Та 90 килограмм жинтэй штангийг йогийн аль нэг байрлалд орон өргөж чадах уу?
Тэгвэл ОХУ-ын 13 настай нэгэн сурагч охин ганц дусал хөлс ч унагалгүйгээр үүнийг хийж чадсан байна. Дундаж биеийн жинтэй хүнээс хүнд штангийг өргөж байгаа охин гэдэг нь өөрөө аймшигтай зүйл. Гэтэл шаргал үст охины өргөлтийн техник бүр ихээр уулга алдуулна. Тэрээр өргөлтийг тун эвгүй байрлалаас хийдэг аж.
Москва орчмын сууринд амьдардаг Марьяна Наумова охин хэвтээгээр штанг түлхэх үнэмлэхүй амжилтын эзэн бөгөөд саяхан АНУ-д болж өнгөрсөн өсвөрийн тамирчдын пауэрлифтингийн тэмцээнд 90 килограмм жинтэй штанг шахаж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Спортын мэргэжилтнүүд түүнийг “Штангийн гүнж” хэмээн цоллох болов.
Охин дөрвөн наснаасаа спортын аэробикоор хичээллэж байгаа бөгөөд 10 насандаа аавыгаа даган пауэрлифтингээр хичээллэсэн аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Марьяна охин олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлсэн бөгөөд дэлхийн дээд амжилтыг арван хэдэн удаа шинэчлэн тогтоожээ.