Амиа хорлосон сувилагчийн гэр бүлээс уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Амиа хорлосон сувилагчийн гэр бүлээс уучлал гуйв

Өнгөрсөн долоо хоногт Кембрижийн Гүнгийн ахайтны хэвтэж байсан эмнэлгийн сувилагч харамсалтайгаар амиа алдсанд Австралийн сэтгүүлчид харамсч байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан байна. Олны анхаарлыг ихээр татсан уг хэрэг Кейт Мидлтоны хэвтэж байсан Лондон хотын Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сувилагчийг Австралийн сэтгүүлчид даажигнаснаар эхэлсэн хэмээн эх сурвалжууд шуугиж байгаа юм. Өөрсдийгөө хатан хаан, Уэльсийн хунтайж хэмээн сувилагчтай тохуурхан ярьсан сэтгүүлч Мил Грейг, Майкл Кристиан нар өчигдөр Австралийн нэгэн телевизийн шоунд оролцож, хоёул нулимс унаган, сувилагчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уйчлалт гуйжээ.

Шоуны үеэр сэтгүүлч Грейг “Намайг үнэхээр уучлаарай, би маш их харамсч байна. Би ийм харамсалтай зүйл болно гэж огт төсөөлөөгүй” хэмээн ярьсан бол Кристиан “Би маш их харамсч, бас миний сэтгэл маш их шархалж байна” гэхээс өөр зүйл яриагүй гэнэ. Тэд сувилагчтай утсаар ярихдаа өөрсдийгөө Хатан хаан болон Уэльсийн хунтайж хэмээн танилцуулсанд сувилагч Гүнгийн эхнэр Кейт Мидлтоны биеийн байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн аж.

Харин үүний дараа өнгөрсөн баасан гаригт сувилагчийг гэртээ амиа алдсан байхыг олсон юм. Ийнхүү амиа хорлосон сувилагч өвчтөний нууцыг задруулсан хэргээр хариуцлага алдсанд өөрийгөө буруутгаж ийм зүйл тохиолдсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Кристиан, Грейг нар Австралийн “Today Network”-ийн “2DayFM” радио шоундаа Кейтийг жирэмсэн болсон талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт болсон дээрх хэргийн дараа 2DayFM"-ийн Facebook-т сувилагчийг ийнхүү харамсалтайгаар амиа алдсан явдалд Грейг, Кристиан нарыг буруутгаж, “Энэ бол та нарын хийсэн маш ичгүүр сонжуургүй үйлдэл” хэмээн олон хүн бухимдлаа илэрхийлжээ.

Олны уур бухимдлыг хүргэсэн дээрх сэтгүүлчид өчигдөр телевизийн шоунд оролцож, нулимс дуслуулан сувилагчийн гэр бүлээс уучлалт гуйхдаа Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн захиргаанд хандаж ганц ч зүйл яриагүй гэнэ. Тэд зөвхөн Гүнгийн ахайтны биеийн байдлын талаар сонсогчдод үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорьсон ч, ийм харамсалтай зүйл болно гэж төсөөлөө ч үгүй гэдгээ хэлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж