Азийн шүдний өвчин Хойд Солонгосын пуужин

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Азийн шүдний өвчин Хойд Солонгосын пуужин

Пуужин туршина. Гэхдээ алсын тусгалтай. Нөгөөх л мэдээлэл. Одоогоос найман сарын өмнө ч Хойд Солонгосчууд пуужин туршиж байсныг санах хэрэгтэй. Гэхдээ амжилтгүй болж байсан юм. Амжилтгүй болсон энэ пуужин албан бус эх сурвалжийн мэдээллээр Өмнөд солонгосын баруун эрэг рүү чиглэсэн байсан гэдэг. Харин пуужин турших тухай мэдээлэл энэ сард дахин босч ирэв. Энэ сард пуужин харвах тухай мэдээлэл тийм ч гэнэтийн мэдээ бус. Учир нь шинэ пуужингийн тухай зурагт хуудас, ил захидал аль хэдийнэ Хойд Солонгост хэвлэгдэж, энэ нь хөрш улсуудад нь хүрээд байсан юм.

Анх энэ мэдээлэл сарын эхний өдөр Өмнөд Солонгосын мэдээллийн төв агентлагаас цацагджээ. Тэдний мэдээллээс үзвэл Унха-3 нэртэй пуужинг энэ дугаар сарын 10-22-ны хооронд харвахаар төлөвлөсөн байжээ. Бүр тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сард турших гэж байгаад амжилтыг эс олсон Кванмёнсон-2 пуужингийн техникийг шинэчлэн засварлаж шинэ пуужинд суулгасан байна. Хэвлэлийн мэдээллүүдээс харвал энэ сарын 3-ны өдөр пуужин зөөвөрлөх, эд ангийг нь угсрах төхөөрөмжүүдийг пуужин харвах бүс рүү зөөж эхэлсэн. Харвах бүс нь Хойд Солонгосын баруун хойд мужид байрлах Тончонри тосгонтой ойролцоо газар байрладаг ажээ. Энэ газарт дөрөвдүгээр сард пуужин туршиж байсан юм. Энэ байрлал нь Өмнөд Солонгос болоод, Япон улсын зүүн эргийг чиглэсэн байдаг бөгөөд энэ газруудад Япон болон БНСУ-ын хуучин пуужингууд байрладаг ажээ. Нэг ёсондоо хуучин цэргийн баазууд гэж хэлж болно. Газар зүйн байрлалыг нь харвал Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, Филлипин болон Японы зарим нэг арлууд нүдний өмнө мэт харагддаг байна. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллүүдийг нэгтгэн дүгнэвэл энэ пуужин ерөнхийдөө өмнөд чиглэсэн байх магадлал өндөр аж.

Энэхүү пуужин нь хиймэл дагуул тээсэн байх бөгөөд сүүлийн үеийн технологиор тоноглож хийжээ. Алсын тусгалтай энэхүү пуужинг турших болон хийх ажил 2006 оны аравдугаар сараас эхтэй. Учир нь Хойд Солонгосчууд цөмийн туршилтыг мөн сардаа хийсэн бөгөөд НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс хориглосон шийдвэр гаргасан билээ. Харин түүнээс хойш алсын тусгалтай болон сансрын технологи ашигласан пуужин бүтээх ажилдаа хойдчууд идэвхийлэн орсон юм.

Ирэх сануулга

Хойд Солонгос алсын тусгалтай пуужинг туршиж байхад хөрш улсууд болон гуравдагч улс хэрхэн хандах вэ? Япон улс хэрвээ хойдчууд туршаад эхэлбэл бид ч бэлэн байдлаа хангана гэж мэдэгдэж байсан. Одоогоос найман сарын өмнө эргэн очьё. Хойд Солонгос алсын тусгалтай пуужинг турших тухай мэдээлэхэд Япон улсын батлан хамгаалах яам пуужин болоод харвах техникээ бэлэн байдалд оруулж, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хамгаална гэдгээ зарлаж байсан юм. Өмнөдүүд бол байнга бэлэн байдалд байдаг. Хоёр улсын цэрэггүй бүс болоод шар тэнгисийн ойр орчимд тэнгисийн олон зэвсэглэлүүд бэлэн байдалд бий. Харин умардууд туршилтаа эрчимжүүлээд эхэлбэл Өмнөд Солонгос улс зүгээр суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа. АНУ ч гэсэн үүнийг зүгээр нэг өнгөрөөх улс биш. Хоёр улсын дайны үеэр өмнөдийг дэмжиж байсныхаа хувьд цэргийн зарим нэг бааз, пуужингийн суурь зэргийг өмнөд солонгосын зүүн эрэг дагуу байршуулж байсан түүхтэй.

Пуужин турших болсон шалтгаан

Үүнийг олон өнцгөөс тайлбарлаж байгаа. Эхнийх нь арванхоёрдугаар сарын 17 буюу Ким Чен Ирийн нас барсны нэг жилийн ойн үеэр туршилтын харвалтыг хийж магадгүй гэх таамаг. Учир нь өнгөрөгч дөрөвдүгээр сард амжилтгүй болсон туршилтыг дөрөвдүгээр сард хийсэн нь Ким Ир Сений төрсөн өдрөөр тохиож байсан юм. Тиймээс энэ өдөр байж магадгүй гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна.
 
Харин дараагийн хувилбар байгаа нь энэ сарын 16-19-ний өдөр. Энэ сарын 16-ны өдөр Япон улсад сонгууль болно. Харин 19-нд Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Энэ хоёр өдрөөр харвах нь Хойд Солонгосын хувьд улстөрийн өндөр ач холбогдолтой байж болох талтай. Пьехнян энэ хоёр улсын эсрэг хатуу чиг шугам баримталдагаас нь харах юм бол эдгээр өдрүүд бараг оносон хувилбар нь ч байж болох.

Өнгөрөгч сарын сүүлээр өмнөдүүд пуужин харвах төлөвлөгөөтэй байсан ч техникийн шалтгаааас болж хойшлогдсон юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өмнөдүүд ирэх хавар туршилтаа дахин үргэлжлүүлэх гэнэ. Харин үүн дээр нэмэх нэгэн мэдээлэл бий. АНУ-аас Өмнөд Солонгосын туршилтын харвалтыг 800 км дотор байлгах лимитийг илгээжээ. Үүнээс өмнө нь Өмнөд Солонгосчууд 300 км-ээр тогтоож байсан нь Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү яг чиглэдэг байсан аж. 1972 онд АНУ, Өмнөд Солонгосын пуужингийн тусгалын хэмжээг 180 км гэж тогтоож байсан юм. Харин Өмнөдчүүд үүнийг 2001 онд 300 км болгож өөрчилсөн аж. Харин үүнд Хойд Солонгос маш дургүйцэж олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байна гэж үзэн удаа дараалан мэдэгдэл хийж байсан билээ.

Хойд Солонгосын зүгээс пуужингийн туршилтыг энхийн үйлсэд ашиглана гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд задгай сансар руу 10-11 мянган км-ийн өндөрт дэлбэрэх зориулалтаар хийсэн гэж мэдэгдээд байгаа юм. Гэхдээ үүнийг зарим хүмүүс өөрөөр тайлбарлаж байгааг гэдгийг хэлэх хэрэгтэй. Яг энэ хэмжээний км-ын цаана АНУ-ын баруун эрэг бий. Харин 8000 км-т Аляск, Хавай мужууд бий. Харин үүнд Япон болоод Өмнөд Солонгос улс эргэлзсэн байр суурьнаас хандаж байна. Тийм ч учраас энэ хоёр улс батлан хамгаалахын салбарт бэлэн байдал зарласан юм. Харин Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт хойдчуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөөд байна.

Ямар ч байсан сүүлийн үеийн мэдээллээс харвал төлөвлөсөн хугацаанаасаа хойшилж магадгүй болоод байна. Шалтгаан нь удирдлагын системд доголдол гарсантай холбоотой. Гэсэн хэдий ч энэ ондоо багтаагаад харвана гэж мэдэгдээд байгаа юм. Хэрвээ туршилт амжилттай болчихвол их гүрнүүд хэрхэн хандах нь асуулт хэвээр байна. Ямар ч байсан дэлхийн ихэнх улс үүнийг сайшаахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж