Хүний эрх-Монгол хүний үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Хүний эрх-Монгол хүний үнэ цэнэ

Арванхоёрдугаар сарын 12.  Энэ өвөрмөц тоотой өдөр би энэ дэлхийд ээж аавынхаа хайртай охин болон мэндэлжээ.  Мөн энэ өдөр анх  удаагаа  ээж болох хувь тавилант амьдралыг наддаа бэлэглэсээр хөөрхөн хүү минь энэ хорвоод мэндсэлсэн юм.  Хүү бид хоёрын төрсөн өдөртэй бараг л давхцан болдог нэгэн чухал өдөр бий. Энэ бол 12 сарын 10-ны өдөр. Энэ өдөр бол олон улсын хүний эрхийн өдөр.  Хүмүүн бид энэ хорвоод хүн болон мэндлэхдээ л жам ёсны эрхтэй төрдөг.  Хүний эрх гэдэг зүйл бидний хувьд хэн нэгнээс гуйж авдаг зүйл биш харин хүн болон мэндлэхэд бидэнд өгөгддөг жам ёсны бөгөөд заяамал эрхэм нандин зүйл. Тэрхүү заяамал, жам ёсны эрхэнд бидний амьд явах, эрүүл, аюулгүй амьдрах эрх ордог. Бид хэн нэгний боол, өмчлөл биш, бид хувь хүнийхээ хувьд хувь тавилангаа сонгох эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг нь хүмүүн бидний онцлог. Тэр тусмаа эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэн байна гэдэг бидний бахархал. Энэ бол бидний хувьд гайхамшигт хувь тавилан. Бид төр засгаа бүрдүүлэх, өөрийн дуу хоолой болгон төлөөллийн ардчиллаар дамжуулан элч төлөөлөгчөө хууль тогтоох засаглалд илгээх эрхээ хэн нэгнээс гуйдаггүй. Бид энэ эрхийг зүгээр л хэрэгжүүлдэг. Бид хэн нэгэн эрхтэн дархтныг хэнээс ч айхгүй, хэзээ бол хэзээ, хаана бол хаана шүүмжилж чаддаг. Тэгснийхээ төлөө мөрдлөг, хавчлага эдлэн шоронд суудаггүй. Манайд хэвлэлийн эрх чөлөөг хэн ч боож хаадаггүй. Харин ч тэдэнд байгаа эрх чөлөөнд бага зэрэг ёс зүй, хариуцлага үгүйлэгддэг. Монголчууд бид ийм л өвөрмөц эрхтэй, эрх чөлөөтэй ард түмэн. Энэ бол бидний бахархам хувь тавилан. Мэргэжлийн хэлээр хэлэх юм бол бидний иргэний ба улс төрийн эрх, эрх чөлөө баталгаатай болсон ч эдийн засаг, нийгэм, соёлын эрх маань төдийлөн баталгаатай болж чадаагүй.  Бидний хувьд Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ баталагаатай эдлэх эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдэж чадаагүй байгаа нь хаа сайгүй хариуцлага хүлээдэггүй, хууль хэрэгждэггүй явдлаар илэрч байна.  Манайд зөвхөн зам тээврийн ослоор гэхэд л 2011 онд 373 хүн алтан амиа алдаж, осолд өртөн эрэмдэг зэрэмдэг болсон 1093 хүн байна гэсэн судалгаа байна. Жилд дунджаар авто замын ослоор 36 хүүхэд нас бардаг, өдөрт дунджаар 3 хүүхэд гэмтэж бэртдэг байна. Ямар ч гэм зэмгүй балчир үрс маань автын осолд өртсөн 880 хэрэг өнгөрсөн онд гарч, ихэнх нь тахир дутуу болжээ. Үүний зэрэгцээ барилга, уул уурхай гээд олон салбарт харицлагагүй явдлаас болж олон сайхан алтан амь эрсдэж байна.

Монголчууд бид “хүний алтан амь” гэж ярьдаг. Би энэ нийтлэлийн эхэнд өөрийн болон хүүгийнхээ төрсөн өдрийн талаар дурдсан нь учиртай. Миний хувьд, миний хүүгийн алтан амь энэ хорвоогийн юу юунаас ч илүү үнэтэй, хамгийн эрхэм нандин. Түүнтэй яг нэгэн адил миний хүүгийн насны бяцхан охид хөвгүүд хариуцлагагүй нийгмийн золиос болон алтан амиа алдаж байгааг хараад зүрх минь шимширдэг.  Хүний алтан амь юугаар ч нөхөж баршгүй үнэ цэнэтэй. Бяцхан зүрхэндээ мөрөөдөл дүүрэн тээсэн тэр нялх амьтад хэнд ч буруу юм хийж амжаагүй. Тэдний амьдрах байсан он жилүүд, нийгэмд, гэр бүлдээ хийж бүтээх байсан баялагийг бид яаж хэмжих билээ? Тэдний дунд эх орныхоо нэрийг дуурсгах олимпийн аваргууд байсан ч юм бил үү? Тэдний дунд ирээдүйн сайхан ээж, сайн гэргий, аав байсан гэдгийг бодоход л хайран.  Энэ их зам тээвэр, барилга, уул уурхайн ослоор амь нас нь эрсдэж, мөн эрэмдэг болон үлдэж байгаа идэр насны олон сайхан эрчүүд, эмэгтэйчүүд байна.  Түүнчлэн гэмт хэргийн золиос болон алтан амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч буй хүмүүсийн талаарх тоо баримтыг сөхвөл 2010 оны гуравдугаар улиралд гэхэд л 994 хүн нас барж, 5175 хүн гэмтэж бэртжээ. Энэ бол манайх шиг цөөн хүн амтай улс орны хувьд бол эмгэнэл. 

Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагатай иргэний хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал яригддаггүй. Энэ нь Монгол хүний амь насыг үнэлэх, тэдний эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоход чухал хувь нэмэртэй байдаг.  Улс орнуудад хүнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг юм байна. Тэхээр Монгол хүний амь хэдэн төгрөгний үнэтэй вэ? Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ? Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэдэг асуултуудад бид хариулт өгөх цаг нь болсон.

Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн шинэ салбар хөгжиж байгаа юм байна.  Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр Монгол хүний амийг үнэлэх томёоллыг санал болгож буй юм. 

Үүгээр бол VSL \Value of Statistical Life\ буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасаж амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний нэг хүнд ноогдох дотоод нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлэн гаргадаг байна.  Энэ томёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая долларт хүрч байна.

 Дээрх томёоллоор Монгол хүний үнэлэмжийг одооо байгаа ДНБ-ээр бодоход 100 сая-с 300 сая болох боломжтой бөгөөд энэ нь манайд одоо үйлчилж буй практик болох нас барсан хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын 300 000 – 1 сая төгрөгтэй харьцуулахад том дэвшил юм.  Хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан байвал заавал төлүүлдэг мөртөө хүний алтан амийн хохирлыг нөхөн төлөхгүй байдаг нь буруу юм.  Хэдийгээр хүний алтан амийг ямар ч мөнгөөр хэмжих боломжгүй ч ядаж хүний амь насыг тодорхой хэмжээнд үнэлдэг болсноор Монгол улсад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх баталгаатай байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн нөлөөтэй үйл явц болох юм. Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан аж ахуйн нэгж, төрийн байгууллага мөнгөн хариуцлага үүрдэг болсноор нийгэм бүхэлдээ хариуцлагатай, соёлтой болох алхам тавигдана. Энэ үйл явдал Монголд эрх зүйн төдийгүй нийгмийн маш чухал хөгжил, дэвшлийг бий болгоно.

Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж