Улаанбаатарт инфляци өмнөх сараас 0,2 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт инфляци өмнөх сараас 0,2 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг олон нийтэд танилцуулдаг ёсоор өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээж инфляци өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляци өмнөх сарынхаас улсын хэмжээнд 0,2 хувиар өссөн бол Улаанбаатар хотод 0,2 буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн инфляцийн хэмжээ оны эхэн үеэс 13,1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14,4 хувиар өсчээ.

Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч буй тул өвлийн хувцас, гутлын үнийн өсөлт инфляци өсөх гол шалтгаан болжээ. Өнгөрсөн сард хувцас, бөс бараа, гутлын үнэ 1,5 хувиар нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болсон байна. Хүнсний нэрийн бүтээгдэхүүн 0,1 хувиар, согтууруулах ундаа, тамхи 0,5 хувиар, цахилгаан түлш 0,8 хувиар, тээвэр 0,2 хувиар өссөн байна.

Харин мөнгөний нийлүүлэлт арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 7033.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 99.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 15.0 хувиар өсчээ.

Иргэдийн банкин дахь хадгаламж өссөн байна. Иргэдийн нийт хадгаламж энэ онд 4 триллион 597 тэрбум хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед 3 их наяд 814 тэрбум байжээ.

Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд өссөн тоо харагдлаа. Нийт банкуудын зээлийн өрийн үлдэгдэл эхний 11 сарын байдлаар 6 их наяд 867 тэрбумд хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед 5 их наяд 438 тэрбум төгрөг байжээ.

Импортын хэмжээ энэ онд 301.8 сая ам.доллар буюу 5.1 хувиар өссөн байхад экспортын хэмжээ 232.7 сая ам.доллар буюу 5.5 хувиар буурч, гадаад худалдаа алдагдалтай гарсан байна.  Импортын ихэнхи хувийг суудлын автомашин болон тоног төхөөрөмжийн импорт эзэлсэн хэвээр байна.

Харин нийт экспортын 90 гаруй хувийг түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ч энэ жил сүртэй өсөлт үзүүлэхгүй нь бололтой.

Нүүрсний экспорт 400 мянган тонноор өсч, арваннэгдүгээр сарын байдлаар 18,8 сая тонн хүрчээ. Монгол Улс өнгөрсөн оны мөн үед 18,4 сая тонн экспортолжээ.  Өнгөрсөн онд нүүрсний нийт экспорт 21 сая тонн хүрч байсан юм. 

Харин алтны экспорт буурсан байна. Монгол Улс энэ онд 2,3 тонн алт экспортолсон бол өнгөрсөн онд 3,2 тонн алт экспортолж байсан юм. Гэхдээ алтны олборлолт ялимгүй өссөн бөгөөд өнгөрсөн онд 5,4 тонн алт олборлосон бол энэ онд 5,5 тонн алт олборлоод байна.

Мөн энэ жил зэсийн экспорт бууржээ. Энэ жилийн эхний 11 сард 527 мянган тонн зэс экспортод гаргасан бол өнгөрсөн онд 544 мянган тонныг гаргасан байна. 

Төмрийн хүдрийн экспорт болон олборлолт өсчээ. Энэ жил таван сая 743 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон бол өнгөрсөн онд таван сая 85 мянган тонныг гаргаж байжээ. Өнгөрсөн жил таван сая 485 мянган тонн төмрийн хүдэр олборлож байсан бол энэ жил долоон сая 162 мянган тонныг олборлоод байна.

Түүнчлэн газрын тосны экспорт тасралтгүй өсч байна. Энэ жилийн 11 сарын байдлаар 3,23 сая баррель газрын тос экспортолжээ. Харин өнгөрсөн жил нийтдээ 2,50 сая баррель газрын тос гаргаж байсан аж.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж