
УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг намын даргынхаа орлон тоглогчийн үүргийг маш сайн биелүүлж байна. Намын дарга М.Энхсайхан нь төрийн албан хаагч болж, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзаж буй энэ үед түүний үүргийг Н.Батцэрэг хүлээж аваад байгаа гэхэд болно. Өчигдөр л гэхэд Индонез явсан намын даргынхаа өмнөөс МҮАН-ынхны байр суурийг илэрхийлж харагдсан. Гэхдээ тэрбээр нэг л бөөрөнхийлсөн утгатай зүйл ярих болсон нь хаана, хаанаа тал алдахгүйг хичээж буй илрэл биз. МАХН-ынханд ч, Ардчилсан намынханд ч тэр тал алдах нь МҮАН-ынханд ашиггүй гэдгийг эрх биш мэдэж байгаа учир бөөрөнхий зан гаргаж байгаа нь лавтай. Нөгөөтэйгүүр, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувьд шаварт унасан шарын эзэн гэгчийн зовлонг амсаж явна гэхэд хилсдэхгүй. Эвслээ хамгаалж үлэдхийн төлөө МАХН-ынхны элдэв ааш,аягийг тэвчиж, УИХ дахь МҮАН-ын гишүүдийг төлөөлж гэрээ хэлэлцээрт ордог ч МАХН-ынхны сүрэнд дарагдчихдаг гэмтэй. Ямарсайндаа л УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийн дэд даргын албан тушаалыг бүлгийн дүрэмд тусгаагүй гэж хэлээд хаалгыг нь савж гарах вэ дээ. Намдаа орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар УИХ-д мөн л орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэх сонирхол нь удахгүй буурах вий дээ.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
