгаа хийсний дараа ордыг хэрхэн ашиглах талаар гарц нь тодорхой болно” гэлээ.
Тэрбээр ийн хэлэв. Дашрамд дурьдахад 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа явуулсан байдаг. Тэд манай улсын ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 километр үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 километрт геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980- аад оны сүүлээр Асгатын мөнгөний орд, Хөвсгөлийн фосфор, Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж.
Л.БААТАРХҮҮ
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин