Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

2012: Дэлхий сүйрэхгүй

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэдэг яриа оны эхнээс л эрчтэй өрнөсөн. Одоо харин тэрхүү “сүйрлийн” өдөр хаяанд ирсэн байна. Энэ хэрээр дэлхий сүйрэх эсэх яриа улам сонирхолтой, хариулт шаардсан асуудал болж байна. Уг нь дэлхий сүйрэхгүй гэж эрдэмтэд нотолсоор байх атал хүмүүс эргэлзсээр байгаа нь хачин.

Хүн төрөлхтөний түүхэнд дэлхий сүйрэх тухай яриа 100 гаруй удаа гарч байснаас шинжлэх ухааны хөгжил дээд цэгтээ хүрсэн хорьдугаар зууны сүүлч, хориннэгдүгээр зууны эхээр 60 хувь нь дэгдсэн гэх статистик байна. Тэгэхээр дэлхий сүйрэх тухай яриа итгэл үнэмшилтэй, эрчтэй тархаж байгаагийн гол нөхцөл нь интернэтийн хил хязгааргүй ертөнц гэж үзэж болох юм. Харин энэ удаагийн цуу яриа юунаас үүдчихэв ээ? Энэ асуултад астрофизикч, шинжлэх ухааны гавьяат ажилтан Б.Лхагважав хариулахдаа “Түүхээс харахад хэн нэгэн ашиг хонжоо олох, аврагч, эсвэл эрдэмтний дүрд тоглох гэсэн сонирхлоор ийм яриа дэгдээсэн байдаг” гэж өгүүлсэн юм. Мөн хүмүүс шинжлэх ухаанд биш үзэгдэлд тулгуурласан мэдлэг дээр үндэслэн ийм яриа гаргадаг. Тэр нь хүмүүст ойлгомжтой, ойр буудаг учраас эрдэмтдийн ярианаас илүү итгэл үнэмшилтэй сонсогддог гэж тэрээр хэллээ.

Харин энэ удаад дэлхий сүйрэх тухай яриатай хоршиж байгаа арванхоёрдугаар сарын 21 гэх тоо хаанаас гарч ирэв? Үүнд ердөө ганц үндэслэл бий нь маяачуудын зохиосон цаг тооны бичиг энэ өдрөөр дуусч байгаа гэх мэдээлэл юм. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон маяачууд гэж хэн байсан юм бэ? Маяачууд бол төв Америкт үүсч хөгжиж, бөхсөн эртний соёл иргэншлийн эзэд юм. Тэдний сүмийн хананд үлдээсэн цаг тооны бичиг буюу календар 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусч байгаа нь эрин солигдох мөчлөгтэй давхцаж байгааг судлаачид анх 1975 онд гаргаж иржээ. Энэ асуудал тухайн үедээ эрдэмтэд, судлаачдын хүрээнд яригдаад өнгөрсөн байна. Гэтэл 2006 онд маяагийн соёл иргэншил, тэдний цаг тооны бичиг дэх арванхоёрдугаар сарын 21-нийг анхаарлын төвд авчирсан нэгэн ном хэвлэгдсэн нь “2012: Кетцалькоатель буцаж ирнэ” хэмээх ном байлаа. Мөн онд алдарт Мил Гибсоны “Апокалипсис” киногоо хийж,  2012 онд нээрээ юу ч юм болох нь гэдэг дохио олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн гэж зарим нь үзэж байна.

Одон орончдын тайлбарлаж байгаагаар энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд хоёр ч үзэгдэл болох юм. Нарны аймгийн гаригууд ойролцоогоор нарны нэг талд жагсах үзэгдэл энэ өдөр болох бөгөөд 300-400 жил тутамд энэ нь тохиолддог байна. Мөн дэлхийн нарыг тойрох хавтгай, дэлхийн эклиптикийн хавтгай өнцөг үүсгэхгүйгээр нэг шугамд давхцах үзэгдэл энэ сарын 21-нд болох аж. Энэхүү хоёр үзэгдэл мөн өдөртөө болоод өнгөрөх ба үүнээс үүдэж, ямарваа нэг нөлөө дэлхийн хүн амд мэдрэгдэхгүй гэж доктор Б.Лхагважав хэллээ. Гэхдээ нарны аймагт болж буй үзэгдлүүдээс улбаалаад дэлхийн соронзон оронд өөрчлөлт гарах, үүнтэй холбоотойгоор цахилгаан станц, эх үүсвэрт гэмтэл гарах явдал тохиолдож  байжээ. Тухайлбал, 1970-аад оны үед Канадад цахилгаан станц дэлбэрч байсан тохиолдол бий аж. Энэ удаад буюу арванхоёрдугаар сарын 21-нд ямарваа нэг өөрчлөлт мэдрэгдэхгүй гэж эрдэмтэд баталж байна.

Харин 21-нд болох хоёр хавтгай давхцах үзэгдэл эрин солигдох хугацааг тодорхойлдог талаар одон оронч, доктор Д.Баасанжав тайлбарласан юм. Нэг эрин нь ойролцоогоор 2500 жилийн давтамжтай тоолол бөгөөд маяачуудын календарь үүнийг тооцоолж гаргаснаараа онцлогтой аж.

Эрин солигдох нь хүн төрөлхтөнд ямар өөрчлөлт авчирдаг вэ гэдэг асуултыг одон орончдод тавих нь утгагүй байх. Эрин солигдоход ямар нэг онцгой үзэгдэл, эсвэл байгалийн гамшиг болдог талаар маяачуудаас эхлээд зарим нэг үндэстнүүд домог мэт ярьж ирсэн ч үүнийг үндэслэлтэй болгох нэг ч баримт, тайлбарыг  эрдэмтэд хэлж чадахгүй. Харин дэлхий сүйрэхгүй гэдгийг хангалттай олон үндэслэлээр баталж чадна гэдгээ эртэмтэд хэлж буй.

Монголчууд бумбын эрин, Майдар бурхны эрин гэхчлэн ярьсаар ирсэн. Эрин солигдох бүрт хүн төрөлхтөн оюун санааны хувьд шат ахин хөгжиж байх ёстой гэдэг итгэл үнэмшил үүний цаана яригддаг. Гэхдээ оюун санааны хувьд хөгжөөгүй, харанхуй мунхаг байлаа гээд дэлхий тэднийг шигшиж, сүйтгэнэ гэж зарим хүмүүс ярьж байгаа нь юу л бол?! Эрдэмтдийн хэлж байгаагаар ийм яриаг дэгдээж лекц унших, олон нийтийн анхаарлыг татах, аврагчийн дүрд тоглох гэсэн “бизнес” санаа үүний цаана нуугдаж байж болзошгүй нь үнэн байх.

Дэлхий сүйрэх тухай яриаг лам, зурхайч, мэргэч, зөн билэгтнүүд ихэвчлэн ярьж байгааг анзаарах амархан. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөөгийн нийгэмд тэднийг итгэж дагах хүмүүс байсаар. Тэд дэлхийн сүйрэл болж, энэ үеэр харанхуй нөмөрнө, гэрэл цахилгаан тасалдана гэхчлэн амтархан ярьж буй ч үнэн хэрэг дээрээ хэн нь ч өөрсдийгөө үхнэ гэж бодохгүй байгаа. Шинжлэх ухаан дэлхий сүйрэхгүй гэдгийг баталж байгаа учраас, бас үүнд итгэж буй учраас л тэд ямар ч айдасгүйгээр телевизийн дэлгэц дүүрэн инээмсэглэн байж сүйрлийн тухай ярьж байгаа хэрэг.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж