
Ийм мэдээ уншихаар эрхэм гишүүн С.Дэмбэрэл МҮХАҮТ-д зочлов уу, МҮХАҮТ-ын дарга нь арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм болов уу гэж гайхмаар. МҮХАҮТ-аас янз бүрийн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн яармагийг ойр ойрхон зохион байгуулдаг. Энэ бүгдэд эрхэм гишүүн бөгөөд МҮХАҮТ-ын дарга гэсэн гуншин дагалдаж л байх. Сүүлдээ эрхэм гишүүн хувийн ашиг сонирхлоороо бизнесийнхнийг хөдөлгөөнд оруулаад байна уу гэж хардахаар болоод байна. Ингэхэд УИХ-ын эрхэм гишүүн вээр ийнхүү давхар алба хаших нь хэр зохимжтой байдаг юм бол?
УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд өөр албан тушаал эрхлэх эрхтэй юм болов уу. Учир нь энэ нь төрийн ажилтай бусад ажил холилдох, албан үүргийг гүйцэтгэхэд гишүүний зүгээс үү, тухайн газрын удирдах хүний зүгээс шийдвэр гараад байна уу гэдэг нь бүрхэг болдогтой холбоотой.
Ер нь бол хуулинд УИХ-ын гишүүний хийж болох ажил үүргийг тодорхойлон заасан байдаг аж. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар бүлгийн 36 дугаар зүйлд зааснаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг жагсаажээ. Үүнд, гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал болон багшлах, эрдэм шинжилгээний ажлыг хавсран гүйцэтгэх эрхтэй байна. Үүнээс бусад ажлыг эрхэлдэг бол гишүүн болохынхоо өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой ажээ.
Тэгэхээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь төрийн бус байгууллага учраас гишүүний хавсран гүйцэтгэх ажлын тухай хуулиндаа бол зөвшөөрсөн байдаг юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хувьд МҮХАТ-ыг бараг л байгуулагдсан цагаас нь эхлэн 15 жил удирдаж, бараг л овог шиг нь болчихсон танхимын дарга гэдэг алдар нь УИХ-ын гишүүн болчихоод байхад өдгөө ч дагалдсаар байгаа болохоор бараг л “төрмөл” нэр юм уу гэж андуурахаар болсон. Тиймээс УИХ-ын гишүүн гэхээсээ илүү танхимын дарга гэдгээрээ л “харагдаад” байдаг. Түүнийг 2010 онд тус танхимын даргаар улиран сонгогдоход хууль бус болсон гэж иргэн Б.Лхагжав маргаан дэгдээж л байсан. Энэ янзаараа бол мөнхийн МҮХАҮТ-ын дарга байх заяатай юм шиг ойлгогдохоор болж дээ.
Ер нь МҮХАҮТ-ын даргаа дөрвөн жилд нэг удаа хурлаараа хэлэлцэж сонгодог байна. Тэгэхээр дараагийн хурал 2014 онд болно гэвэл тэр хүртэл танхимын дарга танхимын даргаараа л байх бололтой дог. Монголын бараг бүх компанийг нэгтгэн зангидаж байдаг хамгийн идэвхтэй, ашигтай, басхүү эрх мэдэлтэйд ордог уг байгууллагын даргын албыг заавал УИХ-ын гишүүн давхар хашуулах ёстой юм гэж үү?