Уралдааны эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-нд төв, зүүн, баруун гэсэн гурван бүс болгон нийт 21 аймгийн 24 театр, чуулгууд 48 бүтээл толилуулснаас Завхан аймаг, Дархан-Уул аймаг, Дорнод аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Улаанбаатар хотод болох эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор шалгараад байна.
Тус уралдааны II дугаар шатны шалгаруулалтыг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн энэ сарын 16 хүртэл УДЭТ-т зохион байгуулах гэж байна. Тиймээс бүсээс шалгарсан театр, чуулгууд уран бүтээлээ нийслэлийн үзэгчиддээ толилуулан уралдах юм. Үүнд, Зүүн бүсээс шалгарсан Дорнод аймгийн Хөгжимт драмын театр өнөөдөр ДБЭТ-т 17.00 цагт Г.Ибсен “Нийгмийн дайсан” жүжгээ толилуулах бөгөөд 19.00 цагт Симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”-ыг үзэгчдийн хүртээл болгоно.
Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр А.П.Чехов: “Ванья ах” жүжиг, “Этүгэн чимэгт аялгуу” концертоо нийслэлчүүддээ хүргэх бол төвийн бүсээс шалгарсан Дархан-Уул аймгийн “Залуучууд театр” Г.Ибсен “Нора”,
Г.Перселл “Дидона Эней хоёр” дуурийг тус тус толилуулах юм байна.
Мөн урилгаар Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулга “Зүүдний Соннамбула” сонгодог концерт, Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулга “Бурхан Халдуны дуулал” концерт, Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо тус тус нийслэлийн үзэгчдэд толилуулах юм байна.