Хэвлэлийн эрх чөлөө ба хүний үндсэн эрх

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөө ба хүний үндсэн эрх

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал ихээхэн хумигдмал болсон Монгол Улсын хувьд эрх зүйн орчинг нь хамгийн ихээр тодорхой болгох шаардлагатай салбар нь хэвлэл, мэдээлэл ч байж мэдэх.

Юутай ч өнгөрсөн Их Хурлын үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн зэрэгцээ хоёр төсөл орж ирсэн ч хэлэлцэх эсэхийг нь дөнгөж шийдээд л “авдрын ёроолд” хаячихсан. Үүнийг шинэ УИХ сөхөж хэлэлцэхээр болоод байна.

Социализмын үед нийтээрээ нэг намын үзэл суртлын хэрэгсэл болж тухайн үед цорын ганцаар оршиж байсан МАХН-ыг 70 жил магтан дуулсан Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэгцэн жинхэнэ хараат бус эрх чөлөөг эдэлж, 2000 он хүртэл Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг бүрэн эдлүүлсэн орны тоонд ороод байв. Түүнийг нь дархалж тунхаглахад 1998 оны наймдугаар сарын 28-нд УИХ-аас баталсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэсэн ганц хуудас баримт бичиг чухал үүрэг гүйцэтгэж байлаа.

Тухайн хуулийн агуулгыг эргэж харвал “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хэдхэн заалттай. Гэхдээ энэ цөөхөн заалт тухайн үед хэвлэлийн эрх чөлөөг тунхаглахад хамгийн их үүрэг гүйцэтгэж хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл төрийн мэдлээс гарч хувьд шилжиж байв.

Хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа дэлгэрч байсан тухайн үед энэ хуулийн хүрээнд зохицуулалт хийгээд явчихад бүх зүйл “Ок” болж байлаа. Гэтэл 2000 оноос хэвлэл, сэтгүүлчдийн амыг улс төр, бизнесийнхэн атгаж, хүссэн дуугаа захиалж дуулуулдаг болсон. Үүний балгаар Монголд авлига дэлгэрч, хэвлэлийн эрх чөлөө ухарсан. Сэтгүүлч сэтгэлийнхээ дуудлагаар бичихээ больж улстөрчид, бизнесийнхний захиалсан ая дор дуулж эхэлмэгц нийгэм авлигад автах нь гүнзгийрчээ гэж хэлж болохоор. Түүнээсээ болоод сэтгүүлчид өөрсдөө болж бүтэхгүй хүмүүс мэтээр олон нийтэд төсөөлөгдөж, мэргэжлийн нэр хүнд нь ч доошилсон. Хэлсэн, бичсэнд нь итгэх итгэл ч зарим талаар алдарсан. Улстөрчид, бизнесийнхэн  хэвлэлийг, сэтгүүлчдийг атгах гэсэндээ Эрүүгийн хуульд “Хүнийг гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдвал” гэсэн зүйл анги оруулж сэтгүүлчдийн амыг бүрмөсөн үдэх арга хэрэгсэл болгосон. Авлига авсан түшмэлийг сэтгүүлч илчиллээ гэхэд цаадах нь мөнгө хөрөнгө, эрх сүрээр далайлгаж байгаад сэтгүүлчийг эрүүгийн хэрэгтэн болгох жишээтэй. Бас мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардаж шахах нь хэвийн зүйл мэт болсон. Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хасч иргэний хэргээр шийдэх, эс бол хэвлэлийн консулаар шийдүүлэх зэргийг  Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн байна. Үүнийг баталж чадвал сэтгүүлчид нэг том дөнгөнөөс мултарна гэсэн үг.  Нэг үе хэвлэлийн эрх чөлөөг бүрэн эдэлж байсан Монгол Улс 2009-2010 оны үед дэлхийн улс орнууд дундаас хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 76-д орж байсан бол 2011 он гэхэд бүр 100 дугаар байр руу шидэгджээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль шинэчлэгдэж гарахаар Монгол Улс хэвлэлийн хараат бус байдлаараа урагш ахих найдвар бий. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр зүгээр л хэдэн сэтгүүлчийн юу дуртайгаа бичих эрх гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байгаа нь анзаарагддаг. Гэтэл олн улсын жишгээр бол хэвлэлийн эрх чөлөөг иргэний үндсэн эрх гэж үздэг ажээ. Хүний эрхийн суурь зарчим ч гэж үздэг байна. Сэтгүүлч мэдээллийг хэдий хэр бодитой, шударга дамжуулж байна, тэр хэрээр нийгэм бодит, эрүүл мэдээлэл хүлээн авч тэрхүү иргэний үндсэн эрхээ эдэлдэг гэнэ. Мэдээлэл хамгийн том баялаг болсон шинэ зуунд худалд төөрөгдөж тархиа угаалгалгүй бодит мэдээлэл авсан иргэн үндсэн эрхээ эдэлж байна гэсэн үг аж.

Жинхэнэ эрх чөлөөг аравхан жил эдлээд амаа хагас үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөөг буцаан сэргээх хуулийн төсөл ийнхүү дахин амилж, эрхэм гишүүдийн өмнөх ширээн дээр заларлаа. Хэвлэлийг хараат бус, чөлөөтэй байлгах эр зориг эрхэм гишүүдэд байна уу, үгүй юү гэдгийг хуулийн хэлэлцүүлгийн явцаас харах үлдээд байна.

УИХ-ын
бүтцийн байгууллагуудаар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг
хэлэлцэж эхэллээ. Уг хуульд ямар зүйл тусгах нь чухал болохыг хуулийг
биечлэн хэрэгжүүлэгчид болох сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж буй
сэтгүүлчдээс тодрууллаа.

Монголын үндэсний
олон нийтийн телевизийн ММ агентлагийн тоймч, Хэвлэл, мэдээллийн эрх
чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн
гишүүн  Ж.Алтангэрэл:

– Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний
тухай хуулийг УИХ анх 1998 онд баталж гаргаж байсан. Тухайн үед чөлөөт
хэвлэлийн гол суурь зохицуулалтуудыг хийж чадсан. Тухайлбал, төр өөрийн
эзэмшилдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байх ёсгүй. Төрийн зүгээс
хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулгад хяналт тавихгүй
байх. Хяналт тавьдаг байгууллагыг санхүүжүүлэхийг хориглоно гэх зэрэг
гол суурь зохицуулалтыг хийсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэвлэл,
мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэж байна. Үйл ажиллагааны агуулга,
чиглэл нэлээд өргөн цар хүрээтэй болж байна. Эрх зүйн хүрээнд
зохицуулалт шаардсан, тодорхой болгох асуудал нэлээд хуримтлагдсан. Энэ
бүхнийг харгалзаж Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зайлшгүй
шинэчлэх, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага үүссэн гэж ойлгож
байгаа.

Энэ хүрээнд яригдаж байгаа гол асуудал бол нэгдүгээрт,
хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах ёстой. Хоёрт, хэвлэл, мэдээлийн
байгууллагын ил тод байдал, хариуцлагатай холбоотой асуудлыг зохицуулах
ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн гол
үзэл баримтлал ч үүнд чиглэж байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ч энэ
хүрээнд ярьж байна. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хамгийн
гол зүйл бол хараат бус байдлыг хангах явдал гэж аль аль талдаа хүлээн
зөвшөөрч байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллага, редакцийн төвшинд
хараат бус байдлыг яаж хангах вэ гэдэгтэй холбоотой асуудлууд хуулийн
төсөлд нэлээд туссан байгаа. Ялангуяа редакц тухайн хэвлэл,
мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа
эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулах талаар
тусгасан. Энэ нь түрүүнд нь байгаагүй, дэвшилттэй эрх зүйн шинэ
зохицуулалт. Гэхдээ хараат бус байдал зөвхөн байгууллага, редакцын
төвшинд хангагдсанаар бүрэн зохицуулалт болж чадахгүй. Тиймээс
сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах ёстой
юм гэдэг асуудлыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа төрийн бус
байгууллагуудын зүгээс тавьж байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагын
редакц нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр дотоод дүрэм
журам, ёс зүйн дүрэмдээ тусгах үүргийг хүлээлгэхээр ярилцаж байгаа.
Ингэснээр том дэвшил гарна гэж харж байна.

Монголын үндэсний олон нийтийн  радиогийн “Хурд” агентлагийн тоймч С.Мөнгөнтуяа:

-УИХ-аас 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэдийгээр
ганц хуудсанд багтах жижиг хууль байсан ч тухайн үед хэвлэл, мэдээлэлтэй
холбоотой асуудлыг зохицуулж, хэвлэлийг төрөөс хараат бус болгоход
үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Өнөөдөр нийгмийн хөгжил цаг хугацаатай
уралдан шинэчлэгдэж байна. Тиймээс энэ хуулийг цаг үеийн шаардлагад
нийцүүлж шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа нь ойлгомжтой. Мэдээлэл
олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг өмнөх УИХ-аар батлан гаргасан.
Энэ хуультай уялдуулж, цаг хугацаатай нь нийцүүлж Хэвлэлийн эрх
чөлөөний тухай хуулийг шинэчилж, нийгэмд шаардлагатай эрх зүйн
зохицуулалтуудыг оруулж чадсан хууль болоосой гэж боддог. Мэдээлэл олж
авах эрх, эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч гэсэн сэтгүүлчид өнөөдөр
өөрсдийн хардаж сэрдэж байгаа асуудлаар, мөн төрийн зарим байгууллагаас
мэдээлэл олж авахад бас л төдийлөн энэ хууль үйлчилж чадахгүй байна уу
даа гэж боддог. Хуулийн дагуу бүх мэдээллийг гаргаж нээж өгч чадахгүй
байгаа нь ажиглагддаг.  Хэвлэл, мэдээллийн олон байгууллага
байна. Үүний цаана тодорхой эзэд байдаг. Эзний байр суурь, сэтгүүлчийн
бичих эрхийн уялдаа ямар байх ёстой вэ. Эзэд редакцийн нийтлэлийн
бодлогод, сэтгүүлчийн бичих эрхэд оролцох ёстой юу, үгүй юү. Үүнийг
зохицуулж өгөх ёстой. Сэтгүүлчид биеэ даагаад байр сууриа илэрхийлж
бичиж байгаа үед хэвлэл, мэдээллийн байгууллага нь түүний бичих эрхийн
баталгааг хангадаг байх шаардлагатай. Жишээ нь, нийгэмд бугшиж байгаа
асуудлаар эрэн сурвалжилж асуудал дэвшүүлэхэд эргээд редакц, хэвлэл,
мэдээллийн байгууллага нь найдвартай  баталгаа болж чаддаг байх тийм
зохицуулалт хуульд ороосой гэж бодож байна. Бас Эрүүгийн хуулийн
холбогдох заалтад өөрчлөлт оруулах байх. Бусдын нэр төрд халдаж гүтгэх
доромжлох гэдэг нь заавал Эрүүгийн хуулиар зохицуулагдах гэмт хэрэг мөн
үү гэдэг бас эргэлзээтэй. Эдгээр олон зохицуулалтыг хуульд оруулаасай.
Сэтгүүлчийн хүнд хөдөлмөрийг ойлгосон, зохицуулалтыг нь хийсэн тийм
хууль болж чадаасай гэж найдаж байна.

“Зууны мэдээ” сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг:

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхээр манай сэтгүүлчид илүү эрх
чөлөөг нэхээд байдаг. Гэтэл үүний цаана хараат бус байдал, хариуцлага
гэсэн хоёр тулгуурыг энэ хуулиас илүү хүлээх хэрэгтэй байх гэж бодож
байна. Хууль санаачлагч гишүүдийн хувьд энэ хуулиас нэг их зүйл хүлээх
хэрэггүй гэдгийг хэлж байгаа. Зөвхөн эрх чөлөөг нь үүгээр тунхаглаад
бусад зүйлийг өөр хуулиар зохицуулах байх гэж бодож байна.

Эх орон телевизийн сэтгүүлч Э.Нэргүй:

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг анх 1998 онд баталж гаргаж байсан
бол түүнээс хойш өнөөдрийг хүрэхэд олон зохицуулалтыг шинээр хийх
шаардлага үүссэн байна. Энэ удаагийн УИХ энэ хуулийг гартаа авч хэлэлцэж
эхлэх гэж байгаад баяртай байна. Сэтгүүлч хүний хувьд хэлэхэд Хэвлэлийн
эрх чөлөөний хуульд сэтгүүлчийн үгээ хэлэх эрхийг нэлээд сайн гаргаж
өгсөн хууль байгаасай гэж боддог. Өнөөдрийн нийгэмд сэтгүүлч хүн
яг өөрийнхөөрөө дуугарах эрх чөлөө хомс байгаа нь ажиглагддаг. Эзний юм
уу, редакцын хараат байдлаар ажилладаг хэвлэлүүд байсаар байна.
Тухайлбал, аль нэг улстөрчийн алдааг шүүмжлэх хэрэгтэй байлаа гэхэд
эзнийхээ юм уу, редакцынхаа захиалгаар тэр улстөрчид халдаж чадахгүй
байх тохиолдол гардаг нь анзаарагддаг. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний
тухай хуульд нэгдүгээрт, хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах, нөгөө талаас
сэтгүүлчийн ажлаа шударгаар, хараат бусаар хийх нөхцөлийг хангаж өгсөн
зохицуулалтыг хийж өгөөсэй гэж бодож байна.

Shuud.mn сайтын сэтгүүлч Н.Түвшинжаргал:

-Сэтгүүлчдэд хамгийн түрүүнд тулгамддаг асуудал бол цагдаа, шүүхийн
байгууллагас ирдэг дарамт байдаг. Эрүүгийн хуульд байдаг бусдыг гүтгэн
доромжилсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт үүнд их
нөлөөлдөг. Хэдийгээр нөгөө тал буруутай байсан ч эрх сүрээр далайлгаж
Эрүүгийн хуулийн заалтыг барьж сэтгүүлчийг яллах сэжим болдог. Энэ нь
сэтгүүлч хэвийн үйл ажиллагаа явуулах, ээдрээтэй асуудлыг эрэн
сурвалжлах нөхцөл боломжийг тасалдуулдаг. Сэтгүүлчийн хууль ёсны эрхийг
зөрчдөг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг өөрчилж,
үнэхээр алдаа гаргасан байлаа гэхэд захиргааны юм уу, иргэний журмаар
шийдвэрлэдэг болчихвол сэтгүүлчдэд ирэх дарамт багасна. Сэтгүүлчийн
эх сурвалжаа нууцлах эрхийг бас хадгалж өгөх хэрэгтэй байдаг. Хуульд
үүнийг тусгасан ч практик дээр хэрэгждэггүй. Үүнийг баталгаажуулж өгөх
хэрэгтэй гэж үзэж байгаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж