Чингис бондын хүүг буулгах боломж байгаагүй юу

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Чингис бондын хүүг буулгах боломж байгаагүй юу

Монголын Засгийн газар ирэх дөрвөн жилд таван тэрбум ам.долларын бонд арилжаалж хөрөнгө босгох төлөвлөгөөнийхөө эхний хэсгийг буюу 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлж аваад байгаа билээ. Үүний дараа хоёр асуудал олны анхаарлыг хамгийн их татаж байна. Нэгдүгээрт, Чингис бондын хүү бага байж болох уу. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид мөнгөө эргүүлж олж авч чадах уу гэж.

Сэргэлэн нь дэндсэн нэг залуу надад байраа хэрхэн зарсан тухайгаа ярьсныг хүргэе. Тэрбээр эхлээд 15 сая төгрөгөөр худалдана гэж зар өгөхөд олон хүн иржээ. Тэгмэгц 17 сая болгон нэмж орхиж. Худалдан авах хүсэлтэй хүн гуравхан үлджээ. Үүний дараа бас л өсгөж 18 сая болгосон байгаа юм. Ингээд нэг хүн ирэхэд түүнд байраа худалдсан гэсэн. Сангийн сайд Ч.Улаан Чингис бондыг худалдан авах захиалга зарласан хэмжээнээс 10 дахин их байсан гэж ярилцлага өгсөн. Үүнийг сонсоод эрэлт нийлүүлэлтийн хууль яагаад үйлчлээгүй юм бол, Засгийн газар дээр өгүүлсэн сэргэлэн залуу шиг зарчмаар ажиллаж болоогүй юм байх даа гэсэн бодол орж ирж байсан нь нууц биш. Гэвч ухаад үзэхнэ ээ  бон­дын хүү эрэлт нийлүүлэлтээс биш, тухайн орны нөхцөл байд­лаас шалтгаалдаг ажээ. Fitch,  S&P, Moody’s зэрэг агентлагаас гаргадаг үнэлгээтэй хамаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бондын хүү нь хөрөнгө оруулагчдад ихээр их итгэл төрүүлэхээс шалтгаалдаг ажээ. Манай улсын үнэлгээ ВВ- байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ВВ- үнэлгээтэй орнуудын жишигт л хүүгээ тогтоох эрхтэй гэсэн үг. Харин буцааж өгөх боломж хэр их байгаагаас захиалгын хэмжээ шалтгаалдаг ажээ. Эрсдлийн сан байгуулсан Европын хол­бооны ивээлд байдаг Ита­ли манайхаас өндөр хүүтэй зээл босгосон байна /Зураг дээрээс харна уу/. Тэгвэл бид засаглалаа сайжруулж, хөрөнгө оруулалтын орчин, улс төрийн тогтвортой байдлыг хангаж гэмээ нь ирэх жилүүдэд гаргах 3.5 тэрбум ам.долларын бондоо бага хүүтэй арилжаалж чадах юм байна. 

Бонд арилжаалах үйл явцад хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөхийг завдаж байгааг хасах оноо болгож ярьж байсан. Энэ асуудлаар мэтгэлцээн болсны дараа байдал арай нааштай эргэснийг нуух аргагүй. Асуудал Оюутолгойдоо биш, Засгийн газар гаргасан шийдвэрээ сүүлд нь улс төрийн шалтгаанаар өөрчилдөг, өөрчилж магадгүй гэсэн үзүүлэлт бидний нэр хүндийг доош нь татжээ. Төр шийдвэрээ цагийн аясаар өөрчилж байна гэдэг улс төрийн нөхцөл байдалтай зайлшгүй холбоотой. Манай улсын зээлжих зэрэглэл бага байдгийн нэгэн том шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Чухам энэ байдлаасаа болж бид тогтвортой байдлын гэрээ гэгчийг сэдэхээс өөр аргагүй болсон. Тиймээс улстөржилт гэдэг зүйлийг алга болгох, ядахдаа багасгах нь 3.5 тэрбум ам.долларын бондоо бага хүүтэй арилжаалах нөхцлийг бүрдүүлэх нэг гол хүчин зүйл болох учиртай аж. Манайх үнэхээр ирээдүйтэй, баялаг нь бэлэн, баталгаатай учраас захиалга их ирж, бондоо “гялс” арилжаалсан. Захиалга бага ирсэн бол өнөөдөр бонд бирж дээр зарагдаастай, Эвслийн Засгийн газар тарах нь гэсэн мессэж арилжаанд хэрхэн муугаар нөлөөлдгийг бид харж авах байж л дээ.     

Бүтээн байгуулалтад зарцуулах гэж байгаа энэ мөнгөний 500 сая нь 4.125, тэрбум нь  5.125 хувийн хүүтэйгээр олдож байгаа. Сангийн сайдын хэлснээр бол 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт энэ сарын 6-ны өдөр манай талд шилжиж орж ирсэн бөгөөд хүү нь мөн өдрөөсөө тооцогдож явна гэсэн. Жилийн хүү нь ойролцоогоор 70 сая ам.доллар гэж үзвэл хоногийн хүү нь 200 000 орчим ам.доллар гэсэн үг. Засгийн газар сая ам.долларын хүү төлөх өрөнд орчихсон явж байна гэсэн үг. Хэрвээ улстөржилт, авлигаа багасгаж жаахан журамтайхан шиг хөгжчихсөн бол Монгол маань хөрөнгө оруулалт өгөөжтэй улс гэсэн ангилалд багтчихсан /А зэрэглэл/, бондоо бага хүүтэйгээр /эдийн засагчид бондын хүү 3.5 хувиас бага байвал Монгол Улсад ашигтай гэсэн тооцоо хийсэн байсан/ гаргах боломжтой байсан ч юм бил үү.          

Чингис бондын талаар хөрөнгө оруулагчид юу гэж бичиж байгааг шүүж үзлээ. Хамгийн гол нь Монголын нийгэм, улс төрийн байдлын талаар санаа зовдог юм байна. Өөрөөр хэлбэл, баян хоосны ялгаа хэдий хэмжээнд байгаа, иргэд нь амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг, авлига хээл хахууль ихтэй эсэх зэргийг сонирхдог ажээ. Төрийн эргэлт гарчихвал хөрөнгө нь “будаа” болох учраас энэ байдлыг ихэд чухалчлан авч үздэг юм байна. Ихээхэн бужигнаантай улсад бол гадныхан хөрөнгөө хамгаалахын тулд цэрэг оруулах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулдаг гэж байгаа юм шүү дээ. Азаар манайх тийм хэмжээнд хүрчихээгүй бололтой юм. Тиймээс хууль ёсыг хэрэгжүүлдэг, шударга нийгмийг цогцлоож чадвал бонд энэ тэр ч бага хүүтэй олдож, олдсон мөнгө нь ч зөв зүйлд зарцуулагдаж ашгаа өгөх нь байна. Эдийн засагчдын бичиж байгаагаас харвал Засгийн газрыг олон өөр үзэл бодолтой хүмүүс нэгдсэн, ерөнхийдөө тогтвортой байх найдвар муутай гэж харж байгаа бололтой. Нэг эдийн засагч бүр XX зууны хэв шинжээсээ салаагүй, бүтэц зохион байгуулалтын тал дээр асуудалтай гэж хүртэл бичсэн байх шиг. Бид гаднаасаа тэгж харагдаж байна. Ухаандаа, одоо үүсч байгаа нөхцөл байдал цаашид гаргах гэж байгаа 3.5 тэрбум ам.долларын бондод ч нөлөөлсөөр байгаа гэсэн үг. Тэд /хөрөнгө оруулагчид/ Монголд хөрөнгө оруулах үнэхээр дуртай байна, учир нь хүү харьцангуй өндөр тогтоогдсон. Харин ямар нөхцөлд хүү өндөр тогтоогддогийг дээр хэлсэн. Улс орон эрсдэлтэй байдалд байсан тохиолдолд. Тэгэхээр мөнгөө Монголд өндөр хүүлэ­хийн тулд тогтворгүй байдал үүсгэх сонирхол ч хөрөнгө оруу­лагчдад бий болно гэд­гийг мартаж болохгүй. Тий­мээс нэгдүгээрт, босгосон хө­рөн­гөө хэрэгтэй ажилд нь үр дүн­тэй зарцуулж, эхлүүлсэн төс­лүүдээ эргэлтэд оруулах, үүний хажуугаар нийгмээ эрүүл­жүүлэх хүндхэн үүрэг Зас­гийн газрын өмнө тавигдаж бай­на.

Газар нутгийн байрлал эдийн засгийн ашиггүй байдал, хүндрэл үүсгэж байгаа тал бий. Гэхдээ эдийн засгийн хувьд ашиггүй энэ байдлаа геополитикийн ашигтай байдалтайгаа уялдуулж гэмээ нь алга болгож чадна. Магадгүй, Монгол Улс яг одоо байгаа шигээ баялагтай мөртлөө хэд, хэдэн улстай хиллэдэг, бас тэгээд далайд гарцтай байсан бол өдийд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орчих­сон байх байсан биз.

Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж