Хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл

“Аав одоо зодож болсон болов уу, эгчээ намайг авраарай” гэх аврал эрсэн хүүд доод айлын эгч туслаагүй бол долоо настай Э хүү өнөөдөр ямар байдалтай байх байсан бол…Гурван цагийн турш хойд аавынхаа зодуурыг амссан тэр хүүд тэнгэрийн элчээс ялгаагүй санагдсан тэр эмэгтэй байгаагүй бол хүү өдийд ямар байдалтай байх байсан бол гэх бодол толгойноос ер гарахгүй нь. Энд хойд аавдаа зодуулж хүнд бэртэн эмчлүүлж байгаа долоон настай хүүгийн талаар өгүүлж байгааг уншигчид хэдийнэ мэдэж байгаа биз ээ. Хүүхэд уйлах чимээ сонссон доод айлынх нь бүсгүй эхлээд гэр рүү нь орох гэтэл хүүгийн ээж “Бидний гэр бүлийн асуудал, чамд хамаагүй” гэж “түлхсэн”. Эцэст нь хүүхдээ тамласаар байгааг сонссон эмэгтэй цагдаа дуудаж хүүг аварсан билээ.

Гэр бүлийн хүчирхийлэл далд идэвхиждэг

Таван өдрийн өмнө хойд эцэгтээ зодуулж, хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГСҮТ/-д хүргэгдэн ирсэн бяцхан хүү 91 жилийн түүхтэй хүүхдийн байгууллагын ажлын үр дүн шалгалаа гээд хэлчихэд дэгсдэхгүй байх. Өмнө нь хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл гараад байхад дүлий дүмбэ мэт өнгөрөөдөг байсан Хүүхдийн төлөө үндэсний газөр болон хүүхдийн эрхийн байгууллагууд энэ удаад яаравчлан арга хэмжээ авсанд талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Гэхдээ л энэ удаад ч тэдний ажил хангалтгүй байгааг нэг талаар илэрхрийллээ. Яагаад гэж үү, Хүүхдийн төлөө үндэсний газар уг нь  ниргэсэн хойно нь хашгирах бус хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага. Тус байгууллагын мэргэжилтнүүд  Э хүүг эмнэлэгт өдөр бүр харгалзан, ажиллаж байгаа бөгөөд хүүгийн бие сайжирсан, эрүүл мэндийн талаас нь эмнэлэг, дахин халдлагад өртөхгүй байх талаас нь цагдаагийн байгууллага харин Хүүхдийн төлөө газар сэтгэлзүйн дарамтаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна гэж л буй. Харин хэн нэгэн энэ талаар мэдээлээгүй, хэвлэл мэдээллээр мэдээлж олны анхаарлыг татаагүй байсан бол яах байсан бол?

Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/-ын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын  дарга Б.Жавзанхүүгийн хэлснээр “Гэр бүлийн хүчирхийлэл далд байдаг. Яагаад гэвэл хүчирхийлэгч нь эцэг, эх, ах эгч, хамаатан гэх мэдийн цусан төрлийн холбоотой хүмүүс байдаг учраас хүүхдүүд тэр бүр хүчирхийлэлд өртсөнөө хэлж чаддаггүй. Ихэвчлэн өөрөө багадаа зодуулж байсан, гэрийнх нь хүмүүжлээс хүүхдийг зодож хүмүүжүүлэх ёстой гэсэн үзэл суусан сэтгэхүйтэй хүмүүс хүчирхийлэгч байдаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл илрэх нь ховор бөгөөд хөндлөнгийн хүн мэдсэн тохиолдолд хамгаалалтад орох боломжтой байдаг. Энэ удаагийн тохиолдол ч мөн адил. Хэрэв доод айлын хүн орж ирээгүй бол энэ хэрэг мөн л дарагдаад өнгөрөх байсан юм. Орон сууцны хоёрдугаар давхрын айлын гэрт хүүхэд уйлж байхад олон хүмүүс сонсох боломжтой байсан. Гэтэл ганц л хүн холбогдох байгууллагад мэдэгдэж байх жишээтэй. Энэ мэтчилэн хүний хувийн амьдрал гэсэн ойлголт олон нийтийн дунд их байдгаас гэр бүлийн хүчирхийлэл далд байдаг” гэсэн юм. Гэвч хүүхдийг хамгаалахын тулд, далд байдаг эцэг, эх цусан төрлийн холбоог дагасан хүчирхийллээс хамгаалан сэргийлэхийн тулд Хүүхдийн төлөө үндэсний газар хэмээх байгууллага ажиллах ёстой. Гэхдээ тэд нь зөвхөн байгууллагад нь хандсан хүүхдийг л хамгаалдаг аж. Өөрөөр хэлбэл, ХТҮГ-т хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл ирсний дагуу л хамгаалах үүрэгтэй, мэдээлэл ирээгүй бол хамгаалах “эрхгүй” гэнэ.

Нэг сард 408 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг

Ганцхан тоо хэлье, 408. Энэ бол 2012 оны зөвхөн арваннэгдүгээр сард хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо. Үүнээс 350 нь бие махбодь, 108 нь оюун санааны, 16 бэлгийн, зургаа нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж.  Өнгөрсөн арваннэгдүгээр сард долоон дагавар хүүхэд хүчирхийлэлд өртсөн  гэсэн тоо  байна.  Нэг сард долоо хүүхэд гэж бодоод, 12 сард үржүүлбэл жилд хэд гэсэн тоо гарах бол.

Хүүхдүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна вэ. Багадаа зодуулж өссөн болон хүүхдийг зодож хүмүүжүүлдэг гэсэн сэтгэхүйнээс салаагүй хүмүүс гол төлөв хүчирхийлэгч байдаг гэнэ.

Үүнээс яаж салах вэ.

Том хүмүүс гэж өөрсдийгөө нэрлэдэг насанд хүрэгчид хүчирхийлэгч гэхээсээ илүү хүмүүжүүлж байна гэсэн ташаа ойлголтоосоо салж чадахгүй бол мэдээж энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин нэгэнт ухамсарын доройтолд орсон хүмүүсээс бяцхан үрсээ яаж хамгаалах вэ гэдэг одоо ХТҮГ болон сэтгэлзүйчдийн “толгойны өвчин” болсон гэдгийг албаныхан хэлж байна. Стресс, бухимдалтай, ядуурал, архидалттай нийгмийн цаана хаалттай байгаа гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх арга нь хувь хүний ухамсар, ойлголт, сэтгэлзүйг өөрчлөх гэж сэтгэлзүйчид үздэг аж. 300 төгрөгнөөс болж хүүхдийг сэхээнд ортол нь зодсон хойд эцэгийнх жишээ олон байдаг бөгөөд харамсалтай нь ихэнхдээ нуугдмал байдаг учир олон нийт мэддэггүй, холбогдох арга хэмжээ авдаггүй тохиолдол олон байдаг аж.

Түүнд сул чөлөөтэй явах эрх бий гэж үү

Араатан хүртэл үр төлөө хамгаалдаг байхад хүүгээ гурван цагийн турш зодуулж байхад тусламж дуудах боломж тэр ээжид олдоогүй гэж үү гэх асуулт олон хүнд төрч байгаа. Төрсөн үрийг нь гурван цаг гаруй цэргийн тэлээний арлаар зодсон араатнаас хүүгээ аварч чадаагүй ээж өнөөдөр “Миний утасны цэнэг дууссан, би шоконд ороод юу ч хийж чадаагүй” гэх өрөвдөлтэй хариултаас өөрийг хэлж чадахгүй байна. Хуулийн дагуу бол хэрэв ээж нь хүүгээ хамт зодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэсэн юм.

Харин түүний ээжтэй гурван жилийн турш хамт амьдарсан хойд эцэг нь өнөөдөр сул чөлөөтэй бидний дунд алхаж явна. Цагдаагийн байгууллага цагдан хорьсон байсан ч прокурорын байгууллага батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дахин цагдан хорих санал тавьсан ч хариу нь ирээгүй байгаа аж. Өчигдөр авсан мэдээллээр бол удахгүй хүүг зодсон хойд аавыг нь саатуулан хорих шийдвэр гарах байх аа гэж байсан. Хүүхдээ хүмүүжүүлэх гэж зодсон гээд хэнэггүй хариулах тэр хүн эрх чөлөөтэй алхах эрхгүй л баймаарсан. Баримт нотолгоо нь ил байхад батлан даалтад гаргах шийдвэр гаргаж байгаа прокурорын байгууллагынхан яагаад суллах болсноо олон нийтэд тайлбар хийх хэрэгтэй биз ээ.

Долоо настай Э хүү одоо хаачих вэ?

Э хүү одоогоор эмнэлэгт байгаа. Хүүгийн биеийн байдлыг асуухаар ГСҮТ-д очиход хүүг Хүүхдийн төлөө үндэсний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв зэрэг олон байгууллагын төлөөлөгчид дахин хүчирхийлэлд өртөхөөс нь хамгаалж, хяналтдаа авсан гэлээ. Шөнө дөлөөр айлын хаалгыг цохиж, хүүхдээ тамлаж балмад үйлдлийг таслан зогсоосон тэр эмэгтэй энд бас дахин талархая.  Хэрэв тэр эмэгтэй зодуулж байсан хүүгийн ээжийнх нь хэлснээр айлын амьдралд оролцоод яах билээ хэмээн бодоод өнгөрсөн бол хүү өдий зэрэгтэй төр, түмний “хамгаалалтад” орохгүй байсан байх.

Биднийг эмнэлэгт очиход хүүг бие засах, хөдлөх бүрт нь ээж, нагац эгч хоёр нь дагаж, хүнтэй уулзуулахгүй,  юм яриулахгүй байгаа нь нь анзаарагдсан. Магадгүй хохирогч болсон хүүг  юм яриулахгүй байх нэг арга байж болно гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Магадгүй, хүү өмнө нь ч ингэж зодуулдаг байсан байж болзошгүй, тиймээс цагдаагийн байгууллага шалгаж, тогтоосны дараа эмч, Хүүхдийн эрхийг хамгаалах төв, цагдаагийн байгууллагаас тодорхой тайлбар өгнө гэлээ. Хүүхдийн төлөө газрынхан хүү, ээж хоёртой  ажиллаж байгаа бөгөөд хэрэв хүү өөрөө зөвшөөрвөл гэрт нь буцаах юм байна. Хүү гэртээ очихоос татгалзвал түүний улсын хамгаалалтад буюу асрамжийн төвд шилжүүлэх, ээж, хойд эцэг хоёрыг нь эцэг, эх байхаас нь татгалзуулах  гэсэн хуульд заагдсан өөр арга замууд бий гэлээ. 

За яахав, доод айлын эгчийн ачаар нэг хүүхэд аврагдчихлаа. Харин дахиад хүүхэд хүчирхийлэлд өртвөл яах вэ. Өнөөдөр ч гэсэн хэн нэгэн эцэг эх гэсэн нэрийн дор үр хүүхдээ тамлан зовоож, хүчирхийлэхгүй байх гэсэн итгэл байна уу. ГСҮТ-д долоо настай Э хүүг хүргэгдэж ирснээс хоёр хоногийн дараа 14 настай охин ээждээ зодуулж, гэмтэн ирсэн байсан. Эхнийх нь эдгээгүй байхад дараагийх нь өөрөө эмнэлэгт “Намайг авраач” гээд ирж байна. Өөр хэдэн хүүхэд ингэж хэлж чадахгүй зовж тарчилж байгаа бол. Эцэг эх гэдэг хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэхдээ тэр үүрэг нь “зодох, тарчлаах” гэсэн үг биш шүү дээ. Хүний эрх, эрх чөлөө гэж цээжээ дэлддэг ч хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгааг хэн гаргаж өгөх юм бэ?

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж