Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэсэгт энэ сарын 4-ний 00.45 цагт 18-р хорооны иргэн хүүхдээ зодож, байна хэмээх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийнхан очиход долоо настай Э-г түүний хойд эцэг болох Т зодож байсныг таслан зогсоож, баривчилсан. Т гэгч нь долоо настай хүүгийн ээжтэй хамт амьдраад гурван жил болж байгаа бөгөөд өмнө нь хүүг зодож байсан эсэх, хүчирхийлж байсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэлээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн I хэсгийн хэв журмын ахлах ажилтан М.Эрдэнэбилэг “Сэжигтэн Т-д Эрүүгийн хуулийн 181.3-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьж, шалгаж байгаа ч прокурорын байгууллага цагдан хорих шаардлагагүй хэмээн батлан даалтад гаргасан. Цагдаагийн байгууллагаас цагдан хорих хүсэлтийг дахин прокурорын байгууллагад гаргасан байгаа. Гэвч одоогоор хариу ирүүлээгүй байна” гэлээ.
Одоогоор Хүүхдийн төлөө газар, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв болон цагдаагийн байгууллагын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Хүүхдийн төлөө төвийн мэргэжилтнүүд эмнэлэгт ээлжлэн хонож, хүүг асарч байгаа юм байна.
Хүүхдийн биеийн байдал анх ирсэн өдрөөс хойш сайжирсан бөгөөд сэтгэлзүйн дарамтаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг мэргэжлийн үйлчилгээг үйлчилгээг Хүүхдийн төлөө газраас өгч байгаа аж. Одоо Хүүхдийн төлөө газраас цаашид хүүг гэрт нь буцаах уу, эсвэл улсын асрамжинд шилжүүлэх үү гэдгийг судалж байгаа юм байна. Ар гэрийн байдал болон цаашид хүү гэртээ очих сонирхолтой байгаа эсэхийг судалж, үүний дараа шийдвэрээ гаргах юм байна.
Харин түүний хойд эцэгт нь Эрүүгийн хуулийн дагуу 5-8 жилийн хорих ял оноож магадгүй юм байна.