Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилнө

Засгийн газрын өнгөрөгч бямба гарагийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд, гаалийн бүрдүүлэлт, тариф, татварын тухай зарим заалтыг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзжээ. Тодруулбал, гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай 10 гаруй бичиг баримтыг цөөлж, дөрөв болгох боломжтой гэж үзсэн байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад, “Одоогоор гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтын чухам алиныг нь хасч, нэгтгэх, шингээх хэрэгтэй талаар судалж байна. Энэ судалгааны ажил он дуустал үргэлжлэх байх” гэсэн тайлбар өглөө.

2012 онд Монгол Улсад гадаад худалдааны орчны үзүүлэлтээр 174 дүгээр байрт жагсчээ. Үүнд гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтэц сул, гааль мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд суртал голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, бичиг баримтын хувьд, бараа бүтээгдэхүүн экспортлоход Монгол Улс 10, импортлоход 11 төрлийн бичиг баримт шаарддаг байхад Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад 6-7, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад 4-5 бичиг баримт бүрдүүлдэг юм байна. Цаг хугацааны хувьд ч Монгол Улс учир дутагдалтай байдаг бөгөөд бараа импортлох, экспортлоход 50 өдөр хэрэгтэй бол бусад оронд нэг өдөрт багтаадаг ажээ. Зардлын хувьд, бараа бүтээгдэхүүн экспортлоход гаргах тээврийн зардал Монголд нэг чингэлэг нь 2555 ам.доллар, Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудад 923 ам.доллар байдаг аж. Тиймээс иргэдийн зүгээс ч их гомдол ирдэг учраас Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэдгийг албаныхан онцолж буй юм.

Гадаад бүрдүүлэлтэд шаардлагатай гадаад худалдааны бичиг баримт:

Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараах бүлгүүдэд хуваадаг байна.
 
Авто тээврийн хэрэгслээр:

  • авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 
  • худалдааны бичиг баримт;  /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/

 Агаарын тээврийн хэрэгслээр:

  • тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • ерөнхий мэдүүлэг; 
  • зорчигчийн нэрсийн жагсаалт; 
  • ачааны жагсаалт /карго манифест/; 
  • ачаа тээвэрлэлтийн бичиг баримт; 
  • аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт; 
  • худалдааны бичиг баримт;

 Төмөр замаар:

  • дамжуулах хуудас;
  • вагон хуудас; 
  • тээврийн бичиг баримт; 
  • худалдааны бичиг баримт тус тус шаардлагатай байдаг ажээ.

Одоогоор иргэд дээрх бичиг баримт бүрдүүлж, гадаад худалдаа хийж байна. Иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж, мөн хүнд суртлыг арилгах үүднээс гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг цөөлөх боломжтой, гэхдээ одоогоор судалгааны шатанд байгаа гэдгийг албаныхан хэлж байна

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж