Монголын “хүсэмжит” залуу

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Монголын “хүсэмжит” залуу

“Говь”-ийн нүүр царай байсан гэдгээр нь хүмүүсийн танил болсон загвар өмсөгч Э.Энхболд дэлхийн сайхан залуу шалгаруулах “Mr World 2013” тэмцээнд эх орноо төлөөлж, шилдэг 10-т шалгарчээ. Английн Кент хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-24-нд  болсон тэмцээнп 48 орны залуус оролцож, авьяас, мэдлэг чадвар, хүч чадлаа сорьсон. Түүнийг “Mr World” тэмцээнд оролцож, хилийн чанадад байх үед хайрт гэргий нь амаржиж, хүү төрүүлсэн нь Э.Энхболдын хувьд давхар баяр болжээ. Тэрээр өчигдөр “Eagle News” телевизийн “Good morning, Mongolia” хөтөлбөрт зочлов.

-Хүүтэй болсонд тань баяр хүргэе. “MR World” тэмцээнд оролцож хилийн чанадад байх үеэр эхнэр тань амаржиж, хүүтэй болсон гэж дууллаа?

-Тийм ээ, баярлалаа. Тэмцээн дуусаад, ирэх замд хүү маань төрсөн. Охин маань эрэгтэй дүүтэй боллоо. Хүүгээ төрөхөд дэргэд нь байгаагүй болохоор, бас холоос ирж байгаа болохоор байж суух газраа ололгүй, маш их догдолсон. Онгоцонд бүр яах учраа олохгүй, нааш цааш гүйх шахам л байлаа.

-Дэлхийн мисс, гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг хүмүүс сайн мэднэ. Монголоос ч олон сайхан бүсгүй эх орноо төлөөлөн оролцож байлаа. Харин сайхан залуу шалгаруулах “Mr World” тэмцээний талаар, тухайлбал, энэ жилийн тэмцээний онцлог?

-“Mr World” тэмцээнийг Англи улсаас зохион байгуулдаг.  Энэ нь гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Miss World” тэмцээнтэй адил, гэхдээ сайхан залуу шалгаруулна. 2010 онд болсон “Mr World” тэмцээнд монгол залуу анх удаа оролцсон. Энэ удаад би эх орноо төлөөлөөд ирлээ. Нийт 48 орны залуус сайхан залууг илтгэх бүхий л төрлийн шалгуураар өрсөлдөж, Колумбийн залуу түрүүллээ. Мистерийн тэмцээн 2-3 жил тутамд болдог. Энэ жилийн хувьд  “хүсэмжит” залууг тодруулах гэдгээрээ онцлог байлаа. Хүсэмжит залуу бие бялдар, урлаг, спорт, мэдлэг, чадвараар манлайлагч байх ёстой гэсэн утгаар ингэж нэрлэсэн юм билээ. Сонирхолтой байгаа биз. Дээр нь Англид болсон болохоор өөрийгөө нууц тагнуулч 007 буюу Жеймс Бонд мэтээр төсөөлж, өрсөлдөх нь тэмцээний гол утга учир байлаа.

-Урлагийн шалгуурт та чамгүй хүчтэй өрсөлдөгч байж, авьяаслаг мистерээр шалгарсан. Та чухам ямар авьяасаа “гайхуулаад” ирэв ээ?

-“Mr World 2013” тэмцээний авьяаслаг 10 мистерийн нэгээр шалгарсан. Монголд байхдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн, олон хүний тус дэмийн үр дүн гэх үү дээ. Би Төрийн соёрхолт Б.Шарав гуайн “Аав ээж хоёр минь” дууг дуулсан. Үнэхээр зүрхнээс зүрхэнд шингэх аялгуу шүү дээ. Тиймдээ ч хэлийг нь мэдэхгүй, утгыг нь ойлгохгүй ч гадаад залуус аялгуунд нь уярч байсан нь надад үнэхээр сайхан санагдсан. Бусад оролцогчид маань амандаа аялаад л… Тэр үед эх орон, агуу соёл урлагаараа их бахархсан даа. Бас “ВВС” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, энэ дууны хэсгээс дуулахад хүмүүс их сонирхож байсан.

-Мэдээж дэлхийн хамгийн хүсэмжит залууг тодруулах тэмцээн шалгуур өндөр байх. Таны хувьд хамгийн сонирхолтой даалгавар юу байв?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн сайхан залууг тодруулахын тулд урлаг, спортын авьяас, харилцаа, бие бялдрын хөгжил гээд тухайн оролцогчийг бүхий л талаар нь нээх шалгууртай. Надад бол спортын шалгуурууд сонирхолтой санагдсан. Жишээ нь, гольфийн тест авсан. Хааяа нэг гольф цохидог байсан нь тэмцээнд бага ч болов тус болж, би хамгийн өндөр оноо авсан. Элит спортыг зөвхөн европууд сайн тоглодог байх албагүй, хувь хүний хүсэл сонирхол, хичээл зүтгэл нөлөөлдөг гэж бодогдсон шүү. Тэмцээний хамгийн оргил үе болох хурд хүч, авхаалж самбаа шаарддаг, адал явдал хайгчдын экстрим спортоор өрсөлдсөн нь бас их сонирхолтой. 

-Яг яаж өрсөлдсөн юм бэ?

-Дан залуучуудын тэмцээн болохоор хагас цэрэгжилтийн байдалд байсан гэж болно доо. Нэг шалгуур нь гэхэд л 5 км гүйх явцад босох суух, үсрэх, галуун цуваагаар алхах зэргээр биеэ халаагаад дараагийн сорилтдоо орох гэх мэтээр хүч чадал, авхаалж сорьсон бүхий л төрлөөр шалгаж байсан. Булчин шөрмөс нь зангирсан сайхан залуус чинь бүгд л хөлс нь дусалж, зарим нь бүр бөөлжсөн. Энэ нь эр хүний хувьд, хүч чадлыг сорьсон үнэхээр сонирхолтой тэмцээн байсан л даа.

-Хүсэмжит залуугийн дотоод сэтгэл нь ч сайхан байх хэрэгтэй байх. “Mr World-2013” хувь хүний  дотоод сэтгэлийг нээн харуулахын тулд шалгуурыг хэрхэн авдаг юм бэ?

-Тэмцээнд орохын тулд арав гаруй хоногийн турш оролцогчид хамт байрладаг учраас энэ хугацаанд хэн бэ гэдэг нь жижиг зүйл дээр ч харагддаг юм байна. Жишээ нь, цаг баримтлахаас эхлээд, бусадтайгаа хэрхэн харьцаж байна гэдгийг харна. Хамгийн гол нь хувь хүнийг хэлж буй үгээр нь шинждэг учраас зохион байгуулагчдын зүгээс ойр ойрхон ярилцлага хийдэг байсан.

-“Mr World-2013” тэмцээний бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Монголоос олон улсын тэмцээнд оролцоход “Desoft” студи гардан ажилласан. “Монгол модель” агентлаг, “Говь” ХХК, “BBQ”, СУИС, “New star” студи, "Хөдөлгөөнт бай" фитнесийн хамт олон болон манай ах эгч гээд дэмжиж тусалсан бүх хүнд талархсанаа илэрхийлье.

-Энэ удаагийн тэмцээнд та оролцож амжилт үзүүлж чадлаа. Дараагийн тэмцээнд Монголыг төлөөлөх залууг сойх туршлага байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Энэ талаар бодож байна. Урьд оролцож байсан туршлагаасаа үндэслээд дараагийн залуугаа сойно гэж бодож байгаа. Ер нь цаашдаа бүх төрөл зүйлээс чимх чимх авьяастай хүн оролцвол илүү амжилт гаргах юм шиг санагдсан. Тэгэхээр энэ тал дээр анхаарч  болно.

-Та хэзээ загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

-Би 2006 оноос хойш загвар өмсч эхэлсэн юм. Энэ хугацаанд олон шагнал авч байсан. Сүүлд 2012 онд “Asian model festival”-д оролцоод, “Asian model star” өргөмжлөлийг авсан.  “Mr World-2013” тэмцээнээс ийнхүү авъяаслаг 10 мистерийн нэгээр шалгарсан. Цаашдаа хичээх болно оо.

-Цаашид юуг төлөвлөж байна?

-Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж байна. Бизнесийн салбараар ажиллахын сацуу загварын ертөнцдөө үнэнч байна. Ер нь хүн үндсэн зорилгоосоо гадна өөрийнхөө хүсэл сонирхлыг хэзээд орхих ёсгүй гэж боддог.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж