”Японы Йокахама, Тоёта хотод хөлбөмбөгийн Клубүүдийн ДАШТ үргэлжилж байна. Уржигдар орой ¼ шигшээгийн хоёр тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорхой боллоо. Азийн “Аваргуудын лиг”-т зовлон багатай түрүүлсэн БНСУ-ын “Ульсан Хёндэ” энэ удаагийн тэмцээнд том зорилготой ирсэн. Гэсэн ч төв ба Хойд Америкийн “Аваргуудын лиг”-ийн аварга Мексикийн “Монтеррей”-ийн өмнө аргагүй хүчин мөхөстөж, 1:3-аар дийлдсэн юм. Залуу довтлогч Хесус Мануэль Корона ес дэх минутад гоолын салхийг хагалж, Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2004 оны Афины олимпийн наадамд түрүүлж байсан Сезар Дельгадо 77,84 дэх хоромд дубль хийснээр бүх зүйл ойлгомжтой болсон. Харин “Ульсан Хёндэ”-ийн нэр төрийн гоолыг Ли Кюн ХО 88 дахь хоромд хийсэн юм. Энэ өдрийн хоёр дахь тоглолт ч азиудад халтай байв. Тэмцээнийг зохион байгуулагч Япон улсын “J” лигийн аварга “Санфречче Хирошима” Египетийн “Аль-Ахли”-г барсангүй. Японы шигшээ багт хүчин зүтгэдэг Хисато Сатогийн 32 дарь минутад хийсэн гоол талбайн эздийн эхний бөгөөд эцсийн амжилт байсан. Харин Аль-Сайед Хамди 15, Мохаммед Абутрика 57 дахь минутад гоолын дансанд нэрээ бүртгүүлснээр ялалт “Хар тив”-ийн аваргуудад ирлээ. Сонирхуулахад “Али-Ахли” нь Африкийн “Аваргуудын лиг”-т хамгийн олон буюу долоон удаа түрүүлсэн, Клубүүдийн ДАШТ-д өмнө нь гурван ч удаа оролцож үзсэн хүчирхэг баг. Тэд энэхүү тэмцээнд 2005,2008 онд зургадугаар байр эзэлж, 2006 онд хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн тэмцээний хагас шигшээд “Аль-Ахли” Бразилын “Коринтианс”-тай, “Монтеррей” Английн “Челси”-тэй хүч үзнэ. Харин ¼ шигшээд ялагдсан “Ульсан Хёндэ”, “Санфречче Хирошима” тавдугаар байрын төлөө тоглох болов.
Д.НАНЖИД
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин