“МАХН ЗГ-аас гарсан ч эвсэл задрахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

“МАХН ЗГ-аас гарсан ч эвсэл задрахгүй”

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж хурал хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.  “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-МАХН-ын зүгээс Засгийн газраас гарна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Танай намд энэ талаараа албан ёсоор мэдээлсэн үү?

-Бүлгийн хурал дээр энэ талаар санал бодол, мэдээлэл солилцсон. Эвслийг бүрдүүлж байгаа нэг нам нь дангаараа шийдэхгүй шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа гишүүддээ тодорхой чиглэл өгсөн юм байна. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурал хуралдаад тодорхой чиглэл өгвөл тэрийг нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг авч хэлэлцэх ёстой шүү дээ. Дэс дараалсан олон зүйлүүд байгаа. Одоогоор МАХН-ын албан ёсны тоот бичиг ирээгүй байна. Нэгэнт тийм шийдвэр гаргасан юм хойно бид тэрхүү шийдвэрийн талаар санал солилцсон. МҮАН-ын гишүүд удаа дараа мэдэгдэж байсныг мэдэж байгаа байх. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Засгийн газрын 100 хоногийг саяхан тэмдэглэсэн нь ард иргэд энэ Засгийн газарт итгэл хүлээлгэж болох юм байна гэсэн сэтгэлийг төрүүлсэн байх. Засгийн газрын бондыг гадаад зах зээл дээр борлуулаад явж байна шүү дээ. Энэ эх үүсвэрийг бүтээн байгуулалтын ямар үр дүнтэй төсөлд зарцуулах вэ гэдэг нь чухал юм. Хэрвээ Засгийн газраас гарлаа гэхэд би бүлэг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээ ажлаа үргэлжлүүлж хийгээсэй гэж хэлнэ. МАХН-ын гаргасан шийдвэр тухайн цаг үедээ л гаргасан шийдвэр байх.

-Удирдах зөвлөлийн хурлаа хэзээ зарлаж хуралдуулах вэ. Танай бүлгийн УИХ-ын гишүүний 11 дэх суудлын эзэн тодорхой бус байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг дэс дараатай ярилцана.

-МАХН-ынхан Засгийн газраас гарна гэвэл МҮАН яах вэ?

-Ийм тохиолдолд эвслийн бүлэг задарна гэж ойлгож болохгүй шүү дээ. МАХН-ын удирдлагууд бүлгээ бүрэн эрхийн хугацаандаа хадгална. Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн, хэн нь гаргахгүй. Эвсэл задрахгүй гэсэн үг.

-Гэсэн ч МАХН-МҮАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын гишүүд олонхи байдаг. МАХН хамтарсан Засгийн газраас гарах байр суурьтай байгаагаа ч илэрхийлээд байгаа шүү дээ?

-МАХН-МҮАН-ын Удирдах зөвлөл 23 гишүүнтэй. Үүнээс 15 нь МАХН, найм нь МҮАН-ын томилгоотой гишүүд байдаг. Тоон талаасаа асуудал оруулаад олонхи, цөөнх болоод гар өргөвөл МАХН олонхи болно. Гэхдээ бид улстөрийн болон ёсзүйн хувьд анхнаасаа ярилцлаж ойлголцсон нэг зүйл бол  тооны давуугаар гар өргөх бус, асуудлыг шийдлийг олж байна гэж тохирсон. Тоон талаасаа явбал МҮАН байнга цөөнх болно. Үүнээс болж МҮАН-ын бүлэг доторхи улстөрийн эрх ашиг хангагдахгүй байх тохиолдол гарна. Ийм учраас аль болох зөвшилцөл үүсгэж явья гэж тохирсон. Тэр талаасаа асуудлыг шийдэж болох байх.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж