Н.Батцэрэг: МАХН-ынхан МҮАН-д мэдэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: МАХН-ынхан МҮАН-д мэдэгдээгүй

Цаг үеийн болон улс төрийн зарим тулгамдсан асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч нэг нам болох МАХН Засгийн газраас сайдуудаа татах тухай шийдвэр гаргаад арав шахам хонож байна. МАХН, МҮАН хамтарсан мэдэгдэл хийх талаар яригдаж байсан боловч хийсэнгүй. Энэ мэдэгдлийг сэтгүүлчид их хүлээсэн. Хүлээж тэвчилгүй танд хандаж байна л даа. Эвсэл хавиар болоод  улс төрд одоо яг юу болоод байна вэ?

-МҮАН бол Засгийн газар тогтвортой ажиллаж мөрийн хөтөлбөрөө амьдралд хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Энэ байр суурь хэвээрээ байгаа. МАХН-хан  нарийн бичгийн дарга нараа өдөр бүр хуралдуулж нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа гэсэн. Ямарч тохиолдолд аль нэг намынх нь гаргасан шийдвэр эвслийн эцсийн шийдвэр биш. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг эвслийн Удирдах зөвлөл дээр ярих ёстой. Дараа нь Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр, чиглэлийг харгалзан бүлэг байр сууриа илэрхийлнэ. Тэгээд ч одоогоор Удирдах зөлөлийн хурлыг зарлаагүй, МАХН-ын зүгээс гаргасан шийдвэрээ бичгээр албажуулж, МҮАН-д ч тэр, бүлэгт ч тэр ирүүлээгүй байна.

-Тийм бол  “Шударга ёс” эвсэл УИХ дахь бүлэг дээрээ энэ талаар огт яриагүй юм байна гэж ойлгож болох уу?

-Гишүүд хоорондоо мэдээлэл, санал бодлоо солилцож ярилгүй яахав. Нэг зүйл дээр бол бүгд санал нэгдсэн байгаа. Асуудал яаж ч яригдсан энэ нь эвсэл задрах, бүлгээ эрсдэлд оруулах ёсгүй шүү гэдэг дээр.

-Удирдах зөвлөл хуралдвал тэнд МАХН-хан олуулаа учраас МҮАН ямар ч байр суурьтай байсан асуудал МАХН-ын саналаар шийдэгдэх юм биш үү?

-Тооны үзүүлэлтээр хандвал тийм байдал харагдаж байгаа. Гэвч МАХН, МҮАН гэсэн хоёр намын бүрдүүлж буй эвсэл нөгөө намаа огт харгалзалгүй шийдвэр гаргавал юу болохыг мэдэхгүй юм. Ямар ч байсан манай МҮАН-ын гишүүд нийтийн эрх ашгаа бодсон шийдвэрт хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Н.Энхбаяр нарт холбоотой хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийн талаар эвсэл дээр ярьж байгаа юу?

-Бас л эвслийн Удирдах зөвлөлийн хурал зарлагдаагүй учраас албан ёсоор яриагүй байна. Харин МАХН-ыхан бол нам дээрээ ярьж байгаа байхаа.

-Танай МҮАН  дээр болоод эвслийн бүлэг дээр яриагүй гэсэн үг үү гэх эргэлзээ дахиад төрлөө?

-Манай МҮАН-ын  гишүүд мэдээлэл авч, санаа зовж, санал солилцож байгаа юм бол байлгүй яахав. Гэвч шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй гэсэн итгэл үнэмшлээр л хандаж байгаа. Хяналтын шатны шүүх хурлын шийдвэртэй холбогдуулаад хувийн байр сууриа хэлэхэд ямар ч байсан анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын  дөрвөн үйлдлийн хоёрыг нь алдаатай гарсан,  үндэслэлгүй гэж үзсэн юм байна. Иймээс шүүхийн бүхий л процессийг дуустал явах ёстой л гэж бодож байна.

-Ер нь аль нэг намын шийдвэрээс болж төр, Засгийн ажил эрсдэлд ороход хүрдэг ийм байдал хэр зөв бэ. Аливаа улс төрийн намын ард тухайн намын хэдхэн нөлөө бүхий хүний л эрх ашиг байдаг биз дээ?

-Маш том сэдэв хөндөж байна. Ардчилсан, ардчилаагүй аль ч улс оронд  уг нь намаар хайрцаглаж улс төрөө авч явдаг схем байна. Бүр дэлхийгээрээ тийм байна. Гагцхүү тэр нам гэсэн хайцаг доторх хүмүүс тодорхой үзэл санаа, хөгжлийн хувилбар дээр нэгдэж, түүгээрээ ялгарч өрсөлддөг жамтай. Тэр  нь Монголд бараг байхгүйтэй холбоотойгоор намуудын нэр хүнд унаад байна.Баруун, зүүний үзэл баримтлалтай гэж худлаа моодорхож ярьдаг болохоос манайд үзэл санааны өрсөлдөөн үнэхээр байхгүй.  Түүнийг гаргаж ирдэг, авч явдаг лидерүүд үнэхээр дутагдаж байгаа. Харин ч 19 90-ээд оны эхэн, дунд үед намууд үзэл баримлалаараа өрсөлдөж, зарчим баримталж, гишүүд нь итгэл үнэмшлээрээ улс төрд оролцдог байсан юм шүү. Тэр сайн эхлэлийг авч явж чадсангүй.  Одоо энэ алдаагаа засах хэрэгтэй.

-Яаж засах ёстой гэж?

-Бүх намыг татан буулгаад дахин зохион байгуулах хэрэгтэй. Тэдэн зуун мянган гишүүнтэй гэдэг худлаа тоог болих хэрэгтэй.  Хавтгайрсан улстөржилтийг халъя. Намууд хандив авах явдлыг хуулиар хориглоё. Парламентын намуудыг улсын төсвөөр санхүүжүүлье.  Дараа нь хөндлөнгийн аудит оруулаад төсөв идсэн уусан, буруу зүйлд зарсан байх юм бол холбогдох хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээгээд, нам нь дараачийн сонгуульд ордоггүй, эсвэл татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой.

-Сайхан санаа байж магадгүй. Гэхдээхэрэгжүүлнэ гэхээр хийж чадахгүй биз дээ. АН, МАН гээд намууд өөрсдийгөө татан буулгана гэж хэлж зүрхэлнэ гэж үү?

-Хэрэгжүүлэх ёстой.  Ялангуяа хэдэн тэрбумаар тоологдох ам.долларын санхүүжилт бүхий том төсөл хөтөлбөрүүд, их бүтээн байгуулалт яригдаж буй үед улс төрөө сайтар цэгцэлж авах ёстой шүү дээ. Эцсийн эцэст эдгээр асуудал хэзээ нэг үед яригдаж хэрэгжих ёстой.  Цаг алдаж байдлаа хүндрүүлэхүү, даруйхан шийдэл дээрээ ойголцоод явах уу гэдэг  энэ удаагийн парламентын гишүүдийн хүсэл зоригоос хамаарна.

Тэрсэлдсэн улс төрийн хямралаар дамжиж өрд унасан Монгол орон, эсвэл үндэсний эрх ашиг дээрээ зөвшилцөн эвлэлдсэн  улс төр бүхий, даргитал хөгжиж байгаа, дэлхийн энгээр сэтгэсэн хүсэл тэмүүлэлтэй монгол үндэстэн гэсэн ийм хоёр салаа замын уулзвар дээр бид өнөөдөр зогсч байгааг ойлгох хэрэгтэй.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж