
Ийм үнэ цэнэтэй хувьсгалыг монголчууд бид чин зоригоор, цөлх ухаанаар бууны дуугүй, цусны толбогүй хийж чадсаан. Энэ хувьсгалын тугийг өргөж, тулгыг тулсан ардчиллын удирдагчдаас эхлээд уухайлж дэмжсэн, буухиалж өртөөлсөн монгол хүн бүр түүхэн баатрууд билээ. Баатрууддаа мэхийн ёсолъё.
1989 оны энэ цаг мөчид эхэлсэн ардчиллын цуглаан хүйтний эрч, цагийн хавчлагыг сөрөн эрх чөлөөний төлөөх тууштай тэмцлийг эхлүүлсэн билээ. Энэ тэмцлийг удирдсан, оролцсон, дэмжсэн хүн бүхэн “ардчилал” гэдэг үгийг сэтгэлийн дуудлага болгож, идэр есийн хүйтний эрчийг сааруулж, ирэх урин цаг руу тэмүүлж байсаан. Тэр халуун сэтгэл, өрнүүн тэмүүллийн дөл Сүхбаатарын талбайд цугласан олон мянган хүний зүрхэнд тэмцлийн оч бадрааж, шинэчлэл өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн Монгол даяар өрнөсөн билээ.
Ардчиллын төлөөх хөдөлгөөний нэгдсэн тэмцэл, анхны эрх чөлөөт хэвлэл, улс төрийн өлсгөлөн гээд амь бие, залуу насаараа дэнчин тавьсан тэр өдрүүд саяхан мэт санагдаж байна. Ардчилагчдад алдсан үе, гэнэдсэн цаг бий. Гэхдээ эрх чөлөөт нийгмийг цогцлоосон бахдам үйлсийг балласан, төр улсынхаа эрх ашгаас урвасан гутамшигт алдаа байхгүй ээ. Яагаад гэвэл бид тэмүүлж тэмцэж бий болгосон эрх чөлөөт нийгмээ буртаглах эрхгүй хүмүүс. Бидний тэмцэл үнэн байсныг Монголын өнгөрсөн түүх гэрчилнэ. Бидний тэмцэл үнэн байгааг Монголын өнөөдрийн түүх гэрчилнэ. Бидний тэмцэл үнэн байхыг Монголын маргаашийн түүх гэрчилнэ. Тэр үнэн та бидний зүтгэл, монгол түмний итгэл, монгол төрийн мөнх оршихуйгаар нотлогдох болно.
Цаг түүхийн саалтад ардчилсан хувьсгалын үнэ цэнэ улам тодрох учиртай. Ардчиллын мөнхийн бамбар Азийн Монголын өрнүүн хөгжлийг өртөөлөн гэрэлтүүлэх болтугай.