УИХ-ын гишүүн С.Бямбацогт хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр “Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай худалдаалсан. Гэтэл энэ мөнгийг ямар төсөлд, яаж зарцуулах нь тодорхойгүй байгаа. Бид дотоод, гадаадад гаргасан бондын хүүнд өдөрт нэг цэцэрлэг барих мөнгө төлж байна. Бонд бол ашиг биш өр учир МАН-аас хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Гэвч хяналт тавихын тулд бид байнгын хорооны гишүүдэд харъяалагдах, бүлэг байгуулах хэрэгтэй ч энэ боломжийг бүрдүүлж өгөхгүй байна” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт арьс ширний салбарыг дэмжих бондыг гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан импортоор сүүний хэрэгцээгээ хангаж байгаа энэ нөхцөлд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малчдад нэг литр сүү тутамд 500 төгрөгийн урамшуулал өгөх санал гаргаж байгаа. Үүнийгээ УИХ-д танилцуулна гэдгийг МАН-ын гишүүд хэлэв.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн талаар хэлэлцжээ. Энэ талаар “Засгийн газраас төрийн албадыг цомхон, чадварлаг, эмх цэгцтэй байхаар зохион байгуулж байгаа гэдэг. Гэтэл эргээд Засгийн газар маань агентлагийн тоог нэмэгдүүлж, өөрсдийн эрх ашигт тааруулан, хууль зөрчиж байна. Аймаг болгонд хөдөлмөрийн хэлтэс байгуулж, босоо удирдлагатай байх нь орон нутагт эрх мэдлийг чиглүүлэх хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж МАН үзэж байгаа” гэв.
Мөн намуудын төвшинд үл ойлголцсон асуудал үүсч байгаатай холбогдуулан улс төрийн намуудын хооронд ажлын хэсэг байгуулах хүсэлт тус намаас гаргасан аж. Хоорондоо зөвшилцөж, ойлголцох асуудлыг хууль зөрчихгүйгээр шийдвэрлэдэг байх хэрэгтэйг МАН-ынхан онцолсон. Энэ хүрээндээ гишүүдийн тангаргийг нь өргүүлэх, намын бүлэг байгуулах, орон нутагт намуудаас сонгогдсон Засаг дарга нарыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэж тэд үзжээ. Ингэж үл ойлголцол үүсч байгаа асуудалд парламентын төвшинд ажлын хэсэг байгуулан, асуудлыг шийдвэрлэх зорилготой байгаа талаараа хэлэлцсэн аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах асуултад хариулт авлаа.
-Ардчилсан намаас таван гишүүнийг тангараг өргүүлсний дараа УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэж, бүлэг байгуулах талаар шийднэ гэсэн. Танай нам энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Дэгийн тухай хуулийг хэлэлцэж чадахгүй байгаа гол шалтгаан нь Ардчилсан нам энэ асуудал дээр завсарлага авсантай холбоотой. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, манай намын 25 гишүүнд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийх боломжийг нь олгож өгөхийг бид хүсч байгаа. Хоёр эмэгтэй гишүүн тангараг өргөх нь маргаан байхгүй асуудал. Харин үлдсэн гурван гишүүний асуудлыг хэлцлийн хүрээнд шийднэ. Тиймээс хамгийн түрүүнд МАН-ын бүлэг байгуулах асуудлыг шийдэж өгөхийг бусад намуудаасаа хүсч байна.