Лам ах хэлсэн, дэлхий сөнөхгүй гэж

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Лам ах хэлсэн, дэлхий сөнөхгүй гэж

Сонин мэдээлэлд, сонин няцаалт өгөв. Дэлхий сөнөнө гэж сандарч болохгүйг лам ах нар хэллээ. Бурхны шашинд зааснаар бол ойрын хэдэн жилдээ дэлхий сөнөхгүй. Ер нь яаж ч бодсон дэлхий сөнөхгүй. Ийм мэдэгдэл гаргаж байгаа хүмүүст Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэнэ. Лам ахын бодлоор шүү дээ.
Лам нарын няцаасан дээрх мэдээлэл 2000-аад оны эхэн үеэс гарсан түүхтэй. Тухайн үед маяачуудын тоолж байсан он тоолол 2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусахаар байсныг Калифорнийн их сургуулийн профессорууд олж тогтоожээ. Үүнийг АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэг сонирхон гурван цуврал баримтат кино хийжээ. Кино гарсны дараа бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүний араас хөөцөлдсөн гэхэд болно. 2010 он гарахад энэ талаарх яриа улам хурцдав. Холливуд ч үүнийг өлгөн авч “2012” нэртэй киног 2010 онд гаргаж байсан билээ. Энэ киноны пиарыг хийхийн тулд НАСА-гийн нэрийг барьсан томоохон сурталчилгаануудыг интернетээр нэг цацав. Тэр нь 2012.12.21-нд дэлхий сөнөнө гэж. Тэгээд үүнээс хойш маш олон “бор шувуу” дэлхий даяар нэг түгэж билээ. Кино бүтээгчид дараа нь киноны сурталчилгаа байсан  гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч, худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгчлэн дарж, залруулж чадахгүй болтлоо тархжээ. Үүнд ямар нэг улсын Засгийн газар няцаалт хийсэн нь үгүй. Яагаад гэвэл худлаа болохоор тэр.

Гэтэл манай лам ах нар Засгийн газраас няцаалт хийхийг шаардлаа. Бүр албан ёсоор. Мунхраад байгаа ард түмнийг тэд л гэгээрүүлэх юм байх. Хоёр гуравхан хүний ятгалгаас болж Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдалд хүрсэн юм байх. Гэтэл тэдний хэлээд байгаачлан үүнд итгэсэн нь тийм олон уу? Үгүй. Хэрвээ тэд бурхны шашны номлолыг бодох бус орчин цагийн интернэтээр хэсэг хугацаанд аялаад үзсэн бол дийлэнх нь үүнд итгэхгүй байгааг олоод мэдчих л байсан. Даанч тэд тэгсэнгүй. Засгийн газрыг л албан ёсны мэдээлэл өгчихвөл олон нийт итгэх юм байх. Нэг ёсондоо Н.Алтанхуяг сайд “Дэлхий сөнөхгүй. Тайван байцгаа” гэж хашгирах ёстой юмдаг уу даа.

За тэгээд олон нийт ер нь энэ тухай ярьж болохгүй гэнэ. Алдас болно. Яагаад гэвэл дэлхий сөнөхгүй, лам ах нар тэгж хэлсэн.

Б.СҮХ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж