Хариуцлагаа хүлээх бяд МАХН-д байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Хариуцлагаа хүлээх бяд МАХН-д байна уу?

“Үхнэ гэсээр үхрийн мах идэж барах, явна гэсээр ямааны мах идэж барах” гэсэн хоржоонтой хэлц үг байдаг. Яг үүний үлгэрийг МАХН сүүлийн үед харуулж байна. “Засгийн газраас явна, гарна” гэсэн мэдэгдэл хийгээд хэд ч хонов. Түүнээс хойш идсэн хоолоор нь хэмжвэл шүдлэн ямааны махны дайтайг лав идэж барсан байх.

Хариуцлагатай, бодлоготой улс төрийн хүчин бол ийм хийсвэр гоомой үг лав дуугарахгүй. Ялангуяа парламентад суудалтай, хэдэн мянган сонгогчийн  санал авсан, Засгийн газрын гол  яамдын судсыг атгасан нам иймэрхүү хүүхэд, нохойн тоглоом болсон хуумгай зүйл ярьж хүндээ хөнгөнөөс өгөхгүй.

Гэтэл дотооддоо бол улс төрийн хошин үзэгдэл гэмээр энэхүү “бушуу туулайн борвиндоо баастай” мэдэгдэл гадаад талд аль хэдийнэ Монголын нэр төрд хор хохирол учруулчихаад байна. МАХН-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтран зүтгэж байж гадаад зах зээлд борлуулсан 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондын нэр хүндийг МАХН-ын тулга тойрсон болчимгүй мэдэгдэл хөөнд хутгаж орхисон. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Чингис“ бондын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийх үед энэ талаар дурдагдав. МАХН “Засгаас гарлаа” гэж “бурсны” балгаар “Чингис” бондын үнэ ганц өдрийн дотор найман ам.доллараар доошилжээ. Есхөн мянган төгрөг гэж үүнийг тоомжиргүй орхиж болохгүй. Үүний цаана Монгол Улсын санхүү, эдийн засгийн гадаад нэр хүнд өдөр өдрөөр доошилж буйг санах хэрэгтэй.

Гадна талд бол МАХН гэдэг нам шүүх, хуулийн байгууллагад шалгагдаж буй намын даргыгаа цагаатгахаар Засгийн газрын дийлэнхийг бүрдүүлж байгаа АН-ыг “айлгаж” үе үе ийм санаанд оромгүй болчимгүй мэдэгдэл хийж суудаг гэж мэдэхгүй. УИХ-д суудалтай, Засгийн газарт оролцоотой л бол нэн хариуцлагатай улс төрийн хүчин гэж үзэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сануулснаар улстөрчдийн нэг болгоомжгүй мэдэгдлийн цаана 10 сая ам.долларын өр болж Монгол Улсын нуруун дээр бууна гэдгийг ч МАХН-ынхан анхаарсангүй. “Засгаас явлаа, гарлаа” гэсээр ямаа, үхрийн мах барах ч яахав гэхэд учраа мэдэхгүй ар араасаа шулганаж байгаа жижиг улстөрчид Монголынхоо нэрийг яаж хорлож байгаагаа ер нь сэхээрч байгаа болов уу. Шаварт унасан шарын эзэн гэгчээр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва л намынхаа мэдэгдлийг уламжилснаас биш Ч.Улаан, Н.Удвал гээд тулхтай сайд нар нь дуугараагүй байна.

Гадна талд “Чингис” бондын ханшийг унагачихаад байгаа Засгийн газраас гарах тухай мэдэгдлээ өдий хоночихоод байхад МАХН-ынхан Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнгүй. Ерөнхий сайдад өргөн барьсангүй. Ерөнхий сайдыг Киргизээс ирмэгц нь Засгаас гарах мэдэгдлээ гардуулаад өгчихнө гэсэн ч хаачлаа. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч нөгөө субъект болох МҮАН-тай зөвшилцсөн эсэхийг ч бүү мэд.

Аманд орсон үгээ айлгуур болгон хэлсний тоолонд “Чингис” бондын ханш доошилж, Монгол Улс улс төр, эдийн засгийн талаар тогтворгүй орны тоонд орж буйг сэхээрсэн болов уу. Харин ч мэдэхийн цаагуур мэдээд “Улс төрийн тогтворгүй байдал гарвал МАХН хүлээхгүй” гэсэн мэдэгдэл хийсэн бол үүний хариуцлагыг хүлээх бяд МАХН-д байгаа юу гэдгийг асуух цаг болсон байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж