АОХН-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

АОХН-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн 6 дугаар хурал энэ сарын 10-ны өдөр Вашингтон хотноо болов. Удирдах зөвлөлийн дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал хурлыг нээж хэлсэн үгэндээ тус хуралдаан Олон улсын хүний эрхийн өдөр, Монголын ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн өдөр болж байгаагаараа онцлог болохыг тэмдэглэв.
Хурлаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохиогдох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар Бага хуралд уригдан оролцох орнууд, олон улсын байгууллагуудын жагсаалтыг шүүн хэлэлцэж, бага хурлын хөтөлбөрийн төслийн талаар санал солилцов. Мөн тэрчлэн АОХН-ийг  Олон улсын байгууллагын статустай болгох, НҮБ-д ажиглагчийн эрх авах асуудлаар дарга орны гаргасан саналыг урьдчилсан байдлаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн дараагийн хурлаар дахин авч үзэх болов.

Хуралд Нигеригийн Гадаад хэргийн дэд сайд Виола Адаку Онвилири оролцож Мали Улсын улс төрийн байдлын талаар илтгэл тавив. Мөн хуралдаанд НҮБ-ын Улс төрийн газрын Европын хэлтсийн дарга Элизабет Спехар, Ардчилал, сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэнгийн төлөөлөгч Массимо Томмасоли нар урилгаар оролцож ардчиллын асуудлыг Мянганы хөгжлийн зорилтод оруулах нөхцөл байдлын талаар илтгэлээ. Удирдах зөвлөлийн дараагийн хурлыг 2013 оны 2 дугаар сарын сүүлээр Женев хотноо зохион байгуулахаар товлов. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын зөвлөх Д.Бадамдаш нарын төлөөлөгч оролцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж