Сэтгүүлчдийг АНУ-д урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг АНУ-д урьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Олуулаа” клубээс сэтгүүлчдийг АНУ-д зохион байгуулж буй сургалтад хамрагдахыг урьж байна. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулах ажээ. Энэ талаарх мэдээллийг маргааш 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд очиж авч болох юм.

Сэтгүүлчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ирэх нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл бүтэн нэг сарын хугацаанд АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн чиглэлээр англи хэл эзэмшиж, Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллага болох CNN, NBC, Washington Post зэрэг байгууллагад дадлага хийж мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой. Мөн дэлхийн 48 орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж, хамтдаа оюутны байранд байрлах юм байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага бүр нэг сэтгүүлчийн материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан нийт 14 сэтгүүлчийг АНУ-д суралцуулахаар  илгээх төлөвлөгөөтэй ажээ.

“Олон улсын боловсролын Америк дахь консул” нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг гэжээ. 

Сургалтад хамрагдах сэтгүүлчид англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан, сэтгүүлч мэргэжилтэй байх зэрэг шаардлага тавих юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж