Тавантолгойн сургийг “Таван төгрөгөө яасан бэ, Танзуур боовоо авсан уу” гэсэн хуучны хошин дуутай зүйрлэх болжээ. Энэ зүйрлэл ч оновчтой бололтой. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Засгийн газар сонгогчдод мөнгө тарааж, ямар ч үнээр хамаагүй санал авах ээлжит төлөвлөгөөгөө боловруулсан билээ. Тэдний сонгуулийн шоунд үйл ажиллагаа нь төдийлөн жигдрээгүй байсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК өртөж хэлмэгдсэн нь өнөөдрийн үйл явдлуудаас харагдаж байна. Тавантолгойг зөвхөн ард түмэн минь л эзэмшинэ гэж байсан эрхмүүд коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдах энэ ордоо үнэгүйдүүлж, бэлэн мөнгө тараах бизнес болгосныг халамжийн хэлбэрээр тараасан мөнгө гэрчилдэг. МАН-ын эрх баригчид үүгээр зогсохгүй Тавантолгойн хувьцааг сонгуулийн амлалт болох нэг сая төгрөгтэйгөө хүчээр уяж, нэг ширхэг хувьцааны үнийг хиймлээр тогтоож, ёстой нөгөө бантанг нь зуурч өгсөн дөө. Өчигдөр төр барьж байсан манай “том толгой”-той дарга нар хамгийн түрүүнд Тавантолгойн Баруун Цанхийг онилсон байдаг юм. Тодруулбал, Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчдад консорциум нэрээр хувааж зараад урьдчилгаа төлбөр нэртэй их хэмжээний мөнгө босгож, түүнийгээ сонгуульд зарцуулахаар тооцсон юм билээ. Гэвч хэн нь ихийг авах вэ гэдгээс үүдэн тэдний хэлцэл тохиролцоонд хүрч чадаагүй. Эхний хувилбар нь бүтэлгүйтсэн тэдний дараагийн бай нь Тавантолгойн Зүүн Цанхи байлаа. Ингээд ямар ч үнээр хамаагүй “Хүний хөгжил сан”-д мөнгө төвлөрүүлэхийг үүрэгдэж, мундагдсан МАН-ын томчуулын захиалгаар компанийн өмнөх удирдлагууд “Чалко”-гийн гэрээ гэгчийг байгуулсан түүхтэй. Гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит ХК нь Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай 350 сая ам.долларын нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа авсан. Харамсалтай нь, энэ гэрээ монголчуудад ашиггүй, харин “Чалко”-д маш ашигтай гэрээ болсон гэдэг. Гэрээ ёсоор манай тал урьдчилгаа мөнгөнийхөө хариуд “Чалко” компанид хамаг нүүрсээ зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр урт хугацаанд нийлүүлэх хатуу үүрэг хүлээсэн. Тухайлбал, уг гэрээний дагуу “Чалко” компани манай нүүрсийг нэг тонныг нь 70 ам.долларын үндсэн дундаж үнээр авахаар тохирч, Хятадын дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзэлээр энэ үнийг нэмж хасахаар тохирсон. Бас болоогүй ээ, гэрээний дагуу 350 сая ам.доллараа төлж дууссан ч дараагийн таван жил буюу 2018 он дуустал нөгөө л бага ханшаараа бүх олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн “Чалко”-д нийлүүлэхийг хатуу заасан нь гэрээ хэнд ашигтайг хэлээд өгч байгаа юм.
Яг өнөөдөр “Чалко” компани манай нүүрсийг тонныг нь 56 ам.доллараар худалдан авч байна. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг тонн нүүрс олборлолтын зардал нь дээрх үнээс өндөр байна. Монголын хоёр сая гаруй иргэнийг толгой гудайлгахгүй тэжээж чадах энэ том төсөлд МАН-ын Засгийн газрынхан яагаад ийм хариуцлагагүй хандаж “мордохын хазгай” эхлүүлэв. Ээдрээтэй, эргэлзээтэй ийм олон асуудал байгаа учраас тус компанийн өмнөх удирдлагууд нь ч огцорсон болов уу.
Г.НАРАН