Хэвлэлийн эрх чөлөөний гол сүнс нь хараат бус байдал

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний гол сүнс нь хараат бус байдал

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуульд ямар зүйл тусгах нь чухал болохыг хуулийг биечлэн хэрэгжүүлэгчид болох сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж буй сэтгүүлчдээс тодрууллаа.

Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагийн тоймч, Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн  Ж.Алтангэрэл:

– Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ анх 1998 онд баталж гаргаж байсан. Тухайн үед чөлөөт хэвлэлийн гол суурь зохицуулалтуудыг хийж чадсан. Тухайлбал, төр өөрийн эзэмшилдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байх ёсгүй. Төрийн зүгээс хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байх. Хяналт тавьдаг байгууллагыг санхүүжүүлэхийг хориглоно гэх зэрэг гол суурь зохицуулалтыг хийсэн.

Гэхдээ сүүлийн жилүүдэд хэвлэл, мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэж байна. Үйл ажиллагааны агуулга, чиглэл нэлээд өргөн цар хүрээтэй болж байна. Эрх зүйн хүрээнд зохицуулалт шаардсан, тодорхой болгох асуудал нэлээд хуримтлагдсан. Энэ бүхнийг харгалзаж Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зайлшгүй шинэчлэх, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага үүссэн гэж ойлгож байгаа.

Энэ хүрээнд яригдаж байгаа гол асуудал бол нэгдүгээрт, хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах ёстой. Хоёрт, хэвлэл, мэдээлийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай холбоотой асуудлыг зохицуулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн гол үзэл баримтлал ч үүнд чиглэж байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг ч энэ хүрээнд ярьж байна.

Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хамгийн гол зүйл бол хараат бус байдлыг хангах явдал гэж аль аль талдаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллага, редакцийн төвшинд хараат бус байдлыг яаж хангах вэ гэдэгтэй холбоотой асуудлууд хуулийн төсөлд нэлээд туссан байгаа.

Ялангуяа редакц тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчтэй хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулах талаар тусгасан. Энэ нь түрүүнд нь байгаагүй, дэвшилттэй эрх зүйн шинэ зохицуулалт. Гэхдээ хараат бус байдал зөвхөн байгууллага, редакцын төвшинд хангагдсанаар бүрэн зохицуулалт болж чадахгүй. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах ёстой юм гэдэг асуудлыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа төрийн бус байгууллагуудын зүгээс тавьж байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагын редакц нь сэтгүүлчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр дотоод дүрэм журам, ёс зүйн дүрэмдээ тусгах үүргийг хүлээлгэхээр ярилцаж байгаа. Ингэснээр том дэвшил гарна гэж харж байна.

Монголын үндэсний олон нийтийн  радиогийн “Хурд” агентлагийн тоймч С.Мөнгөнтуяа:

– УИХ-аас 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэдийгээр ганц хуудсанд багтах жижиг хууль байсан ч тухайн үед хэвлэл, мэдээлэлтэй холбоотой асуудлыг зохицуулж, хэвлэлийг төрөөс хараат бус болгоход үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Өнөөдөр нийгмийн хөгжил цаг хугацаатай уралдан шинэчлэгдэж байна. Тиймээс энэ хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлж шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа нь ойлгомжтой.

Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг өмнөх УИХ-аар батлан гаргасан. Энэ хуультай уялдуулж, цаг хугацаатай нь нийцүүлж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж, нийгэмд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг оруулж чадсан хууль болоосой гэж боддог. Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч гэсэн сэтгүүлчид өнөөдөр өөрсдийн хардаж сэрдэж байгаа асуудлаар, мөн төрийн зарим байгууллагаас мэдээлэл олж авахад бас л төдийлөн энэ хууль үйлчилж чадахгүй байна уу даа гэж боддог. Хуулийн дагуу бүх мэдээллийг гаргаж нээж өгч чадахгүй байгаа нь ажиглагддаг.

Хэвлэл, мэдээллийн олон байгууллага байна. Үүний цаана тодорхой эзэд байдаг. Эзний байр суурь, сэтгүүлчийн бичих эрхийн уялдаа ямар байх ёстой вэ. Эзэд редакцийн нийтлэлийн бодлогод, сэтгүүлчийн бичих эрхэд оролцох ёстой юу, үгүй юү. Үүнийг зохицуулж өгөх ёстой. Сэтгүүлчид биеэ даагаад байр сууриа илэрхийлж бичиж байгаа үед хэвлэл, мэдээллийн байгууллага нь түүний бичих эрхийн баталгааг хангадаг байх шаардлагатай. Жишээ нь, нийгэмд бугшиж байгаа асуудлаар эрэн сурвалжилж асуудал дэвшүүлэхэд эргээд редакц, хэвлэл, мэдээллийн байгууллага нь найдвартай  баталгаа болж чаддаг байх тийм зохицуулалт хуульд ороосой гэж бодож байна. Бас Эрүүгийн хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах байх. Бусдын нэр төрд халдаж гүтгэх доромжлох гэдэг нь заавал Эрүүгийн хуулиар зохицуулагдах гэмт хэрэг мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Эдгээр олон зохицуулалтыг хуульд оруулаасай. Сэтгүүлчийн хүнд хөдөлмөрийг ойлгосон, зохицуулалтыг нь хийсэн тийм хууль болж чадаасай гэж найдаж байна.

“Зууны мэдээ” сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг:

– Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхээр манай сэтгүүлчид илүү эрх чөлөөг нэхээд байдаг. Гэтэл үүний цаана хараат бус байдал, хариуцлага гэсэн хоёр тулгуурыг энэ хуулиас илүү хүлээх хэрэгтэй байх гэж бодож байна. Хууль санаачлагч гишүүдийн хувьд энэ хуулиас нэг их зүйл хүлээх хэрэггүй гэдгийг хэлж байгаа. Зөвхөн эрх чөлөөг нь үүгээр тунхаглаад бусад зүйлийг өөр хуулиар зохицуулах байх гэж бодож байна.

Эх орон телевизийн сэтгүүлч Э.Нэргүй:

– Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг анх 1998 онд баталж гаргаж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүрэхэд олон зохицуулалтыг шинээр хийх шаардлага үүссэн байна. Энэ удаагийн УИХ энэ хуулийг гартаа авч хэлэлцэж эхлэх гэж байгаад баяртай байна. Сэтгүүлч хүний хувьд хэлэхэд Хэвлэлийн эрх чөлөөний хуульд сэтгүүлчийн үгээ хэлэх эрхийг нэлээд сайн гаргаж өгсөн хууль байгаасай гэж боддог.

Өнөөдрийн нийгэмд сэтгүүлч хүн яг өөрийнхөөрөө дуугарах эрх чөлөө хомс байгаа нь ажиглагддаг. Эзний юм уу, редакцын хараат байдлаар ажилладаг хэвлэлүүд байсаар байна. Тухайлбал, аль нэг улстөрчийн алдааг шүүмжлэх хэрэгтэй байлаа гэхэд эзнийхээ юм уу, редакцынхаа захиалгаар тэр улстөрчид халдаж чадахгүй байх тохиолдол гардаг нь анзаарагддаг. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэгдүгээрт, хэвлэлийн эрх чөлөөг тунхаглах, нөгөө талаас сэтгүүлчийн ажлаа шударгаар, хараат бусаар хийх нөхцөлийг хангаж өгсөн зохицуулалтыг хийж өгөөсэй гэж бодож байна.

Shuud.mn сайтын сэтгүүлч Н.Түвшинжаргал:

– Сэтгүүлчдэд хамгийн түрүүнд тулгамддаг асуудал бол цагдаа, шүүхийн байгууллагас ирдэг дарамт байдаг. Эрүүгийн хуульд байдаг бусдыг гүтгэн доромжилсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт үүнд их нөлөөлдөг. Хэдийгээр нөгөө тал буруутай байсан ч эрх сүрээр далайлгаж Эрүүгийн хуулийн заалтыг барьж сэтгүүлчийг яллах сэжим болдог. Энэ нь сэтгүүлч хэвийн үйл ажиллагаа явуулах, ээдрээтэй асуудлыг эрэн сурвалжлах нөхцөл боломжийг тасалдуулдаг. Сэтгүүлчийн хууль ёсны эрхийг зөрчдөг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг өөрчилж, үнэхээр алдаа гаргасан байлаа гэхэд захиргааны юм уу, иргэний журмаар шийдвэрлэдэг болчихвол сэтгүүлчдэд ирэх дарамт багасна.

Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг бас хадгалж өгөх хэрэгтэй байдаг. Хуульд үүнийг тусгасан ч практик дээр хэрэгждэггүй. Үүнийг баталгаажуулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж