&#34АН-ынхан ямар ч хяналтгүй дураараа дургиж байна&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

&#34АН-ынхан ямар ч хяналтгүй дураараа дургиж байна&#34

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урилаа. УИХ дахь Монгол ардын намын гишүүд өчигдөр хуралдсан бөгөөд энэ хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар нь түүнтэй ярилцсан юм.

-УИХ дахь Ардын намын хуралдаанаар ямар, ямар асууд­луудыг хэлэлцсэн бэ. Нэлээд ширүүхэн хуралдаан болох шиг бол­сон?

-Засгийн газраас гаргасан бондын асуудлаар нухацтай хэлэлцлээ. Бонд гэдэг чинь ирээдүйд олох баялгаа барьцаалан өр тавьж байгаа хэлбэр шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бол өрийн бичиг. Тиймээс бид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдсан. Гэтэл энэхүү өрийн бичигнээс орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг ямар, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах нь одоо болтол тодорхой болоогүй байна. Ер нь энэ бүх тодорхойгүй асуудал одоо болтол манай нам УИХ-д бүлэггүй байгаатай холбоотойгоор үүсэж буй юм. Учир нь энэ хугацаанд Ардчилсан намынхан ямар ч хяналтгүй ажиллалаа. Өөрөөр хэлбэл дураараа дургисан гэж болно. Өрийн бичгийн асуудлаас гадна УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх  гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх асуудлыг ч хэлэлцлээ. Засгийн газар  төрийн албыг цомхон, чадварлаг, эмх цэгцтэй байхаар зохион байгуулж байгаа гэж ярьж байгаа. Гэтэл харамсалтай нь хэлсэн үгэндээ хүрэхгүй байна. Тухайлбал, агентлагуудынхаа тоог нэмж, өөрсдийн эрх ашигт тааруулан хууль зөрчих үйлдэл нь хэрээс хэтэрлээ.

-Тухайлбал?

-Аймаг тус бүрт хөдөлмөрийн хэлтэс байгуулж, босоо удирдлагатай байх нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлыг илтээр зөр­чиж байгаа хэрэг гэж манай нам үзэж байгаа юм.

-Та сая өрийн бичгээс орж ирж байгаа санхүүжилтийг хэр­хэх нь тодорхойгүй байгаа гэлээ. Гэтэл Засгийн газраас гар­гаж буй өрийн бичигнээс орж ирсэн санхүүжилтийг бүтээн бай­гуулалтын ажилд зарцуулна гэдгээ Засгийн эрх баригчид мэдэгдсэн шүү дээ?

-Ямар, ямар бүтээн байгуулалтад зарцуулах эсэх нь одоо болтол тодор­хойгүй байгаа шүү дээ. Ардчилсан намынхан Засгийн газраа байгуулахдаа “Шинэчлэлийн Засгийн газар” гэсэн нэр өгсөн. Гэтэл өнөөдөр “Шинэчлэлийн Засгийн газар” биш “Өрийн бичгийн Засгийн газар” гэдэг нэртэй болчихоод байна шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг худалдаж авсны санхүүжилт Монгол Улсын дансанд орж ирсэн өдрөөс эхэлж бид энэхүү мөнгөний хүүг төлж эхэлсэн. Өнөөдөр бид дотоод болон гадаадад гаргасан өрийн бичгийнхээ нэг өдрийн хүүгийн төлбөрт  л гэхэд бүхэл бүтэн нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө төлж байна. Өрийн бичиг арилжаалж олсон мөнгө бол ашиг биш. Ердөө л ирээдүй хойчдоо өвлүүлэх өр учир Ардын намынхан энэхүү мөнгийг хэрхэн захиран зарцуулах тал дээр нь хяналт тавьж ажиллан, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй байгаа юм.

-Тиймээс Монгол ардын нам УИХ-д албан ёсны бүлэгтэй болох ёстой гэж үү?

-Үүний тулд хамгийн түрүүнд бид байнгын хороонд харьяалагдах хэрэгтэй байна. Мэдээж ингэхийн тулд УИХ-д бүлэгтэй байх ёстой шүү дээ. Гэтэл Ардчилсан намынхан энэ боломжийг маань бүрдүүлж өгөхгүй янз бүрийн шалтаг хэлж, хойшлуулсаар байгааг нь юу гэж ойлгох ёстой вэ.

-Дээрх асуудлаас өөр зүйл хэлэлцээгүй гэж үү. Танай намын бүлгийн хуралдаан нэлээд чимээ, шуугиантайхан болж өнгөрлөө шүү дээ?

-УИХ-д суудалтай намууд сүүлийн үед хоорондоо ойлголцохоо байж байх шиг байна. Юм л болбол асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх гэж зүтгэх болсноос дээрх байдал үүсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор  УИХ-д суудалтай намуудын хооронд үүссэн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргалаа. Хоорондоо аль болох зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр асуудлыг хууль зөрчихгүйгээр шийдвэрлэдэг байх нь бүх намд ашигтай.

-Та бүхний саналыг бусад намууд хүлээж авах болов уу?

-Ажлын хэсэг байгуулчих юм бол тангараг өргөх гишүүдийн тангаргийг нь өргүүлэх, намын бүлэг байгуулах, орон нутагт намуудаас сонгогдсон Засаг дарга нарыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэх хууль журмын дагуу зохицуулах үндэс бүрдэнэ. Одоо­гийнх шиг үл ойлголцол үүсэж байгаа асуудлууд дээр парламентын төвшинд ажлын хэсэг байгуулан асуудлыг шийдвэрлэх зорилгыг маань хүлээж авах байх аа.

-УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөөгүй байгаа гишүүдийг тангаргаа өргөсний дараа  УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцэж, танай намын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэд­гээ Ардчилсан намынхан илэр­хийлсэн. Ардчилсан намынхны байр суурийг та бүхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцэж чадахгүй байгаа гол шалтгаан нь Ардчилсан нам энэ асуудал дээр завсарлага авсанд байгаа юм. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулж асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Монголын ард түмний сонголтоор баталгаажин УИХ-д орж ирсэн Монгол ардын намын 25-н гишүүнд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийх, сөрөг хүчнийхээ эрхийг эдлэх боломжийг Ардчилсан намынхан бүрдүүлж өгөх ёстой. Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монголын ард түмний эрх ашгийн төлөө аливаа асуудалд хяналтаа тавьж, сөрөг хүчнийхээ эрхийг эдлэхийг хүсэж байна.

-УИХ дахь Монгол ардын намын бүлэг байгуулах асуудлыг шийдчихвэл тангараг өргөх гишүүдийн асуудал нээлттэй гэсэн үг үү?

-Манай намын хоёр эмэгтэй гишүүний  тангараг өргөх асуудал бол ямар ч маргаангүй асуудал. Харин үлдсэн гурван гишүүний тангараг өргөх асуудлыг хэлцлийн хүрээнд  шийдэх ёстой. Тиймээс нэн түрүүнд манай намыг бүлэгтэй болгох асуудлыг шийдэж өгөхийг бусад намууд маань дэмжих ёстой болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж