Ус хамгаалах хөтөлбөртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Ус хамгаалах хөтөлбөртэй боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар   "Ус" үндэсний хөтөлбөрийг баталлаа.  
Хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Сэдванчиг төсөл хэрэгжүүлэхийн өмнө усны нөөцийг эхлэн тогтоодог байх, говийн бүс нутгийн газрын дорх ус хуримтлагдах геологи, гидрологийн тааламжтай нөхцөл бүхий бүс нутгуудад 1:100000 нь нарийвчлалтай дунд масштабын зураглалын ажил гүйцэтгэх, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх зорилгоор ашигласан усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх, томоохон ус хэрэглэгчдийн усны хэрэглээний норм, нормативийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан шинэчлэн мөрдөх зэрэг санал гаргалаа.
Гишүүн Р.Буд  нуур, гол мөрний  эрэг орчмын аялал жуулчлалын баазуудад агаарын бохирдлын асуудлыг яагаад орхисныг лавлаж байв. Мөн рашаан сувиллыг үр ашигтай ажиллуулах хүрээнд  Шаргалжуутын рашаан ямар байдалтай байгааг   тодрууллаа.Томоохон гол, тэр дундаа нийслэлийн дундуур урсдаг Туул голын нэрийг төсөлд бичилгүй үлдээсэн нь хариуцлагагүй хэрэг гэж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх голуудын нэрийг  бүгдийг төсөлд багтааж бичээгүй. Тэрнээс биш  бүх гол мөрнийг хөтөлбөрт хамруулсан. Нуураа биччихээд бүх голын нэрийг бичих болдог. Бүх голыг багтаахгүй бол манай нутгийн голыг бичээгүй байна гэх гомдол иргэдээс гарах учраас гол мөрний эрэг орчмын гэж төсөлд тусгасан байгаа. Рашааны хувьд өнгөрсөн жил тооллого хийсэн. Үүнийхээ хүрээнд зохих арга хэмжээг авч байгаа хэмээн хариулав. Булаг шандыг аймаг аймагт нь даалгаж өгчээ. Том жижгээс нь хамаараад 1-2 сая төгрөгийн төсөвт багтааж, булаг шандыг хамгаалуулах ажил хийж буйг Л.Гансүх сайд хэлэв.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж