Суданы нийслэл Хартум хотод өчигдөр их сургуулийн 400 гаруй оюутан оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ үеэр цагдаа нар болон оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал үүссэн байна. Оюутнууд өнгөрсөн долоо хоногийн эхээр оюутны сургалтын төлбөрөөс чөлөөлөх нөхцөлийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсаны дараа дөрвөн оюутан амь үрэгдсэнд Засгийн газрыг буруутган ийнхүү жагсчээ. Хэсэг оюутнууд өнгөрсөн долоо хоногийн эхээр эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Хартум их сургуулийн дөрвөн оюутан ор сураггүй болсон бөгөөд тэдний цогцсыг хотын өмнөд хэсгийн тариалангийн бүс нутгийн нэгэн шуудуунаас олсон аж. Одоогоор амь үрэгдсэн дөрвөн оюутны хэрэгт цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч оюутнууд үүнийг Засгийн газрын хийсэн хэрэг гэж үзсэн байна. Хартум хотод болсон оюутнуудын томоохон жагсаалын үеэр уурлаж бухимдсан эсэргүүцэгчид цагдаа нар руу мод, чулуу шидэж, “оюутнуудыг хөнөөнө гэдэг, үндэстнийг хөнөөнө гэсэн үг” хэмээн хашгирч байжээ. Мөн тэд замын хөдөлгөөнийг хааж, Засгийн газрын автобусыг шатаан танхайрсан байна. Харин тэдний эсрэг Хартум хотын цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан жагсагчдыг тараахыг оролджээ.
Б.АНХТУЯА