Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй санал боловсруулсан аж. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хариуцлагыг УИХ, Орон нутгийн сонгуулийн хуульд заасны адил хариуцлагын тогтолцоог тусгахаар тогтсон байна. Сурталчилгааны хувьд мөн дээрх хоёр хуулийн заалтуудыг тусгасан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь 47 хоног байсныг өөрчилж, хугацааг багасгах ёстой гэсэн зарчмыг барьж ажилласан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолсон. Мөн санал хураалтыг автоматжуулсан системээр явуулах бөгөөд Төрийн албан хаагчид болон оюутнуудын саналыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан Ажлын хэсэг боловсруулж, ийнхүү өргөн барьсан байна. Сонгуулийн тухай хуулийг тухайн сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой билээ.
Ш.ЧИМЭГ